Хятад улс энэ оны эцсээр энэ пуужингийнхаа сүүлийн туршилтыг хийх болно. Өнгөрсөн жил Хятадын цэргийн парадын үед харуулсан энэ зэвсэг Номхон далай дахь Хятадын армийн нөхцөл байдалд хувьсгал хийж, Вашингтоны зүгээс Тайвань, Хойд Солонгосын асуудалд оролцох чадварыг нь бууруулах болно. Түүнчлэн Хятадын 18,000 км урт далайн эргийн дагуу, олон улсын усанд явж буй АНУ-ын хөлгүүдийн аюулгүй байдалд нөлөөлөх болно. Цөмийн цэнэгтэй бөмбөгөөр онгоц тээвэрлэгчийг сөнөөх нь онолын хувьд боломжтой ч энэ нь дайн байлдааныг цөмийн төвшинд өрнүүлэх асуудал үүсгэх болно. Харин ердийн зэвсэглэлийн “Dong Feng 21D” нь хөдлөн явж байгаа байг ер бусын нарийвчлалтай онох чадвартайгаараа асуудлыг өөр байдалд оруулж байна.
Сүүлийн хорин жилийн туршид Хятадын цэргийн зардлын өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байгаа бөгөөд Хятадын тэнгисийн хүч Азийн хамгийн том нь болох зорилтын хойноос хөөцөлдөж байгаа ба Тайванийг нөлөөнийхөө хүрээнд оруулаад зогсохгүй цаашаагаа олон улсын тэнгисийн гол замуудыг хяналт, нөлөөнийхөө хүрээнд авахыг зорьж байна. Бээжин өөрийн нөлөөллийн хүрээнээс хол байхыг АНУ-д сануулсаар байгаа бөгөөд Шар тэнгис болон Хятадын зүүн болон баруун тэнгисийг зөвхөн өөрийн мэдлийн бүс гэж үздэг юм.
АНУ-Өмнөд Солонгос Хятадын хойд эрэг дэх Шар Тэнгист тэнгисийн цэргийн сургууль хийхийг хүчтэй эсэргүүцэж байсан бөгөөд 333 метр урттай, 6,250 далайчинтай АНУ-ын “USS George Washington” супер-тээвэрлэгчийн U.S.F-18 хөлгийн тусгалын зайд Бээжин багтахад хүрч байгаа нь өдөөн хатгалга гэж ярьж байсан юм. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын онгоц тээвэрлэгч Хятадын Шар Тэнгист ойртолгүй оронд нь Япон Тэнгисээр тойрч маневр хийсэн юм. Хятадын эрх баригчдын шахалтаас болж ингэж явсан гэдгийг АНУ-ын албаныхан үгүйсгэсэн бөгөөд хаагуур явж, ямар операцад оролцохоо Бээжингээр заалгахгүй гэж ярьж байсан. “Бид олон улсын усан дотор хаагуур ч явах эрхтэй” гэж хамтарсан цэргийн сургуулийг АНУ-ын талаас ахалсан Адмирал Даниел Клойд ярьж байсан.
Шинэ пуужин онгоц-тээвэрлэгчийн давуу байдлыг алга болгож болзошгүй байна. “АНУ Хятадын эх газарт ойртож цохилт өгч чадахаас өмнө Хятад АНУ-д алсын зайнаас цохилт өгөх боломжтой болж байж магадгүй байна. Түүнчлэн энэ нь АНУ-ын Тэнгисийн хүчин далайн давалгааны эзэгнэгч биш болж байгааг АНУ-ын бодлого тодорхойлогчдод үзүүлж харуулж сэтгэлзүйн нөлөө үзүүлж байна” хэмээн АНУ-ын “U.S. Naval War College”-ийн туслах профессор Тоши Ёошихара ярьж байна.
Хятад хангалттай олон тооны онгоц тээвэрлэгч хөлөг үйлдвэрлэж, шаардлагатай багийн бүрэлдэхүүнийг хөгжүүлж, сургалтууд өгч бэлэн болгох тал дээр АНУ-аас хэдэн арван жилээр хоцорч байна. Гэвч Бээжин одоо энэ чиглэлээр АНУ-г гүйцэх шаардлагагүй болж байгаа бөгөөд илүү хямдхан зардлаар бүтэх, оновчтой “Dong Feng 21D” АНУ-ын онгоц тээвэрлэгчдийг өөрийн хилээс холдуулж чадаж байна. Энэ талаар АНУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд Роберт Гейтс өнгөрсөн оны есдүгээр сард үг хэлэхдээ дурдаж байсан юм. Тэрээр “Хятад улс зэвсгийн шинэчлэлээ хурдтай хийж байна. Бид Хятадын хүчийг тооцоолохдоо сөнөөгчийн эсрэг сөнөөгч, хөлгийн эсрэг хөлөг гэсэн шугаман байдлаар биш, харин тэд манай армийн хөдөлгөөнийг хэр хорьж, стратегийн сонголтыг бууруулж байгаагаар тооцох ёстой” гэж ярьж байжээ.
Т.Бадрах