Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.
НИЙТИЙН БАЙР ШАТАЖ БАЙСНЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ УНТРААЖЭЭ
- Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт нийтийн байр шатжээ. Тодруулбал, энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 02:11 цагийн орчимд галын дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид иргэн О-ийн 26х9.5 метрийн хэмжээтэй нийтийн байр шатаж байсныг цаг алдалгүй унтрааж, дөрвөн иргэнийг гаргасан байна. Золоор хүний амь нас эрсдээгүй байна.
“НОРД БЕНЗ” ЗАГВАРЫН АЧААНЫ АВТОМАШИН ОНХОЛДОЖ, ХОЁР ХҮН АМИА АЛДАВ
- Ховд аймгийн Манхан сумын нутаг, “Булангийн-Овоо” гэдэг газарт өчигдөр зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүн амиа алджээ. Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдсон ноцтой осол 13:00 цагийн орчимд гарчээ. Ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын алба хаагчдыг очиход жолооч 44 настай эрэгтэй Л, 50 настай эмэгтэй Ц нар автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байжээ. Онцгой байдлын алба хаагчид талийгаачдын цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
ЦООЖТОЙ ХААЛГАНЫ ЦААДАХ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
- Ахуйн гал түймэр болон ослын дуудлага мэдээллээс гадна цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт дуудлага ирүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг, 75/6 дугаар байранд иргэн 29 настай эрэгтэй Н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байжээ. Гэвч цагдаагийн алба хаагчдад хаалгаа тайлж өгөөгүй байна. Иймд хаалгыг онгойлгож өгөх тухай дуудлага энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 00:31 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу алба хаагчид хаалгыг онгойлгон, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоосон байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ