Улаанбаатарт 8.0 хүртэлх магнитуд газар хөдлөх эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8.0 хүртэлх магнитуд газар хөдлөх эрсдэлтэй

Улаанбаатарт 8.0 хүртэлх магнитуд газар хөдлөх эрсдэлтэй

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км-ийн зайд, Оросын нутаг дэвсгэрт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдсэн.  Монголчуудын тэн хагас нь төвлөрөн амьдардаг Улаанбаатар хот газар хөдлөлийн эрсдэлтэй бүсэд ордог. Тиймээс муугаар бодоход, хүчтэй газар хөдлөлийн үед нийслэл хот хэр бэлэн байдалд байдаг вэ гэсэн асуулт тавигдаж буй юм.

Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр Улаанбаатарын 1950 оноос өмнөх барилгууд газар хөдлөлтийн чичирхийллийг тооцоолоогүй баригджээ. Харин 2000-аад оноос хойш барилга барихдаа газар хөдлөлтийн чичирхийллийг тооцож, эрсдэлийн үнэлгээг хийдэг болсон аж. Мэргэжлийн байгууллагууд зохих дүрэм, журам шаардлагын дагуу хяналт, шалгалтыг хийж онцгой комисс хүлээж авдаг бөгөөд шаардлага хангаагүй барилгуудад зөвшөөрөл олгодоггүй гэсэн тайлбарыг албаны хүн өглөө. Улаанбаатар хотод баригдсан барилга мэргэжлийн байгууллагын үнэлгээний шалгалтад бүдэрсэн тохиолдолд тэдгээрийг нураах уу, эсвэл хэвээр нь үлдээх үү гэдэг өнөөдөр ч маргаан дагуулсан хэвээр аж.

Одон орон судлалын хүрээлэнгээс газар хөдлөлтийн давтамж, эрсдэл Монголд улам нэмэгдсээр байгааг анхааруулсан юм. Улаанбаатар хотыг тойроод том хагаралууд үүссэн, нийслэлд хэзээ нэгэн цагт хүчтэй газар хөдлөх эрсдэл хэдийнэ бий болсон байна. Гэхдээ яг хэзээ, ямар хэмжээний газар хөдлөлт болохыг урьдчилж мэдэх боломжгүй гэв.

ГОЛОМТОД ХОЁР ӨДӨР ДАРААЛАН ГАЗАР ХӨДӨЛСӨН

Монгол Улсын хэмжээнд 100 гаруй мэдрэх чадвар бүхий станцууд үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ зарлан мэдээлэл хүргэх  дуут дохиоллын 60 цамхаг, 42 чичирхийлэл мэдрэх станц байдаг аж.  Эдгээрээс Ховд, Булган, Сэлэнгэ зэрэг 12 аймагт байнгын ажиллагаатай салбарууд ажиллаж байна. Ингэснээр 21 аймаг, нийт сумдын хэмжээнд 24 цагийн турш хяналт тавин ажилладаг болохыг Одон орон, геофизикийн газар хөдлөл судлах салбарын эрдэм шинжилгээний мэргэжилтэн Э.Номин-Эрдэнэ ярилаа.

-Өчигдөр Оросын нутагт дэвсгэрт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ.  Тэгэхээр Монголд газар хөдлөлийн эрсдэл улам нэмэгдсээр байна гэсэн үг үү?

-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км-ийн зайд Оросын нутаг дэвсгэрт өчигдөр  эхлээд 08:42 цагт 4.5 магнитуд, дараа нь 11:01 цагт 5.4 магнитуд газар хөдөлсөн. Чичирхийлэл Улаанбаатарт хотод мэдрэгдсэн нь үнэн. Тухайн цэг газар хөдлөлтийн голомт идэвхтэй бүсэд хамаардаг. Тухайлбал,  өмнөх өдөр нь буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 10:30 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.

-Иргэд Улаанбаатар хотод газар хөдөлсөн гэж ташаа ойлгоод байна?

-Нийслэлчүүдэд хандаж хэлэхэд Улаанбаатар хотод газар хөдлөөгүй. Тухайн орчны тиктоник хөдөлгөөн, геологийнх нь нөхцөлөөс хамаараад тэр бүс нутагт хуримтлагдах энерги нь идэвхжиж, хөдөлгөөнд орж байна гэсэн үг. Тэрхүү доргилтын хий Сэлэнгэ аймаг болон нийслэлийн зарим газар мэдрэгдсэн.

-Газар хөдлөлт болох эсэх талаар иргэдэд урьдчилж мэдээлэх боломж байдаг уу?

-Одоогоор дэлхий нийтэд газар хөдлөлтийн гамшгийн урьдчилан  мэдэх боломжгүй байгаа ч судалгааны ажил олон улсад үргэлжилж байна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Япон улсын хувьд чичирхийллийн долгионыг байнгын хянаж, муж бүрт хянах станц байдаг. Японтой харьцуулахад Монгол Улсад газар хөдлөлтийн эрсдэл бага гэж үздэг ч гамшиг үзэгдэл тохиолдох давтамж нь ихэсч байгаа.

Газар хөдлөлтийн голомтод хүчтэй чичирхийлэл үүсвэл  мэдрэх станц хиймэл дагуулаар дамжуулан 30 секундын дараа Улаанбаатар хотын  зарлан мэдээллийн цамхагуудад  мэдрэгдэж, иргэдэд анхааруулах дохио болон бусад хэрэгслүүдээр мэдээлэл дамжуулдаг ёстой. Хотоос 100 км-ийн радиуст газар хөдөлбөл урьдчилан анхааруулж, мэдэгдэх боломж байхгүй. Тэгэхээр нийслэлийн иргэд тус бүртээ газар хөдөлсөн тохиолдолд аюулгүй байдалдаа анхаарч, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх нь зөв юм.

-Улаанбаатарт хамгийн дээд тал нь хэдэн  магнитудын хүчтэй газар хөдлөлт болно гэсэн урьдчилсан судалгаа хийж үзсэн үү?

-Манай хүрээлэнгээс газар хөдлөлийн бичил мужлалын зураг гэж гаргадаг. Энэ зураг нь олон жилийн статистик мэдээнд үндэслэн тухайн газар нутагт газар хөдлөх эрсдэл ямар байгаа магадлалыг харуулдаг. Улаанбаатар хот одоогийн байдлаар 8.0 хүртэлх магнитудын газар хөдлөлт болох магадлалтай гэсэн тооцоолол бий. Монголд 1905 онд Завхан, Хөвсгөл, Увс, Булганы нутгийг хамарсан урт цуурал үүсгэсэн 8.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан түүх бий. 370 км газар хагараад, цуурна гэхээр гамшигт үзэгдэл болж байсан гэсэн үг. Дараа нь 1957 онд газар хөдөлж, 250 км газар цууралт үүссэн. Газар хөдлөлтийн эрсдэл хохирол учруулахдаа байдаг. Тиймээс хтоын төлөвлөлт, стандартын дагуу баригдаагүй барилга байгууламж их байвал гамшигт үзэгдлийн эрсдэл өндөр байна.

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо нэмэгдэж байна. Хэрэв бид газар хөдлөлтийн аюултай бүсэд амьдарч байвал юуг анхаарах ёстой вэ?

-Иргэд эрсдэлтэй бүс нутагт амьдарч байгаагаа харгалзаж, гамшгаас сэргийлэх дадлага сургуулилтад идэвхтэй оролцох нь зүйтэй. Байгалийн гамшигт хэлж ирдэггүй учир хүн бүр гэнэт учрах эрсдэлтэй нүүр тулбал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах мэдээлэлтэй байх нь онцгой үүрэгтэй. Гамшгаас хамгаалах сургуулилалтад жил болгон хамрагдах нь чухал.

-Газар хөдлөлтийн эрсдэл улам өсч байна гэлээ.  Ер нь жилд Монголд хэчнээн удаа газар хөдлөлт болдог вэ?

-2020 он гарснаас хойш манай оронд хилийн зурвасын ойролцоо нийт 54691 газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс 37747 нь Монгол орны нутаг дэвсгэрт болсон. Харин 3.5 магнитудын хүчтэй буюу иргэд, олон нийтэд чичирхийлэл мэдрэгдсэн 53 удаагийн статистик байна. Ер нь бол нэг өдөрт л гэхэд Монгол Улсад 200 гаруй чичирхийллийн дохио станцад ирдэг байгаа. Тиймээс иргэд олон нийт болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Харин иргэдийн хувьд газар хөдлөлтийн мэдээлэл, мэдлэгтэй байгааг сонирхсон юм.

Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн ажилтан С.Цэнд:

-Одоо баригдаж байгаа барилгуудын чанар дээр үед оросуудын барьсан барилгатай харьцуулах хэмжээнд биш. Зай талбай, материал хэмнэх гэж чанаргүй барилгын материалаар өнгөн хэсгийг нь хучаад орхичихдог. Нэг удаа хүчтэй газар хөдөлбөл цав үүсээд цуурч мэднэ. Бид чинь гамшгийн зовлон үзээгүй улс шүү дээ. Тиймээс газар хөдлөх эрсдэлтэйг нийтэд тогтмол сануулж байх нь зүйтэй болов уу. Туршилтын сургуулилалт хийж, эсвэл хүүхэд хөгшидгүй анхааруулах дохиог өгч байхгүй бол өндөр барилга дотор байгаа хүмүүс цахилгаан шатаараа ч бууж амжихгүй сүйдэж мэднэ. Тиймээс цахим хуудас, радио зэрэг хэрэгслээр анхааруулах, урьдчилан сэргийлэх ойлголтыг хүргэх хэрэгтэй.

 

Оршин суугч А.Дулам:

Миний хувьд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэрч байсан удаа байхгүй. Хэрэв газар хөдлөлт боллоо гэж тооцож үзвэл онцгой байдлын байгууллага л хүмүүсийн амь насыг хамгаалах ёстой гэж боддог. Гэхдээ гамшиг тохиолдвол бүх иргэнээ хамгаалж, хүрч ажиллаж чадахгүй байх. Иргэдийн хувьд мэдээлэл багатай байдаг. Тийм  учраас мэргэжлийн байгууллагууд явуулж буй сургалт дадлагуудаа олшруулж, түүнд хандах залуусын  идэвх оролцоог нэмэгдүүлэх нь зөв гэж бодож байна.

 

 

 

 

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРСАН ҮЕД ТА ЯАХ ВЭ?

Монгол Улс “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюул,  эрсдэлийг олон нийтэд таниулахад ахиц гарчээ. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулдаг. Нэг дэх дохио дуугарахад, “Суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээх хэрэгтэй. Хэрэв гудамжид явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү гэсэн дохио. Хоёр дахь дохио дуугарахад, албан байгууллага болон гэрээсээ толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орохдоо баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрэм баримтлан байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларах ёстой байна. Харин гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу гэсэн дохио. Тэгвэл гурав дахь дохио дуугарахад, өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү гэсэн мэдээллийг дамжуулдаг байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж