АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн албан ёсоор гарч амжаагүй байна. Харин Конгресс, Сенатын байдал өмнөх жилүүдийнхтэйгээ адилхан хэвээр байх бололтой. Жишээлбэл, Нэнси Пелоси тэргүүтэй хөгшин улстөрчдийг иргэд дахин дахин сонгосоор албан тушаалд нь хэдэн арван жил суулгаж байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй хэд хэдэн хүмүүс өмнө нь улс төрд суух хугацааг нарийн зааж, хязгаарлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч тэр санаа нь хуулийн төсөл биш, ердөө нэг маргааны сэдэв болоод үлдсэн юм. Дээрх санаачлагыг ихэвчлэн дээд танхимд маш удаан суусан хөгшин улстөрчид эсэргүүцэж, үгүйсгэжээ. Улмаар АНУ-ын улс төрд шинэ, эрч хүчтэй, залуу улс төрчид орж, өрсөлдөх боломжгүй болоод удаж байна.
КОНГРЕСС
Калифорнийн төлөөлөгч Нэнси Пелоси тойрогтоо бараг 80 хувийн санал авч амархан ялсан. Тэрбээр өдгөө 80 настай бөгөөд 1987 оноос хойш конгрессийн спикерээр ажиллаж байна.
Калифорнийн төлөөлөгч Грейс Наполитано суудалдаа үлдэх бололтой. Одоогийн байдлаар тэрбээр улстөрч Жошуа Скоттой өрсөлдөж, 66 хувь ба 34 хувийн зөрүүтэйгээр ялж байгаа юм. Наполитано конгресст 1999 оноос хойш сууж байгаа бөгөөд 90 хүртлээ явахгүй шинжтэй байна.
Нью Жерсигийн төлөөлөгч Билл Паскрелл мөн суудалдаа үлдэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Паскрелл өрсөлдөгч Билли Премпег 67 хувь ба 30 хувийн саналын зөрүүтэйгээр тэргүүлж яваа юм. 1997 оноос хойш Нью Жерсиг төлөөлж буй тэрбээр одоо 83 настай бөгөөд 90 хүртлээ буухгүй нь бололтой.
Флоридагийн Алси Хастингс 80 хувийн саналаар ялалт байгуулав. Хастингс 1992 оноос хойш Флоридаг төлөөлж байна. Тэр өдгөө 84 настай бөгөөд мөн л 90 хүртлээ суух бололтой.
Техасын төлөөлөгч Эдди Бернис Жонсон тойрогтоо үнэмлэхүй ялалт байгуулсан байна. 1993 оноос хойш конгресст сууж буй Жонсон өнөөдөр 84 настай бөгөөд 90 насныхаа төрсөн өдрийг ч конгресст хийх шинжтэй.
Харин Бүгд найрамдах намын хувьд Аляскын сенатор Дон Янг ч мөн 90 хүртлээ конгресст суух шинжтэй байна. Тэрбээр тойрогтоо Ардчилсан намын Алис Галвинтай өрсөлдөж, 64 хувь ба 36 хувийн саналаар ялсан юм. Янг 1973 оноос хойш суудалдаа сууж буй. Тэрбээр төлөөлөгчдийн танхимд хамгийн удаан сууж буй хүн юм.
СЕНАТ
Кентакигийн сенатор Мич МакКоннелл АНУ-ын түүхэнд хамгийн удаан суудалдаа сууж буй сенаторуудын нэг юм. Тэрбээр өмнө нь Сенатын олонхын даргаар ажиллаж байсан. МакКоннелл анх 1984 онд сонгогдсоноосоо хойш 35 жил тасралтгүй ажлаа хийж байна. Тэрбээр энэ жилийн сонгууль Эми МакГраттай өрсөлдөж ялснаар дахин зургаан жил ажиллахаар боллоо. Харьцуулж үзвэл МакКоннеллтэй цуг Кентаки мужаас сонгогдсон сенатор Рэнд Пол өдгөө 57 настай, 2011 оноос хойш ажиллаж байгаа юм. Харин өдгөө 78 настай МакКоннелл ямартай ч 84 нас хүртлээ буухааргүй боллоо.
Айова, Вермонт мужуудын сенаторууд болох Чак Грассли, Патрик Лихи нар ч мөн түүхэндээ хамгийн удаан ажиллаж буй сенаторууд билээ. Өдгөө 87, 80 настай тэдний ажилласан жилийг нэмбэл бараг л 100 жил болох аж. Мөн цаашдаа ч дараагийн сонгууль хүртэл тэд ажлаа хийсээр байх боломжтой болжээ.
Оклахома мужийн сенатор Жим Инхофе 1994 онд анх суусан сенатын суудалдаа 2022 он хүртэл суухаар боллоо. Тэр одоо 85 настай.
Сенатор Сюзан Коллинс чанга өрсөлдөгч Ардчилсан намын Сара Гидеонтой өрсөлдсөн ч ялалт байгуулж, 1997 оноос хойш сууж буй суудлаа авч үлдэхээр боллоо. Коллинс өдгөө 67 настай.
ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН
Хэдийгээр ийнхүү маш олон тэтгэврийн насныхан суудлаа хадгалсан хэвээр байгаа ч сүүлийн үед олон сонгогч залуу, олон талын чадвартай нэр дэвшигчдэд дуртай байгаагаа харуулах болжээ. Ардчилсан намынхан илүү радикал либерал үзэлтнүүдийг гаргаж байна. Жишээлбэл, 2018 онд 29 настайдаа конгрессийн хамгийн залуу төлөөлөгч болсон Нью Йоркийн Александра Окасайо Кортез энэ сонгуулиар дахин сонгогджээ.
Харин Бүгд найрамдах намынхан илүү либертари үзэлтэй, улс төрөөс гадуур туршлагатай хүмүүсээ дэмжих болсон бололтой. Тухайлбал, Техасын сонгуульд 36 настай, тэнгисийн цэргийн тусгай цэрэг асан төлөөлөгч Дан Креншау дахин сонгогдсон байна.
Эдгээр болон бусад залуу улстөрчид болон сонгуульд ялж чадаагүй ч амжилттай оролцсон залуу улстөрчдийн амжилт ард иргэд залуу, олон төрлийн туршлагатай улстөрчдийг илүү сонирхож эхэлж байгааг харуулж байна.
Гэхдээ л жил ирэх тусам эрх баригчдын дундаж нас улам нэмэгдсээр байна. Харьцуулж үзвэл 2018 онд Конгрессийн гишүүдийн дундаж нас төлөөлөгчдийн танхимынх нь 57, сенатынх нь 62 байжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ