"МИАТ" компанийн дөрвөн төлөөлөгч Герман улсад COVID-19-ийн халдвар авч, гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад “Герман улсад “МИАТ" компанийн дөрвөн төлөөлөгч COVID-19-ийн халдвар авсан нь тогтоогдсон. Цар тахлын дэгдэлт Европт өндөр байгаа учраас шууд эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй байгаа. Тийм учраас тус компанийн дөрвөн төлөөлөгч гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдож, заавар зөвлөгөө авч байна. Монголоос эмчилгээнд шаардлагатай эм, тариаг явуулсан” гэв.
Тэдний биеийн байдлын талаар "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс тодрууллаа. Тэрбээр “Манай компанийн дөрвөн төлөөлөгч Германд COVID-19-ийн халдвар авсан нь үнэн. Цар тахлын мэдээ мэдээллийг Монголд хүндээр хүлээн авч байгаатай холбоотойгоор тухайн хүмүүс мэдээллийг нууцлахыг хүссэн юм. Бидний зүгээс халдвар авсан төлөөлөгчидтэй байнгын холбоотой байгаа. Одоогоор дөрвөн төлөөлөгчийн биеийн байдал сайжирч, зовиургүй болсон.
Тэдний нэг хүнд огт халдварын шинж тэмдэг илрээгүй. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдож, заавар зөвлөгөө авч байгаа. Уламжлалт эмчилгээний эм, танг Берлин рүү ниссэн онгоцоор явуулсан. “МИАТ” компанийн таван төлөөлөгч Герман улсад оршин суудаг. Үлдсэн нэг хүн нь халдвар аваагүй. Герман дахь төлөөлөгчийн газар хамгийн сүүлд аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцыг хүлээн авсан. Төлөөлөгчдийн хувьд зөвхөн эх орноосоо ирж буй тусгай үүргийн онгоцыг хүлээн авдаг. Герман улсад цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж, гадуур хөл хорио тогтоогоогүй байгаа” гэдгийг хэлсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ