Э.Батбаяр: Ерөнхийлөгч С.Батхүлэгийг томилохоос татгалзвал өөр нэр оруулна

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

Э.Батбаяр: Ерөнхийлөгч С.Батхүлэгийг томилохоос татгалзвал өөр нэр оруулна

Э.Батбаяр: Ерөнхийлөгч С.Батхүлэгийг томилохоос татгалзвал өөр нэр оруулна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн бол хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож, нэрээ татахыг шаардаж хоёр долоо хоног өнгөрч байна.

Өнгөрөгч Лхагва гаригийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр оруулж ирсэн ч гишүүдийн олонх нь танилцахгүй гэдгээ илэрхийлж, хуралдааныг орхин гарсан.

Үндсэн хуульд Улсын Дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д  танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэж заасан. Хэрэв УИХ-ын гишүүд нэр дэвшигчтэй танилцахгүй бол яах вэ гэдэгт хуулийн заалт байхгүй,өмнө нь ч  ийм асуудал гарч байгаагүй аж.

ТИЙМЭЭС ЭНЭ АСУУДЛААР ТАЛУУДЫН БАЙР СУУРИЙГ АВЛАА.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр :

 -УИХ-ын чуулганы хуралдаанаар УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг танилцуулна. УДШ-ийн шүүгчийг томилдог субъект нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Хэрэв Ерөнхийлөгч томилохоос татгалзвал С.Батхүлэгийн оронд өөр нэр дэвшигчийг оруулж ирнэ. Түүнээс биш УИХ-ын байнгын хорооны гишүүд нэр дэвшигчтэй танилцаагүй гэдгээр дараагийн хүнийг оруулах боломжгүй. Яагаад гэвэл Улсын Дээд шүүхийн шүүгчийн томилгоонд УИХ оролцдоггүй, дэмжсэн, дэмжээгүй гэж санал хураадаггүй ийм л хуулийн процесстой. Зөвхөн томилох эрх нь Ерөнхийлөгчид бий. Ерөнхийлөгч татгалзсан тохиолдолд бид хуралдаад нөөцөд байгаа хүмүүс дотроос олонхийн санал авсан хүнийг нэр дэвшүүлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилдог. Ерөнхийлөгч УИХ-д танилцуулахгүйгээр томилох эрхгүй. Тэгвэл Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн Цэц дээр очно гэсэн үг. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл  Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн байдалд оруулахгүй байх. Ерөнхийлөгч ч гэсэн Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх гэж бодож байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Иргэд луйварчнаас намайг хамгаалах байх гээд  шүүх дээр очдог. Харин луйварчдыг нь хамгаалаад гаргачихдагт тэд цөхрөөд байгаа юм. Бид шударга ёсны тухай ярьдаг боловч эцсийн дүндээ бүх юмны үнэн зөв нь шүүх дээр очиж тогтоогддог. Хуулийн шаардлага хангахгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Дээд шүүхийн шүүгч бол Үндсэн хуульд заагдсан албан тушаал юм. Нэгэнт хуулийн шаардлага хангахгүй, ёс зүйн талаасаа хангахгүй байгаа учраас Э.Батхүлэг таныг нэрээ татахыг хүсч байна. Үүнд ялгаварлан гадуурхах асуудал байхгүй. Биеэ даасан байр суурьтай хүн бол биш байна.

Үүнийг хэлэлцүүлж болохгүй УИХ-ын босго өндөр байх ёстой. Хувь хүний хувьд биш нийгмийн ач холбогдолтой зүйл юм. Энэ нь Дээд шүүхэд шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч, нийтийн эрх ашгийг хөндөж байна. Бидний хүүхдүүдийн ирээдүйн хувь заяаг хөндөж байгаа учраас нэрээ татахыг хүсч байна. Нэр дэвшигч С.Батхүлэг  хуулийн шаардлага хангахгүй.

ХУУЛЬЧ Б.МЭРГЭН:

-Улсын Дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д танилцуулахад УИХ тухайн нэр дэвшигчээс татгалзах эсвэл дэмжих санал өгөхгүй. Танилцуулах л хуультай. Гэтэл танилцуулах процесст нь нэр дэвшигчийг түдгэлзүүлчихээр зөрчил бий болж байгаа юм. Энэ тохиолдолд хэрхэх вэ гэдэг практик болон  хуулийн тайлбар нь ч алга. Яаж шийдэх үү гэдгээс хамаарч дараагийн практик нь болно гэсэн үг. Засгийн газрын гишүүнийг томилохдоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд долоо хоногийн дотор хариу өгөхгүй бол шууд Ерөнхий сайд томилоод явдаг хуультай. Гэтэл яг үүн шиг Улсын Дээд шүүхийн шүүгчийг танилцуулахаар байнгын хороонд оруулахад хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцно гэсэн хуулийн зохицуулалт алга. Ерөнхийлөгч томиллоо гэхэд хууль зөрчсөн гээд Үндсэн хуулийн Цэц дээр очихыг үгүйсгэхгүй.

ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Улсын Дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно. Хууль зүйн байнгын хороо С.Батхүлэг нэр дэвшигчтэй танилцаагүй, танилцахгүй гэдгээ ч хэлсэн. ШЕЗ өөр хүний нэрийг оруулж ирэх байх.

Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Сүхдоржийн Батхүлэг гэж хэн бэ

Тэрбээр нь 1978 онд Ховд аймагт төрсөн, 42 настай, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Сэлэнгэ аймгийн 4 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1997-2002 онд ОХУ-ын Кубанийн Их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2012-2013 онд Австрали улсын Квисландийн төв их сургуульд менежментээр мастер, 2005 онд ОХУ-ын Краснодар хотын Их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалсан. 2002-2005 онд "Мандваа" ХХК төслийн менежер, 2006 оны нэгээс гуравдугаар сард Улс төрийн боловсролын академид судлаач багш, 2006-2011 онд "Голомт банк" ХХК-ийн Хуулийн хэлтэст хуульч, Хуулийн хэлтсийн захирлаар, 2013-2015 онд "Голомт" банкны Удирдлагын ажлын албаны зөвлөхөөр, 2015 оноос одоог хүртэл "Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх" ХХН-д хуульч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Нэр дэвшигч С.Батхүлэг нь Улсын Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхий мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 78.36 оноо авчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж