Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.06) мэдээллээ хийлээ.
Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1068 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс вирус илэрлээ. Тодруулбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн Беларусь улсын 30 болон 48 настай тээврийн хоёр жолоочоос, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн 19 настай нэг хүний давтан шинжилгээнээс covid-19 илэрсэн байна. Мөн Covid-19-ийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан нэг сувилагчаас коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид халдварын голомтод 14 хоног орж ажилладаг. Тэднээс өдөр болгон хяналтын шинжилгээ авдаг. Тэд ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад гээд нийтдээ 28 хоногийн дараа гэртээ очдог байна. Энэ удаа халдварын голомтод ажиллаж буй сувилагчийн 12 дахь өдрийн хяналтын шинжилгээнд вирус илэрсэн. Одоо ажлын баг хамт олныг хяналтад авч, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 356 болж, үүнээс 314 хүн буюу 68 хувь нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд нэг хүн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 37 нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 66 хүн ажиглалт тандалтад байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,
- Арваннэгдүгээр сарын 4-нд Сингапур улсаас ирсэн 43 хүн
- Арваннэгдүгээр сарын 3-нд Сөүлийн транзит онгоцоор ирсэн 167 хүн
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 214 хүний давтан шинжилгээ,
- Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор ирсэн 252 хүний давтан
- Арваннэгдүгээр сарын 3, 5-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 93 хүн
- Аравдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 54 хүний давтан
- Аравдугаар сарын 7-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн дөрвөн хүний давтан
- Ажиглах байранд тусгаарлагдсан долоон хүний давтан шинжилгээ,
- Үүрэг гүйцэтгэн ажилласан 36 хүний шинжилгээ
- Тандалтын зорилгоор цуглуулсан 31 сорьцод шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаалагдсан 23 хүний давтан шинжилгээ,
- Алтанбулаг боомтоор ирсэн 48 тээврийн жолоочийн шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнээс COVID-19-ын халдвар илрээгүй.
“ИРГЭД ЭРГЭЭД АМНЫ ХААЛТАА ЗҮҮХ ХЭВШИХ ШААРДЛАГАТАЙ”
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Дэлхий дахинд цар тахлын аюул өдрөөс өдөрт улам нэмэгдэж байна. Монгол Улсад ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирж байгаа COVID-19-ын тохиолдлын 60 гаруй хувийг эзэлж буй. Өнгөрсөн нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл гадаад улсаас 30 гаруй мянган иргэдээ хүлээн авч, 90 гаруй мянган давхардсан шинжилгээг хийсэн. Халдвар авсан хүмүүсийн 66 хувь нь эрэгтэй, 31 хувь нь эмэгтэй. Дундаж нас нь 28.5 нас. Монгол Улсын иргэдийн хувьд 2-84 настай хүмүүс COVID-19 халдварт өртсөн. Эдгээрээс 15 хүртэлх насныхан 12 хувийг, 55-аас дээш насныхан 23 хувийг эзэлж байна. Эмчилгээний ор хоног 14-64 хоног байгаа бөгөөд дундажаар 30 хоног орчим байна. Халдварын эрсдэл нэмэгдэж, иргэд амны хаалтаа зүүж хэвших хэрэгтэй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин гараагүй энэ цаг үед иргэд амны хаалтаа зүүх шаардлагатай. Манай ард иргэд анх Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг маш сайн дагаж байсан. Одоо эргээд тэр хэвшлийг хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе.
“ӨНӨӨДӨР ТОКИО РУУ НЭГ НЭМЭЛТ НИСЛЭГ ХИЙЖ БАЙНА”
ГХЯ-ны Шуурхай ажлын хэсгийн дэд ахлагч н.АНАНД:
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 91 улсаас агаар болон авто замаар 26.945 иргэнийг эх орондоо авч ирээд байна. Ингэхдээ тусгай үүргийн 103 нислэг үйлдэж, 20.352 иргэн эх орондоо ирсэн. УОК-оос арваннэгдүгээр сард нийт 10 тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөөд байгаа билээ. Япон улсад суух урт хугацааны виз авсан иргэдийн тоог харгалзан үзэж, өнөөдөр /2020.11.06/ Токио хот руу нэг нэмэлт нислэг хийж байна. Ингэснээр бид энэ сард Токио руу тусгай үүргийн гурван нислэг үйлдэж байна.
Холбоотой мэдээ