Америкчууд дараагийн ерөнхийлөгч хэн болохыг мэдэхийн тулд тэсэн ядан хүлээж байхад Кентаки мужийн нэгэн тосгон дөрвөн хөлтэй, үсэрхэг шинэ хотын даргатай болсноо тэмдэглэж байна.
Раббит Хаш нэртэй тус тосгон ердөө 12 барилгатай, хэдхэн зуун хүн амтай гэнэ. Мөн тэд тосгоны даргаараа нохой сонгож байгаа нь анхны удаа биш гэнэ. Тосгон хэдийн 20 гаруй жил нохойгоор удирдуулжээ.
Уг тосгон хамгийн анх 1998 онд хотосгоны даргаараа нохой сонгосноос хойш өнөөг хүртэл өөр гурван ч нохойг тосгоны дарга болгожээ. Энэ удаагийн тосгоны дарга тав дахь нь аж.
Сонгууль энэ долоо хоногт болж, Уйлбур Бийст нэртэй франц бульдог түүхэндээ хамгийн олон 13143 санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Сонгуулийн үр дүнг тосгоны элчин сайд Лэйди Стоун хэмээх хар, цагаан зүстэй нохой цахимаар зарлаад, болсон үйл явдлыг энэ жилийн хамгийн чухал сонгууль хэмээн онцолжээ.
Гэвч шинэ албан тушаалаасаа үл хамааран Уйлбур тосгонд хууль тогтоох ямар ч шийдвэр гаргах үүрэггүй юм.
Тосгоны даргын сонгууль бол сонгууль гэхээсээ илүү хандив босгох үйл ажиллагаа юм. Сонгуульд өөр хотынхон ч гэсэн оролцож болох бөгөөд тосгоны хандивын дансанд орсон нэг ам.доллар бүрийг нэг санал хэмээн үздэг гэнэ. Тийнхүү цугларсан мөнгийг тосгоны тэмдэглэлт үйл явдал, барилга байгууламж барих зэрэгт зарцуулдаг аж. Харин энэ жилийн сонгуульд нийт 22000 санал ирж дээд амжилт тогтоожээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ