АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн санал тоолох ажиллагаа удааширч, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 538 төлөөлөгчийн саналаас 264-ийг нь аваад байгаа бол одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 саналтай удаалж байна. Ерөнхийлөгч болохын тулд 270 санал хэрэгтэй юм.
Одоо зургаан мужид санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаагаас Пенсильвани, Жоржиа, Умард Каролина, Аризона мужууд нь сонгуулийн үр дүнг эргүүлэхэд нөлөөлөхөөр байна. Эдгээр мужууд нь 20, 16, 15, 11 төлөөлөгчийн саналтай бөгөөд Дональд Трамп, Жо Байден нар тун ойрхон өрсөлдөж байна. Харин үлдсэн хоёр муж болох Невада, Аляска нь гурав болон зургаан төлөөлөгчийн саналтай тул сонгуулийн үр дүнд тийм их нөлөө үзүүлэхгүй.
Өрсөлдөгчөөсөө 50 саналаар хоцорч яваа Дональд Трамп санал тооллого хууль бус болж байна хэмээн гомдоллож, санал тоололт үргэлжилж байгаа муж бүрийн шүүхэд гомдол гаргасаар байна.
Тэрбээр “Хэрэв санал тоололт хууль ёсны дагуу явагдвал би төвөггүй ялна. Ардчиллынхан сонгуулийг луйвардахыг оролдож байна. Том хэвлэлүүд сонгуулийн үр дүнд нөлөөлж, хөндлөнгөөс оролцсоор байсан ч би олон том тойрогт ялалт байгуулсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд санал асуулга явуулсан нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн явдал юм. Тэдгээр санал асуулгууд бүгд хуурамч. Бас сонгогчдыг гэрээс нь гаргахгүй, шуудангаар санал авах нь сонгуулийг будлиантуулах болно гэдгийг би олон удаа хэлсэн. Тиймээс шуудангаар авсан саналуудыг тоолох нь хууль бус” хэмээн хэлжээ. Гэхдээ түүний хууль бус гэж мэдэгдэж байгаа мэдэгдэл бүр нь ямар нэг баримт сэлтгүй байгаа юм.
Харин түүний өрсөлдөгч Жо Байдены хувьд “Сонгуулийн санал тоололт дуусахад би болон миний хамтрагч Камала Харрис ялалтаа зарлана гэдэгтээ эргэлзэхгүй байгаа” хэмээгээд ард иргэдийг тэвчээртэй тайван байхыг хүссэн байна.
Эх сурвалж: CNN, FT
Холбоотой мэдээ