Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлч, сэтгүүлчид байгууллагад нь олон жил бугшсан асуудлыг илчилж буйгаа өнөөдөр /2020.11.06/ мэдэгдэв. Тэд байгууллагынхаа шилэн данснаас олж авсан баримтуудад үндэслэн Гүйцэтгэх удирдлага, Үндэсний зөвлөлийг огцруулахыг шаардаж байгаа юм. Гэхдээ зөвхөн удирдлагуудыг огцруулснаар эл асуудал шийдэгдэхгүй тул Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хуралд өргөн барьж, хэлэлцэх шаардлагатай гэдгийг онцлов.
МҮОНТ ЯЛСАН НАМЫН ДУУ ХООЛОЙ, НАМ ЗАСГИЙН ГАР ХӨЛ БАЙЖ ИРСЭН. ОДОО ХАНГАЛТТАЙ
МУСГЗ Ш.ГҮРБАЗАР:
-Монголын үндэсний олон нийтийн радио телевизид 40 жил ажилласан. Хэдийгээр сүүлийн дөрвөн жил чөлөөт уран бүтээлчээрээ ажиллаж байгаа ч цаг үргэлж байгууллагадаа санаа зовсоор ирлээ. Өнөөдрийн яригдаж буй Үндэсний зөвлөлийг огцруулах асуудалд дуугарахаас өөр замгүй. Заавал ярих ёстой асуудал мөн. МҮОНТ хэдий хүртэл нам засгийн гар хөл болж явах юм. Үүний дарамт, шахалтыг биеэрээ мэдэрч, мэдэж явсан хүн нь би. “Та хариулахгүй байж болно” нэвтрүүлгээрээ нам, засгийн дарга нарт загнуулж, дарамтлуулж явлаа. Зарим үед урьсан зочноосоо болж ажлаасаа хөөгдөх дээрээ хүртэл тулж байсан үе бий. Нэвтрүүлэгт оролцох зочдыг дарга нар мэдэх ёстой мэт хандлага байсан. Үүнээс ч өмнө Монгол Улс
Ардчилсан нийгмийн тогтолцоо руу шилжих тэр хэцүү цаг үед хэвлэл мэдээллийн ууган байгууллага болох МҮОНРТ-д дарамт шахалт ирж байсан үе бий. Гэхдээ бид язгуур эрх ашгийнхаа төлөө бууж өгөөгүй, энэ хүртэл ирсэн юм. Үүргээ ч сайн гүйцэтгэсэн. Цаашид Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гурван сая иргэнийхээ өмнөөс дуугарах үе ирвэл яах вэ. Одоогийн нөхцөл байдлыг нь харахад иргэдийнхээ өмнөөс, тусгаар тогтнолынхоо төлөө дуугарч чадахгүй нь.
Хэрэв эрх баригч нам буруу зүйл хийж байвал яах юм. МҮОНТ хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм. Тэгвэл ард түмэн яагаад татвар хураамж өгдөг вэ гэхээр хэрэгтэй цагт, хэрэгтэй үед, хэрэгтэй мэдээллийг өгч байгаарай гэж ард түмэн биднийг санхүүжүүлдэг. Иймд, МҮОНТ-д анхаарал хандуулах ёстой, Олон нийтийн радио телевизийн тухай хуульд шинэлчлэлт хийх шаардлагатай. Тиймээс энэ асуудалд УИХ, Байнгын хороо онцгой анхаарч асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэлээ.
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ГАДНА ОНРТ-ИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
МҮОНРТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.ПҮРЭВ:
-Ялсан намын томилгоогоор ирсэн удирдлагууд биднийг маш их хавчин дарамталж, үгээрээ байлгахыг оролддог явдал хэрээс хэтэрсэн. Бид чадвар муутай Үндэсний зөвлөл, Захирлуудын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинэ захирлын томилгоог олон нийтэд нээлттэй байдлаар томилуулах шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын зарыг нээлттэй зарладаг атлаа яг сонголт хийхдээ хаалттай явагддаг нь эргэлзээ төрүүлж байна.
Энэ бол зөвхөн удирдлага ажилтнуудын хоорондох үл ойлголцол, дотоод зөрчлийн асуудал биш гэдгийг тодотгоё. Өнөөдөр Олон нийтийн радио телевизийн тухай хуульд шинэчлэлт хийх шаардлага бидний өмнө тулгарч байна.
ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДОЛООН ГИШҮҮНИЙГ ОГЦРОХЫГ ШААРДАВ
Уран бүтээлчдийн төлөөллүүд өнөөдрийн мэдэгдлээрээ дамжуулан Олон нийтийн радио телевизийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн онцолсон юм. Мөн шилэн дансны мэдээлэлд эрх ашгийн зөрчилтэй Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг дараах үндэслэлээр огцрохыг шаардаж байгаа аж. Тухайлбал,
- Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр, Хайдавын Чилаажав нар 2018 онд Үндэсний зөвлөлийн зарим гишүүд болон Захирлуудын зөвлөлийн гишүүдтай хамт явж, 2189563.4 төгрөгөөр “Ninja warrior” шоу, Робокон-Улаанбаатар олон улсын тэмцээнийг явуулахаар болсон. Гэвч үр дүнгүй муу контент болжсон тул Үндэсний зөвлөлд байх чадамжгүй гишүүн хэмээн үзэж байгаа аж.
- 2014 онд шашин, түүх, уламжлал, ёс заншил чиглэлээр Дэндэвийн Нямсамуу томилогдсон. Үндэсний зөвлөлийн хуралд биечлэн оролцсон 2019 оны тавдугаар сард нэг удаа, энэ оны нэгдүгээр сард хуралдсан хуралдаанд ИБУИНВУ-аас ирж нэг удаа тус тус биечлэн оролцсон. Энэ нь ОНРТ-ийн 26.1.5 дэх заалтыг зөрчиж, эргэн татагдах нөхцөлийг хангасан, /Үндэсний зөвлөлийн гишүүн нь 6 ба түүнээс дээш сар хуралдаа биечлэн оролцоогүй бол Хяналтын зөвлөлийн санал болгосноор эргүүнэ татна гэсний дагуу/
- 2014 онд томилогдсон Балдангийн Энхмандах гишүүн гадаад харилцааны чиглэлээс томилогдсон. 2018 онд гэр бүлийн хүнээ Вьетнам болон Туркменстан улс, БНХАУ-д хийсэн ОНРТ-ийн удирдлагын түвшний уулзалт, хурал зөвлөгөөнүүдэд гэр бүлийн хүнээ дагуулж, эрх мэдлээ урвуулан ашигласан. Эл үйлдэлд хариуцлага тооцох, 2017-2020 онд Үндэсний зөвлөлийн даргын ажлыг хариуцлагагүй маш муу ажилласан гэж дүгнэж байна хэмээжээ.
Эдгээр нь МҮОНТ-д олон жил бугшсан асуудлыг зөвхөн нэгээхэн хэсэг ба жилд төвлөрдөг төсөв мөнгөний зарцуулалтыг тайлан мэдээнд ил тод тусгах, Үндэсний зөвлөл, Гүйцэтгэх удирдлагыг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулах ёстой гэх байр суурийг МҮОНТ-ийн Үйлдвэрчний эвлэл, уран бүтээлч, сэтгүүлчдийн төлөөлөл илэрхийлэв. Хэрэв энэ байдлыг өөрчлөхгүй бол МҮОНТ мөхлийн эрмэгт байна гэдгийг уран бүтээлч, сэтгүүлчид онцолсон билээ.
Холбоотой мэдээ