Танилц: Дэлхийн ТОП 5 Ботаник хүрээлэн | News.MN

Танилц: Дэлхийн ТОП 5 Ботаник хүрээлэн

Танилц: Дэлхийн ТОП 5 Ботаник хүрээлэн

Ботаник хүрээлэн гэдэг ойлголт нь одоогоос 3,000 орчим жилийн өмнө Египтэд үүссэн боловч шинжлэх ухааны зорилготой дэлхийн анхны ботаник хүрээлэн 16-р зуунд Итали улсын Пизагийн Их Сургуульд байгуулагдсанаар дэлхий нийтэд тархаж эхэлсэн байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд ботаник хүрээлэнгийн хөгжил, ач холбогдол ихэсч одоогоор жилд 500 сая хүн аливаа нэг ботаник хүрээлэнгээр зочилдог гэсэн тоо байдаг.

Ботаник хүрээлэнгийн гол зорилго нь ховордсон мод, бут, ургамал зэргийг ургуулж, төрөл зүйлийг хадгалан авч үлдэхэд оршдог. Энэхүү мэдээллээр Дэлхийн хамгийн шилдэг Ботаник хүрээлэнгүүдийг танилцуулж байна.

Kirstenbosch National Botanic Garden

Өмнөд Африк, Кэйп Таун

Өмнөд Африкт байрлах энэхүү Ботаник хүрээлэн нь дэлхийн шилдгүүдэд зүй ёсоор багтдаг. Нийт 5.3 квадрат километр газарт 7,000 гаруй нэр төрлийн ургамалтай энэхүү хүрээлэн нь 107 жилийн настай. Дугуйн зам, хайкинг хийх жим, модны орой дундуур алхах 130 метр урт гүүрэн зам, пикник хийх тусгайлсан бүс байхаас гадна бүхий л төрлийн үйлчилгээний төвүүд нэг дор төвлөрч байдгаараа онцлогтой.

Singapore Botanical Gardens

Сингапур улс

160 жилийн түүхтэй энэхүү ботаник хүрээлэн нь ботаник хүрээлэнгүүд дундах Диснэйлэнд гэж хэлэгддэг. Чийглэг орчинд ургадаг дэлхийн бүх төрлийн ургамалтай энд танилцах боломжтой. Зөвхөн Цахирмаа цэцгийн хүрээлэнд нь гэхэд 1,000 орчим төрөл зүйл, 2,000 орчим дэд төрлүүд байдгаараа онцлогтой.

Arctic Alpine Botanical Garden

Норвег улс, Тромзо

Жил бүрийн 5-р сард нээгдэж, 10-р сард хаагддаг Тромзо хотын Их Сургуулийн эзэмшилд байдаг энэхүү ботаник хүрээлэн нь онгон байгалаараа ургаж буй олон төрлийн ургамлыг нэг дор агуулж байдгаараа бусад хүрээлэнгүүдээс ялгаатай. Онгон байгальд ургаж байгаа хүйтэн бүсийн ургамалтай танилцахад хамгийн тохиромжтой үе нь 6-р сар юм.

Kew Gardens

Англи улс, Лондон

Хотын төвөөс ердөө 30 минутын зайд орших энэхүү ботаник хүрээлэн 1759 онд байгуулагдсан бөгөөд нийт 50,000 орчим нэр төрлийн ургамал байдаг. Төрөлжилтөөрөө гайхагддаг энэхүү хүрээлэнд Лондон хотын бужигнасан амьдралаас түр ч болтугай зугтах зорилгоор жуулчин гэхээс илүүтэй оршин суугчид нь ихээр зочилдог байна.

Ryoan-ji temple

Япон улс, Киото

Хулс мод болон бонсайгаар дүүрэн энэхүү хүрээлэн нь ургамлын төрөл зүйлээс гадна эртний хөшөө, баримал болон түүхэн газруудаараа онцлог. Хэрвээ та Киото хотоор аялахаар төлөвлөж байгаа бол амар тайвныг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжтой энэ газрыг заавал зорьж үзээрэй.

Монголын анхны Ботаник парк 2021 оны 2-р улиралд ашиглалтанд орно

Нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар Мишээл групп ХХК, түүний 100 гаруй харилцагч компаниуд хамтран Мишээл Экспо төвийн урд Туул голын эрэг дагуу 11 га талбай бүхий “Байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн”-г нэг ч мод, бургас хөндөхгүйгээр байгалийн жимийг ашиглан тохижуулж байна. Уг ажлын Архетектор, Ландшафт төлөвлөлтийг Япон улсын Chiba Их Сургуулийн доктор Ogata Motomu хийж гүйцэтгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж