Онцгой амжилтын эзэд – Эрлин Холанд, Рафаэль Надал, Серхио Рамос

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

Онцгой амжилтын эзэд – Эрлин Холанд, Рафаэль Надал, Серхио Рамос

Онцгой амжилтын эзэд – Эрлин Холанд, Рафаэль Надал, Серхио Рамос

Дэлхийн спортын ертөнцөд сүүлийн өдрүүдэд дээрх дурдсан эрхмүүд рекорд тогтоож, түүхэн амжилтуудыг давтан онцгой амжилтын эзэд болжээ.


Эрлин Холанд – УЕФА Аваргуудын лигийн түүхэнд хамгийн цөөн тоглолтонд 14 гоол оруулсан тоглогч

Өдгөө 20 настай Норвеги хүү өнгөрөгч УЕФА Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн хүрээнд Брюгге багийн эсрэг хоёр гоол оруулсан. Ингэснээр тэрбээр УЕФА Аваргуудын лигийн 11 тоглолтонд оролцохдоо 14 гоол оруулж, хамгийн цөөн тоглолтонд 14 гоол оруулсан тоглогч болсон юм. Сонирхолтой нь, Эрлин Холанд одоогийн байдлаар Жорж Веа, Зинедин Зидан, Иан Раш зэрэг домгуудаас илүү олон гоолыг энэхүү тэмцээний хүрээнд оруулаад байна.

Тэрбээр тоглолтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сайхан үдэш болж өнгөрлөө. Чухал гурван оноогоо авч чадлаа” хэмээн ярьжээ.

Рафаэль Надал – Мэргэжлийн талбайн теннисний холбооны ATP цуврал тэмцээнээс 1000 хожил авсан дөрөвдэх теннисчин

Өдгөө дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Рафаэль Надал өчигдөр/2020.11.05/ явагдсан Парис Мастерс тэмцээний хасагдах шатанд нутаг нэгт Фелисиано Лопезыг хожиж, ATP цуврал тэмцээнээс 1000 хожил авсан дөрөвдэх теннисчин боллоо. Түүнээс өмнө энэхүү амжилтыг Жимми Коннорс, Рожер Федерер, Иван Лендл нар тогтоож байжээ.

Түүхэн амжилт үзүүлсэн талаараа Рафаэль Надал “1000 тоглолтонд хожно гэдэг бол миний насны хүнд их зүйл өгүүлнэ. Энэ гайхалтай амжилтыг үзүүлэхийн тулд урт хугацаанд дээд түвшинд тогложээ. Үнэхээр баяртай байна. Намайг энэ хүртэл явахад минь туслаж дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа. Та нарын тусламжтай өнөөдөр би энд зогсч байна” гэв.

Рафаэль Надал 15 насандаа ATP цуврал тэмцээний анхны ялалтаа байгуулж байжээ. Тэрбээр анхны ялалтаа байгуулаад 5,850 ам.долларын чек хүртэж байсан бол өнөөдөр гэхэд Надал 122 сая ам.долларын шагнал хүртээд байна.

Серхио Рамос – Реал Мадрид багийн түүхэнд 100 гоол оруулсан хоёрдахь хамгаалагч

Испанийн эзэн хааны Реал Мадрид багийн ахлагч Серхио Рамос өнгөрөгч УЕФА Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн хүрээнд Интер Милан багийн эсрэг мөргөж гоол оруулан, тус багийн төлөө 100 гоол оруулсан хоёрдахь хамгаалагч болжээ. Түүний өмнө домогт Фернандо Йерро 124 гоол оруулсан амжилтаараа бичигдэж байна.

Тэрбээр 100 гоолынхоо 55-ыг нь толгойгоороо, 21-ийг нь торгуулийн цохилтоос, хоёрыг нь чөлөөт цохилтоос, 22-ыг нь тоглолт дунд хөлөөрөө тус тус оруулжээ.

100 гоол оруулсан хамгаалагч гэх ховор амжилтын эзэн болсон Серхио Рамосын тоглолтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Муугүй шүү. Миний хувьд хувийн амжилт үргэлж хоёрдугаарт байсаар ирсэн. Багтаа л туслаж байвал дахиад хэдэн гоол оруулсан яах вэ. Гэхдээ хүн өдөр болгон 100 дахь гоолоо хийгээд байхгүй шүү дээ. Ялангуяа хамгаалагч хүн 100 гоол оруулна гэдэг хэцүү” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж