"Эздийнхээ өмнөөс хуцдаг нохдын зарим нь хаздаг"

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

Live"Эздийнхээ өмнөөс хуцдаг нохдын зарим нь хаздаг"

"Эздийнхээ өмнөөс хуцдаг нохдын зарим нь хаздаг"

УИХ-ын чуулган 2020,11,06

Posted by News.mn on Thursday, November 5, 2020

17 : 11
2020-11-6

"Шүүхийн бүх хуралдааныг телевизээр ил тод явуулдаг болох ёстой"

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР: 

-Хоёр долоо хоног ч ярилцаж байна. Зөв зүйтэй арга хэмжээ болж байна. Өмгөөлөгч дээд шүүхийн шүүгч байж болно гэдэгтэй огтхон ч санал нийлэхгүй байна. Монголд өнөөдрийн байдлаар нийт 522 шүүгч байгаа юм байна. Шударга сайн ажилласаар байгаад дээд шүүхийн шүүгч бол л доо. Насаараа компанийн өмгөөлөгч хийж байгаа хүн дээд шүүх рүү орж ирэх хэрэггүй шүү дээ. Шат шатаа дамжаад, дээд шүүх рүүгээ ороод ир. Цогт шүүгчийг шударга ажиллана гэж найдаж байна. Шүүхийн хараат бус байдлыг алдагдуулдаг нэг зүйл байна. Хэн нэгнийг хэвлэлээр эхлээд нүднэ. Дотоодоосоо гадаадад муулна. Гадаад нэр хүнд муутай гээд, өөрсдийн нэр дэвшигчийг оруулж ирдэг. Монгол Улсад шүүх эрх мэдэлтнүүд, хувь хүн, компаниас хараат бус байх ёстой. Нэр дэвшигч Ц.Цогт шүүгч ч хэлсэн. Хараат бус байлгахын тулд шүүхийн бүх хуралдааныг телевизээр ил тод явуулдаг болох ёстой. Ингэвэл Монголд хэлмэгдүүлэлт явагдахгүй.

16 : 33
2020-11-6

"Монголд таван эмэгтэйг жирэмсэн байхад нь цаазалсан гашуун түүх бий"

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-Шүүх сүүлийн үед иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхэд хөндлөнгөөс оролцдог асуудал газар авч байна. Би ойлгохдоо ардчиллын гол зарчим нь чөлөөт сонгуулиар төрөө байгуулдаг, төлөөллөө сонгодог гэж ойлгодог. Сүүлийн үед шүүхийн байгууллага сонгуулийн ардчиллыг устгахад гар бие оролцдог болсон. Үнэмлэхээ авчихсан байхад шүүх эрхийг нь түдгэлзүүлж л байдаг. Шүүгчийн захирамжаар эрхийг нь түдгэлзүүлдэг байдал газар авлаа. Цогт шүүгчид итгэж байна. Нийгэмд шударга ёс тогтоох, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байж, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулна гэж найдаж байна. Шүүгч шүүгчийн эрхэнд халдах нь зөв үү? ШЕЗ-ийн даргаар асууя. Шүүгч хараат бусаар ажиллаж чадаж байна уу? Шүүгч бусдын нөлөөнд автахгүй шийдвэр гаргаж чадаж байна уу? Шүүгчдэд хариуцлага тооцдог уу? Цаашид шүүгчдийг хариуцлагажуулж, хараат бусаар ажиллах чиглэлд юу хийх вэ? 

Ц.ЦОГТ: 

-Захиргааны хэргийн шүүхэд тодорхой маргааныг хуулиар хариуцуулж өгсөн байдаг. Хуулиар УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хэргүүд шалгагдаж байсан. Сонгуулийн үйл ажиллагаанд шүүх хэр хэмжээнд оролцох вэ гэдэг шийдэх асуудал мөн болоод байгаа юм. Хамгийн сүүлийн байдлаар сонгуулийн дүн байдлаар маргаан гарвал Үндсэн хуулийн цэц шийднэ гэдэг юм уу, сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь тухайн хуулиар өгсөн байдаг. Өөрчлөлт хийх асуудал хийгдээд явж байгаа юм билээ. Өрсөлдөгч этгээд нь маргах эрхтэй байдаг. Хугацаандаа гомдлоо гаргаад ирвэл шүүх авахгүй байх боломжгүй. Хуулиндаа заагаад өгсөн учраас шүүх хэрэглэхээс өөр аргагүй.

Б.БАТБИЛЭГ:  

-Шүүгч хараат бусаар ажиллах чиглэлээр нөлөөллийн мэдүүлэг гаргаж өгдөг. Хүргүүлсэн мэдүүлгийн дагуу ШЕЗ хуралдаад, шүүхийн байгууллагад шилжүүлдэг. 11 шүүгч нөлөөллийн мэдүүлгээ ирүүлсэн. Нэг нь цагдаагийн байгууллагад явуулсан, хариу ирүүлэхгүй байгаа юм. ШЕЗ шүүгчид хариуцлага тооцох эрх байхгүй. Шүүгчид хариуцлага тооцдоггүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн ёс зүйн хороо гэж бий. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилдог. Хариуцлага тооцох эрх нь тэдэнд бий. Хуульд заасан үндэслэл дагуу шүүгчид хариуцлага тооцох үүргийг Шүүхийн сахилгын хороо хариуцна. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ: 

-Цагдаагийн байгууллага хууль зөрчсөнийг нь тогтоогдоогүй байхад Иргэний шүүх дээр давж заалдах эрхгүйгээр асуудлыг шийдчихээд байгаа асуудал байгаа юм. 

УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА:

-Цогт гишүүнийг танихгүй ч шударга гэсэн мэдээллүүд аваад дэмжиж байгаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудалд түлхүү анхаарч байна. Цаашид улс төрийн хэргээр хэлмэгдүүлэхгүй байх дээр бид ажиллах ёстой. Үндсэн хууль, хүний эрхийг ямар бүдүүлгээр зөрчиж, хэлмэгдүүлж байсан юм бэ гэдгийг зарим хэргүүд дээр гайхаад олдоггүй юм. Шүүгчдийг хүнлэг, энэрэнгүй, хүний эрхийг дээдэлдэг чиглэл рүү соён гэгээрүүлэхгүй бол асуудлууд гарч байна. Монголын түүхэнд таван эмэгтэйг жирэмсэн байхад нь цаазалж байсан гашуун түүх бий. Одоо ч улс төрийн хэлмэгдүүлэлт байх шиг байдаг. Засгийн газрын улс төрийн шийдвэрийг шүүх хянаад байх шиг байна. Энэ талаар хариулт авмаар байна.

Ц.ЦОГТ:

-Айхгүй ч аягүй гэгчээр зохих хэмжээгээр хариуцлагатай болж байна. Улс төрийн шийдвэрийг салгах боломжтой юу гэдгийг анхаарах хэрэгтэй болж байгаа. Нэгдсэн зохицуулалт арга зүй бидэнд хэрэгтэй байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЪШАА:

-Цогт шүүгчийг дэмжиж байна. ШЕЗ шүүгч сонгох үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан уу? Үндсэн хуулинд хүнийг хийж байсан ажил, үндэс угсаагаар нь ялгаварлаж болохгүй гэж заасан. Зарим гишүүд гэтэл үйл баримтыг хуурамчаар үйлдсэн аймшгийн байгууллага мэтээр ШЕЗ, Монголын өмгөөлөгчдийн холбоог муутган ярьж байна. Бид шударга ёс бий болгож, ёс шүүх байгуулна гэсэн. Яагаад ус цацаж байгаа юм бэ? Шүүхийн мэргэжлийнхээ сонгон шалгаруулалтыг бид дэмжих ёстой. Хуйвалдааны байгууллага мэтээр харагдуулж байна. 

Б.БАТБАЯР: 

-Шүүгчийн сонгон шалгаруулалтыг Шүүхийн мэргэшлийн хорооноос явуулдаг. Шүүхийн мэргэшлийн хорооноос шалгалт авч, нэр дэвшигчдийг ирүүлсэн байдаг. Хорооны гишүүдийн олонхийн саналаар хоёр нэр дэвшигчийг томилуулахаар Монгол Улсын Их хуралд танилцуулсан. Хоёр сул орон тоон дээр шалгалт өгч, өндөр оноо авсан хоёр нэр дэвшигчийг бид оруулж ирсэн. Хоёулаа хууль зүйн дээд боловсролтой, хоёулаа эрүүгийн эрх зүйн докторын зэрэгтэй. Хоёр нэр дэвшигч хоёулаа шалгуурт нийцсэн. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ:

-Их хуралд сууж буй хуульчид бие биенээ их сайн таньдаг юм билээ. Тэр хандлагаараа асуудалд хандаад байгаа юм уу гэж ойлгогдсон. Аливаа асуудал цагаан дээр хараар бичигдсэн хууль дүрэм, журмын гүйтгэл байх ёстой. Хувь хүний асуудлаа Их хурал дээр асуудал болгож оруулж ирж байна уу гэж бодож байна.

Шүүгчид шийдвэр гаргахдаа үндэслэлээ бичдэггүй. Энэ нь ур чадвартаа эргэлзэх, ашигн сонирхлын зөрчил байдаг мэт хардлага төрүүлдэг. Шүүгч шийдвэртээ үндэслэлээ бичдэггүй нь зөв үү? 

Ц.ЦОГТ: 

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлага тавигддаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэлээ бүрэн дүүрэн бичих шаардлагатай. Энэ чиглэлд ахиц дэвшил гаргах шаардлагатай. Шүүхийн ачааллаас болоод зарим тохиолдолд шаардагдах цаг гаргаж суух боломжгүй байх. Цаг хугацаанд баригдах нөхцөл байдал үүсдэг. Хуулиар нэмэлт өөрчлөлт орж ирэх байх аа гэж бодож байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ

-Бидний яриад байгаа асуудал ард түмний итгэлийг нэмэгдүүлэх тухай асуудал. Шүүгч нартаа ажлын мөрдлөг болгож, аргачлалаа тодорхой болгож, асуудлыг хамгийн зөвөөр шийдвэрлэсэн гэдгээ тайлбарлах л хамгийн чухал шүү гэдгийг хэлээд, амжилт хүсье. 

16 : 06
2020-11-6

"Шүүх улс төрийн байгууллагатай ор тас харилцаагүй байх боломжгүй"

УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: 

-Байнгын хороогоор хоёр ч удаа хэлэлцэгдэж, нэг нэр дэвшигчийн асуудал эргэж орж ирж байна. Хууль хоёр салаа байна гэж харж байгаа. ШЕЗ-ийг энд буруутгах арга байхгүй. Шүүх хараат бус мэргэшсэн байна, эрүү иргэн гэж дотроо дагнасан байна гэж заасан. Хуулийн цоорхой байна гэж та бодож байна уу? 

Б.БАТБАЯР: 

-Хууль зүйн дээд боловсролтой, 45-аас дээш насны байна гэж заасан. Улсын дээд шүүхээс орон тоо гарвал ШЕЗ-д ханддаг. Шүүхийн мэргэшлийн хороо бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Шүүгчдээс мэргэшсэн байдлаар шалгалт авдаг. Хоёр орон тоон дээр есөн нэр дэвшигч шалгалтад орсон. Нөөцөд байгаа хүмүүсээс гурав нь өмгөөлөгч, зургаа нь шүүгч. Цогт захиргааны чиглэлээр мэргэшсэн шалгалтаа өгсөн. Нэр дэвшигч Батбилэг эрүүгийн чиглэлээр шалгалтаа өгсөн. Хууль батлах эрх нь УИХ-ын гишүүдэд байгаа. Шүүхийн багц хуулиуд удахгүй шинэчлэгдээд явна. Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Засгийн өргөн барьсан хуулийн төсөл шүү. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: 

-Хоёр салаа утгатай хууль яваад байх юм уу, үгүй юү гэж асуулаа. Түүнд тодорхой хариулаад өгнө үү?

Б.БАТБАЯР: 

-Төрийн захиргааны албан хаагчийн хувьд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу асуудлыг оруулж ирж байгаа. Карьерийн зарчмаар явах уу, Үндсэн хуульд зааснаар Шүүхийн тухай багц хуулинд өөрчлөлт, оруулах нь зүйтэй болов уу. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ: 

-Шүүх засаглал улс төрөөс ангид байх ёстой. Шүүгч хараат бус байх, тэр дотроо шүүгч шүүгчээс хараат бус байх ёстой. Хувь шүүгчийн хэт их эрх мэдлийг яаж зохицуулах вэ? Цогт шүүгч шүүгч шүүгчдээ нөлөөлдөг байдлыг яаж зохицуулах вэ? Шүүгчийг яаж хараат бус байлгах вэ? 

Ц.ЦОГТ:

-Шүүх улс төрийн байгууллагатай ор тас харилцаагүй байх боломжгүй. УИХ төсвийг нь баталдаг гэх мэт харилцан хамааралтай хууль ёсны үйл ажиллагаа бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: 

-Өнөөдөр чухал үйл явдал болж байна. УИХ ХЭҮК-ийн гишүүдийг шинэ журмаар сонгосон. УИХ-ын гишүүний ард хүмүүс бий. Гадныхан биднийг гишүүн биш төлөөлөл гэж харж байна. Цогт шүүгч шаардлага хангаж байна. Гишүүд олон зүйл хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч томилоосой билээ дээ. Монголын төрд шударга ёсны цангалт байна гэж ярьж байгаа. Тийм учраас шударга ёсны нийлүүлэлт хийх шаардлагатай. ШЕЗ-ийг шинэчлэх шаардлагатай нь улам бүр тод харагдсан. Хүнээр дамжиж бодлого явна. Цогт шүүгчдээ амжилт хүсье. Шударга байснаасаа болж олон жил даруулсан, шахуулсан. Дэмжиж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

-ШЕЗ, Байнгын хорооноос асууя. Хоёр хүн оруулж ирсэн. Яагаад нэг хүн болчихов? Ямар учир шалтгаан бий болов? Үзэмжийн, ашиг сонирхлын маягийн хоёр асуудал байна. Нэгийг нь магтаад, нөгөөг нь банкных, эцэст нь хуулийн шаардлага гээд явуулчихаж байна. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, сонгогдох эрхээр нь ялгаад яваад байж болох юм уу? Энэ нь бүх томилгоон дээр жижиг болж явна. Шалгуур хангагдаагүй хүнийг яагаад Батбаяр дарга бөөн асуудал болгоод байгаа юм бэ? 

Б.БАТБАЯР: 

-2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр зарим хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналаа өгсөн. Хоёр нэр дэвшигчийг танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны эхний хуралдаанд нэр дэвшигчдийн асуудлыг хойшлуулах санал гарч, хойшилсон. Өнгөрсөн долоо хоногт нэр дэвшигчдийн танилцуулгыг хийсэн. Үндсэн хуулийн шаардлага хангаагүй нэр дэвшигч оруулж ирсэн гэдэг процессоор явуулсан. ШЕЗ-ийн хувьд шаардлага хангасан гишүүдийг оруулж ирсэн гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. 

Ц.ЦОГТ: 

-Үндсэн хууль тайлбар хийх эрх нээлттэй. Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Дээд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэх замаар тайлбарлана гэж заасан. Шүүхийн тухай хуулиар хуульчлах шаардлага хэрэгцээ бий. 

15 : 41
2020-11-6

Шүүгч нар хамгийн өндөр буюу 3-5 сая төгрөгийн цалин авч байна

УИХ-ын гишүүдэд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цэндийн Цогтын танилцуулгыг хийлээ. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр болон Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.

УИХЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын дээд шүүхэд нэр дэвшүүлэхээр хоёр шүүгчийг танилцуулсан. Шүүгч Ц.Цогт нь салбартаа нэр хүндтэй, дадлага туршлагатай учраас дэмжиж байна. Нөгөө нэр дэвшигчийг ямар учраас дэмжсэнгүй вэ? Би Улсын дээд шүүхийн шүүгч шүүн таслах ажиллагааны туршлагатай байх ёстой гэж боддог. Цаашдаа анхан болон давж заалдах шатны шүүхэд дор хаяж 15-16 жил ажилласан туршлагатай байх ёстой гэж бодож байна. Ц.Цогт шүүгчийн хувьд шаардлага хангаж байна. Шүүхийн багц хуулийг хэлэлцэхдээ дээд шүүхийн шүүгчийг сонгох шалгуур, шаардлагыг сайжруулах шаардлагатай байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ: 

-Анхан, давах шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүх дээр ирээд унадаг. Жишээ хэлэхэд, өмнөх сонгуулиар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хүчингүй болгосон. Хэрвээ цааз байсан бол яах вэ? Зориг гэж шүүгч байсан. Тайлбар хийхгүй гэсэн. Таван шүүгчид нөлөө үзүүлж, ямар гаргалгаа гаргахаа мэд, хүчингүй болго гэсэн байсан. Та нөлөөнд автахгүй байж чадах уу? 

Ц.ЦОГТ:

-Би шүүхэд 22 жил ажиллаж байна. Анхан, давах шатны шүүхэд. Хувь шүүгчийн хувьд биеэ даагаад, хүний шахалт, дарамтад орохгүй ажиллаад ирсэн. Цаашид ч тэгж ажиллана. Үүнд эргэлзээ алга. Саяын хэлсэн тодорхой хэргийн талаар тодорхой зүйл хэлэх боломжгүй байна. Бусад шүүгчийн ур чадварын талаар шүүмж хэлэхийг хориглодог. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-Бид улс төрөөс хараат бус шүүхийн тогтолцоо бий болгох гэж оролдсон. Монголын ард түмэн үүнийг их хүсэмжилдэг. Харамсалтай нь, нэгхэн жилийн өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх нь нээгдсэн ч шүүгчид маань хараат бус болж чадсангүй. Та санал нэгдэх үү? Ард түмэн шударга ёсыг хүсч байна. Бид өнөөдөр шударга ёсыг тогтоож чадаагүй. Ард түмний нэг хэсэг нь хуулийн дор, нөгөө хэсэг нь хуульгүй амьдарч байна гэж шүүмжилдэг. Ард иргэд хүн бүр шүүх хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг хүсч байна. Өнөөдөр Монгол Улсад шүүгч нар хамгийн өндөр буюу 3-5 сая төгрөгийн цалин авч байна. 

Монгол Улсын гавьяат хуульч шоронд амиа хорлосон хэрэг гарлаа. Монгол Улсад шударга бусын хонгил бий болчихсон. Та ийм хонгил байна гэж бодож байна уу? Үүнийг яаж нураах вэ? Түлхүүр нь хэний карманд байна вэ? Шүүгчдийг томилохоос өмнө өргөдлийг нь бичиж авдаг болсон гэнэ. Та томилогдохоосоо өмнө өргөдөл бичиж өгөх үү? Танд ийм барьцаа бий юү? Шударга ёсны өлсгөлөн ходоодны өлсгөлөнгөөс ч хэцүү. 

Ц.ЦОГТ: 

-Хараат бус шүүхтэй байж чадаагүй гэдэг асуулт тавьсан. Институцийн хувьд бие даасан, хараат бус байдалтай шүүх байх явдал нэлээн хүндрэлтэй. Бие даасан шүүхтэй болж чадаагүй. Хариуцлагын асуудлаас болоод институцийн асуудал бий. Олон шүүгч институцийн алдаанаас болоод шударга ажиллаж чадахгүй байгаа. Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс шүүхийн хараат бус байдлаар 120-д орж байгаа. Олон нийтийн итгэл үнэмшил сул байна гэдгээр ийм үнэлгээ авч байна. Хүн болгон шударга ёсыг хүсч байна. Надад өр байхгүй. Би тийм өргөдөл бичиж өгөхгүй. Улстөрчид юм уу, бизнесийн болон нөлөөлөх чадвартай хүмүүс дээр гүйгээд очдог шүүгч нар байхгүй байх гэж бодож байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН: 

-Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг. Яагаад анхан болон давж заалдах шатан дээрээ явсан эдийн засгийн том хэргүүд эцсийн шатан дээр очоод цагаадаад явчихдаг юм бэ? Олон тэрбумын асуудал яригддаг. Шүүх сүүлдээ сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог болсон. 

УИХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ: 

-Цогт шүүгчийг дэмжиж байна. Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-өөс оруулж ирсэн хоёр хүний нэгийг хууль зөрчөөд оруулж ирээгүй юм шиг, Бямбацогт түүнийг хуулийн шаардлага хангахгүй байна гэж хүчээр дэмжихгүй, нөгөөг нь оруулчих гээд зүтгээд байсан юм шиг ойлголтуулд яваад байгаа юм. Хууль зүйн байнгын хороо болон миний хувьд хуулиа барьж л ажилласан. ШЕЗ-өөс УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэж заасан. Анхан болон давж заалдах шатны шүүхэд ажилласан туршлагатай, өмгөөлөгч, багшаар 10-аас доошгүй жил ажилласан байх шалгууртай. Энэ дагуу ШЕЗ-өөс хоёр нэр дэвшигчийг танилцуулсан. Нэр дэвшигч нь өмгөөлөгчөөр ажилласан байдал тодорхой харагдахгүй байгаа учраас тодорхой болгоё гэж эхний удаад гишүүд хойшлуулсан.

Ингэхдээ "Голомт"-ын шүүгч орж ирлээ гэсэн асуудал нэлээн яригдсантай холбоотойгоор хурлыг хойшлуулсан. Холбогдох нэмэлт материалууд ирүүлсний дагуу Хууль зүйн байнгын хороо хоёр дахь удаагаа хуралдсан. Дэгийн дагуу нэг нэгээр нь хэлэлцсэн. Цогт шүүгчийн мэдээлэлтэй танилцсан. Хоёр дахь нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд нэр дэвшигч Үндсэн хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тавьсан шаардлага хангахгүй байна. Ийм хүнийг оруулж болохгүй байна гэдэг байдлаар картаа сугалж гарснаар байнгын хорооны ирц хүрээгүй. ШЕЗ мэдээж холбогдох шаардлага хангасан хүмүүсийг оруулж ирсэн байх гэж ойлгож байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүнийг яс үндэс, арьсны өнгө, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан. Ийм байдлаар асуудал яригдсан. Нэг банкны шүүгч, хуулийн шаардлага хангахгүй байна гэсэн асуудал нэлээн яригдсан. Үүнийг олон нийтэд үнэн зөв ойлгуулах, хуулийн дагуу хуралдуулах хүрээнд асуудлыг ярьсан, хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй. Хууль зөрчөөгүй. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг ШЕЗ-өөс УИХ-д танилцуулан, УИХ-аас Ерөнхийлөгчид албан бичиг очсоноор Ерөнхийлөгч захирамжаа гаргадаг. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.

Хуралдааныг даргалагч УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Энэ асуудлаар санал хураахгүй. Монгол Улсын Их хурлын Дэгийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийг танилцуулсан талаар Ерөнхийлөгчид бичгээр мэдээлнэ" гэж хэлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

15 : 33
2020-11-6

"Засгийн газар Covid-19-ийн эсрэг сайн ажилласанд талархаж байна"

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: 

-Covid-19-ийн эсрэг Засгийн газар сайн ажилласан. Улаан-Үдэд 8000 хүн халдвар авсан байна. Урд хөрш яаж байна. Засгийн газраас авсан захиргааны арга хэмжээнд талархаж байна. Түүний хажуугаар 800 тэрбум төгрөгийн асуудал "хуссан" мэдээлэл бий, энэ дээр хатуу ярина гэж бодож байна. Агаар цэвэрхэн болж байна. Хүмүүс шүүмжлэл хэлж байна. Гэхдээ ажлаа сайжруул гэж л шүүмжилж байгаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт хэлж дууслаа. 

Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

15 : 04
2020-11-6

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

Энэхүү хуралдаан дээр Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Засгийн газрын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэн хариулт авч байна. 

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Хүхэрлэг хий, азотын давхар исэл гээд бүх л түвшинд асуудлыг шалгаж үзэж байна. Бид түлшнийхээ дээжийг гурван улсад явуулж шинжлүүлсэн. Одоо ч шинжилж байна. Өмнөхтэйгөө харьцуулбал сайжирч байгаа юм. Хүхэрлэг хийгээс болж хүний амь хохироод байна гэсэн дүгнэлт гараагүй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ: 

-10 минут яваад очих газар гурван цаг түгжирч байна. Энэ хугацаанд түгжрэл 90 хувь утаа "үйлдвэрлэж" байна. Түгжрэлийн асуудлыг яаж шийдэх юм бэ? Ямар гарц, гаргалгаа байна вэ? Нөгөө субъект нь орон сууц. Орон сууцыг найман хувиар худалдаж авдаг зах зээл хумигдаж байна. Түрээсийн орон сууцны асуудал дээр ямар дорвитой арга хэмжээ авч байна вэ? Өндөр хүү төлөхгүйгээр авахад төрөөс ямар арга хэмжээ авч байна вэ? Та бидний үйлдвэрлэсэн 30 жил гэдэг үгийг одоо ярихаа боль. 30 жил гээд яривал өөрөө өөрийгөө толинд хараад явж байна гэж бод. Энэний 22 жил нь та бүхний асуудал. Тиймээс энэ 30 жил гэдэг үгийг оруулахгүйгээр тайлбар өгөхийг хүсч байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД Д.САРАНГЭРЭЛ:

-Хугацааны тухай зайлшгүй ярих шаардлага тулгарч байна. Түүхий нүүрс Улаанбаатарт оруулж ирэхгүй гэж шийдвэр гаргасан. Жил хүрэхгүй хугацаанд эхний үйлдвэрээ хийж, одоо хоёр дахь үйлдвэрээ гаргах гэж байна. Энэ хугацаанд утаа улам нэмэгдсэнийг хэлье. Утааны 80 гаруй хувь нь айл өрхийн яндангийн утаанаас гарч байна. 

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Түгжрэл хүндрэлтэй асуудал шийдэх ёстой. Улаанбаатарт гурван хүндрэлтэй асуудал байна. Нэгд, утаа. Хоёрт, үнэр. 30 жилийн лагийг шатаасан. Гуравт, түгжрэл. Гурван чиглэлийн арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Тээвэр зохицуулалтын асуудал. Буруу, зөрүү рультэй автомашинуудаа яах вэ гэдгээс эхлээд асуудлууд байна. Замын шинэчлэлийн асуудал бий.

Нийслэл сүүлийн жил гаруй хугацаанд нэлээн олон судалгаа шинжилгээ нийслэл хийсэн. Ойрын үед нэлээн олон түмэндээ мэдээлнэ. Улаанбаатарт 6000 гаруй автомашины байдаг бүртгэлтэй. Хамгийн түрүүнд, төвлөрлийн асуудлыг шийднэ. Их, дээд сургуулийг хотоос гаргана. Харъяа байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажил хийнэ. 

Эхний ээлжинд 10 гаруй байршилд 21 мянган айлын орон сууцны асуудлуудыг олон улсын байгууллагуудын дэмжлэгээр шийднэ. Гэр хорооллуудыг цахилгаанаар холбох төвүүдийн ажил хийгдэж байна. Моргэйжийн зээлийн хүүг 6 хувь руу оруулсан. Цаашид зорилтот бүлэгт шилжсэн 4-5 хувийн хүү рүү шилжинэ. Чиглэл чиглэлд тодорхой хөтөлбөр гарган ажиллаж байна. 

Орон нутагт 20 мянган айлын орон сууц барина. 10 аймгийн дулааны цахилгааны станц, таван аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН: 

-Утаа угаар улс төржих асуудал биш. Асуудалд цогцоор хандах хэрэгтэй. Бид өнөөдөр өвчнөөр бол шинж тэмдгийн чанартай юм ярьж байна. Гол асуудал, булгаар бол тархин дээр нь юу болж байна вэ гэдэг талаар ярих хэрэгтэй. Том цогцоор авч хэрэгжүүлэх тал дээр юм тавив уу? Дагуул хотуудын асуудал яаж орж ирж байна? Машины тоо, түгжрэлийг яаж бууруулах вэ? Автомашины рультэй тэмцээд асуудлыг шийдэхгүй. Ерөнхий сайд ч ярьж байна лээ. 

Монголчууд уушги, амьсгалын замын өвчнөөр дэлхийд тэргүүлсэн. Аймшигтай тоо хэлье. ҮАБЗ-өөс гаргасан мэдээллээр, 1000 жирэмслэлт, 1000 ургийн 900 орчим нь өсөлтгүй буюу амьгүй ураг болж байна. Асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. 

Өнгөрсөн жил угаараас болж нэлээн олон хүн нас барсан. Энэ хүмүүсийн асуудал хэрхэн шийдэгдэв? Шахмал түлшний үйлдвэрлэлийн тал руу ажил өмнө нь хийж байсан юм. Хийж байсан нөхдүүд нь үл бүтэх хулгайчууд байж байгаад ажил зогссон. Энэ ажил ямар шатандаа яваа вэ? 

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД Д.САРАНГЭРЭЛ: 

-2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй гэсэн зоримог шийдвэр гарахаас өмнө утааны асуудал хурцаар тавигдаж байсан. НҮБ-ын хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар, орчны бохирдолтой, утааны асуудлаас бол амьгүй ураг төрж байна гэсэн мэдээлэл гаргасан байсан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хувьд нэг дэвшил гарсан. Иргэдийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 100 хувь буулгаж байгаа. Нүүрсний холбоотой агаарын бохирдол улирлын чанартай. Машинаас гарч буй утааны асуудал дөрвөн улирал дамжиж байна. Машины онтой холбоотой асуудалд анхаарлаа хандуулахгүй бол түүнээс гарч буй утаа маш хортой гэдэг судалгааны дүн гарсан. 

ЦЕГ-ЫН ДЭД ДАРГА, ХУРАНДАА АМГАЛАН: 

Нийт 23 гэмт хэргийн дуудлага шалгагдсан. Угаартсан дотроо өөр өөр юм билээ. Нүүрсэнд, гараждаа, сайжруулсан түлштэй холбоотой хэргүүдийн шийдэврлэлтийн талаар эргэж хариу мэдэгдье.

13 : 11
2020-11-6

ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-Өмнө нь ХЭҮК үйл ажиллагаагаа олон нийтэд таниулж чадаагүй болов уу. Хүний эрхийг ойлгуулах, таниулах чиглэлээр асар их ажил хийгээсэй гэж та бүхнээс хүсч байна. Хоёрт, хүний эрхийг хангах хууль тогтоомжуудыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Хүний эрх онцгой зөрчигдөж байхад ХЭҮК дуугардаггүй байдал ажиглагдаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-ХЭҮК-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, оруулж ирж байгаа нь дэвшил гэдгийг хэлье. Олон улсын байгууллагуудаас гаргаж буй судалгаа олон нийтийн сүлжээгээр тарсан мэдээлэл маш их сөрөг үр дагавар дагуулж байгааг харуулж байна. Та бүхэн хүний эрхийг хамгаалах "эмч"-ийн хувиар энэ асуудалд онцгойлон анхаарах ёстой. Өнгөрсөн онд олон хүүхэд мориноос унасан. Энэ асуудлаар мэдээлэл хийсний дараа ХЭҮК-ийн гурван гишүүн гарч ирж мэдээлэл хийж байх жишээтэй. Нэр дэвшигч Мөнхзул Цэц мэдэх байх гэж байна. Цэцийн ард нуугдаад байж болохгүй. Эмэгтэйчүүдийн 80 гаруй хувийнх нь эрх зөрчигдөж байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Эрэгтэй захиралтай компани байна гэхэд тэр хүнд илүү их боломж нээлттэй байдаг бол эмэгтэй захиралд хомс байдаг. Та бүхэнд бие дааж, өөрийн бодлогоор энэ орчинд ажиллах боломж байна уу?

Ж.ХУНАН: 

-Хүний эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчин байгаа, хуулиар хамгаалагдсан. Хангаж ажиллах боломжтой. 

Д.СҮНЖИД: 

-Эмэгтэйчүүдийн асуудлыг иж бүрнээр нь харах шаардлагатай. Нийгэм, эдийн засгийн үндсэн суурь, өрхийн орлого хангалттай юу, ажиллах эрхийг нь хэр хангаж байна вэ гэдэгтэй уялдуулах хэрэгтэй болов  уу.

Х.МӨНХЗУЛ: 

-ХЭҮК-ийн ажиллах орчин хангагдсан, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой. Монгол Улсыг хамгийн доош татаж буй үзүүлэлт улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо муу байдаг явдал. 

Б.ЭНХБОЛД: 

-Бие даасан эрх зүй, хуулийн орчин хангалттай бүрдсэн. Гишүүд эрх зүйн бүх боломжийг хангаж ажиллах нь зүйтэй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр илүү нарийн судалж, тусгайлан анхаарах субъект. 

Г.НАРАНТУЯА:

-ХЭҮК-ийн чухал нэг зангилаа нь комиссын гишүүн хараат бус, мэргэшсэн байх ёстой. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАННИБАЛ:

-Жил бүр хүний эрхийн асуудлаар илтгэл гаргаж, УИХ-д барьж, Засгийн газраар дамжин хүний эрхийн асуудлууд хэрэгжих ёстой байх. 2020 оны илтгэлийг би уншиж судаллаа. Илтгэлд нэлээн асуудал дурдагдсан байна. Малчин эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллээс ангид байх эрхийн асуудал нэлээн хурцаар тавигдаж, энэ асуудлыг Засгийн газарт тавьсан байна. ХЭҮК-ийн ажиллагаа хэрэгжиж байгаа юү, үгүй юу гэдэг дээр УИХ хяналт тавих хэрэгтэй байх. Та бүхний зөвлөснөөр комиссын үйл ажиллагаа хэрэгжихгүй бол яах вэ?

Ж.ХУНАН: 

-Алсмагдсан нутагт ажиллаж амьдарч буй малчдын асуудал чухал. Нийтийн эрх ашгийн үүднээс комиссын гишүүн гомдол гаргах, олон улсын байгууллагад хандах боломжтой. Энэ боломжуудыг ашиглана гэж бодож байна. Малын бэлчээрт хяналт тавих асуудал хязгаарлагдмал. Соён гэгээрүүлэх ажлаар л шийднэ. Орчин үеийн технологийн тусламжтайгаар яаж шийдэх вэ, гарц гаргалгаа юу байна вэ гэдэгт анхаарч ажиллана. 


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч дуусав. 

Дугарын Сүнжидийг ХЭҮК-ийн гишүүнээр сонгоё гэсэн санал хураалт явуулахад 40 гишүүн оролцож, 26 нь дэмжиж, 65 хувийн саналаар,  

Ганбатын Нарантуяаг ХЭҮК-ийн гишүүнээр сонгоё гэсэн санал хураалт явуулахад 40 гишүүн оролцож, 26 нь дэмжиж, 65 хувийн саналаар, 

Батзэвэгийн Энхболдыг ХЭҮК-ийн гишүүнээр сонгоё гэсэн санал хураалт явуулахад 40 гишүүн оролцож, 28 нь дэмжиж, 67,5 хувийн саналаар,

Хүрэлбаатарын Мөнхзулийг ХЭҮК-ийн гишүүнээр сонгоё гэсэн санал хураалт явуулахад 40 гишүүн оролцож, 60 хувийн саналаар 

Жаргалсайханы Хунанг ХЭҮК-ийн гишүүнээр сонгоё гэсэн санал хураалт явуулахад 40 гишүүн оролцож, 23 нь дэмжиж, 57,5 хувийн саналаар тус тус дэмжлээ. 

Ийнхүү Монгол Улсын ХЭҮК-ийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг баталсанд тооцож, УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.  

Үргэлжлүүлэн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах юм.

11 : 47
2020-11-6

Баг, сум дээрх хүний эрхийн зөрчилд онцгой анхаарч ажиллаач ээ!

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМАА

-Хэвлэн нийтлэх, мэдээлэл түгээж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний аюулгүй байдал, эрхийг хамгаалах талаар яаж анхаарч ажиллах вэ? Иргэний нийгмийн байгууллагуулдтай хэрхэн хамтарч ажиллах вэ? Сошиал орчин дахь хүний эрхийн асуудлаар юу хийх вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн талаар яаж ажиллаж байна вэ? Хүүхдүүд бусдын гарт амиа алдаж байна. Дөрвөн настай хүүхэд хоолгүйн улмаас амиа алдсан. Бид эрсдэлийн тооцоог яаж хийх вэ? Яаж иргэндээ хүрсэн ажил хийх вэ? 

Х.МӨНХЗУЛ: 

-Хэвлэн нийтлэхтэй холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудал давхар яригддаг. Монгол Улс Эрүүгийн хуулиар гүтгэх асуудлыг худал мэдээлэх гэсэн зүйлчлэлээр оруулсан. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлчдийн асуудал нэлээн зөрчигдөж байна. Бид "Глоб интернэйшнл" иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал ХЭҮК-ийн анхаарлаа хандуулдаг асуудлын нэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийг гаргахад оролцсон. Байнга мониторинг хийдэг. Эдгээр асуудлуудад анхаарч ажиллана. 

Г.НАРАНТУЯА: 

-Хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрхийн тухай асуудал олон улсад ч анхаарал татсан асуудал болж байна. Өнгөрсөн нэг сард Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой ахиц дэвшил гаргаад, сэтгүүлчдийг барьж хорихоо болих чиглэлд явж байгаа ч айлган сүрдүүлэх явдал байна. Цахим орчинд эрхийн зөрчил байна. Энэ асуудалд анхаарч ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэл сэтгэлгээний ажил алгуур явагддаг. Энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМАА: 

-Сэтгүүлчид маань эрх нь зөрчигдөж байхад ХЭҮК ирж байгаагүй гээд асуудал тавьж байна. Энэ чиглэлд анхаарч ажиллаарай. Та бүхэнд амжилт хүсье. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ: 

-Олон сайхан залуучууд нэр дэвшиж байгаад талархалтай байна. Монголын ард түмэн та бүхнээс нэлээн шинэ зүйл хүсч хүлээж байгаа байх гэж бодож байна. Монгол Улсын нутаг дэвсгэр асар том. Бид цөөхөн хүн амтай. Холбоо харилцаа, дэд бүтэц гээд, сум сумаас цаашхи багийн түвшний асуудлыг ярих гэж байна. Хүйсийн харилцаа, эхнэргүй нөхөргүй, суух гэхээр цус ойртох гээд байдаг. Үр хүүхэдгүй, нэг мэдэхэд нас нь өтөлдөг. Сая тойргоор явж байхад Дарьганга сумын иргэн Дугарсан гэж хүнтэй уулзсан. Тэр хүнийг нэг дуудаж ирж сонсооч гэж бодож байна. Баг, сум дээр байгаа хүний эрхийн зовлонг маш нарийн ярьдаг. Энэ дээр онцгой анхаарч ажиллаач ээ. Монголын хаа нэгтээ тохиож байгаа асуудал. Энэ хүмүүсийн сэтгэл санааг сонсож, төрийн бодлогод оруулаач ээ гэж бодож байна. 

Ж.ХУНАН:

-Алслагдмал газрын иргэдийн хувьд хүний эрхийн тулгамдсан асуудал мөн. Наад зах нь төрийн үйлчилгээнд хамрагдах, сурч боловсрохоос эхлээд хүний эрхийн зөрчил гардаг. Цус ойртолт яах аргагүй тулгамдсан асуудал мөн. Бид эхний ээлжинд нарийн судалгаа хийх шаардлагатай. Дараа нь юу хийх шийдлийг санал болгох боломжтой. 

Д.СҮНЖИД:

-Дээрх асуудлуудтай санал нийлж байна. Иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтраад шийдлийг гаргах хэрэгтэй болов уу. 

Б.ЭНХБОЛД: 

-Үнэхээр тулгамдсан асуудал. Хүний эрхийн асуудал гэхээр их л том юм бодоод байдаг. Тусгай соён гэгээрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. 

Х.МӨНХЗУЛ:

-Маш чухал асуудал хөндлөө. Алслагдсан бүс нутагт хүний эрхийн зөрчлийн асуудал маш их байдаг. Мэдээлэлгүйгээс эрх нь зөрчигдөж байна. ХЭҮК орон нутагт аймаг болгонд нэг нэг ажилтантай. Тэдгээр ажилтнуудын хувьд санхүүгийн асуудал хүндрэлтэй. Сургалт, сурталчилгааны мөнгө байхгүй ч аль болох олон улсын байгууллагын дэмжлэг авч зохион байгуулдаг. Малчдын эрхийн асуудлыг энэ жилийн судалгааны тайландаа тусгасан байна. 

Г.НАРАНТУЯА: 

-Төрийн бодлогын хувьд стратегийн маш чухал асуудал. Энэ асуудлыг салбарын мэргэжилтнүүдтэй хамтран судалъя. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ: 

-Анх удаа нээлттэй сонгон шалгаруулж байгаа нь Монголын хувьд хүний эрхийн том жишиг. Бусад шүүх эрх мэдлийн байгууллагын гишүүдийг нээлттэй, ил тод зохион байгуулах нь зүйтэй. ХЭҮК-ийн гишүүнээр томилогдож буй гишүүдэд анхааруулж хэлэх чухал зүйлүүд байна. Freedom house-ийн судалгаагаанаас харахад, Монгол Улсад эдийн засгийн мөлжлөг, боолчлол далд хэлбэрээр байгаад байгаа юм болов уу. Батсуурь гишүүний хэлснийг дэмжиж байна. Туслах малчны асуудал байна. Тэнд бэлгийн мөлжлөг ч байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудалд анхаарч ажиллаарай. Шударга ёсны асуудалд мөн онцгой анхаарч ажиллаасай гэж бодож байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР: 

-Чухал томилгоо явагдаж байна. Манай улс төдийгүй дэлхийн хэмжээнд хүний эрхийн асуудал яригдаж байгаа. Нэр дэвшиж буй 20 хүнээс 5-ынх нь асуудлыг хэлэлцэж байна. Нөгөө 15 хүний эрх зөрчигдөөгүй байгаа? 

Хуулиа хэрэглээд өрөөндөө суугаад байж таарахгүй байх. Хуулиа хэрэглэхийн зэрэгцээ сайн менежер байх нь зүйтэй болов уу. Хүүхдийн эрхийг яаж зөрчихгүй байх вэ гэдэг сургалт, сурталчилгааг ХЭҮК-ийн гишүүд зохион байгуулах шаардлагатай болов уу. Нэр дэвшигч Хунанг би эчнээ мэднэ. Олон жил хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан. Итгэж байна. Эмэгтэй нэр дэвшигчдийг ч дэмжиж байна. Бүх салбарт хүний эрх зөрчигдөж буй. Тэр бүрт та бүхэн байх ёстой. Ярьж хэлж, хөөлцөлдөж гүйж байх ёстой. Асуудлаа бидэнд орж ирээд ярьж бай. Амжилт хүсье. Та бүхэнтэй ойр ажиллахыг хичээнэ. 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ: 

-Өмнө нь ямар мэдлэг боловсролтой нь чухал биш, дарга оруулж ирсэн гэдэг утгаар томилгоо хийгддэг байсан. Одоо энэ жишиг эвдэгдэж байна. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад, ХЭҮК-ийн таван гишүүний орон тоо сул байсан тул таван нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Сонгон шалгаруулалтад оролцсон 19 хүний бүх материал вэб сайт дээр нээлттэй бий. Цаашид шаардлагатай гэж үзвэл нууцаар санал хураасан хамгийн өндөр оноотой, мөн бага оноотой нэр дэвшигчийн мэдээллийг нээлттэй болгож болно. ХЭҮК-ийн гишүүн хоёр удаа сонгогдон ажиллах боломжтой. Одоо ажиллаж байгаа хоёр гишүүний хувьд нэр дэвших боломж нь хаагдсан байгааг та бүхэн ойлгоорой. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН: 

-Маш чухал асуудал. Дэвшилттэй талууд байна. Өмнөх нийгмийн үед хүний эрхийн асуудал, эдлэх эрхүүд хангалттай зөрчигддөг байсан. 90 оны ардчилсан хувьсгалаас хойш үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг эрхүүд нээлттэй болсон. Ардчилсан нам ч хүний эрхийг хангах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Та бүхэн хүний эрхийн чиглэлээр юу юу хийж байв? Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн нэр дэвшиж орж ирж байна. Хамгийн ихээр ард түмэнтэй ойртон ажилладаг нь цагдаагийн байгууллагынхан. Энэ талаар юу бодож байна вэ? Үндсэн хуулийн 14-р зүйлд хүнийг үндэс угсаа, ажил мэргэжлийн байдлаар нь ялгаварлаж үл болно гээд заасан. Мөн 16-р зүйлд хүн ажил мэргэжлээ сонгох, сонгогдох эрхтэй гээд заагаад өгсөн. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ? 

Ж.ХУНАН:

-Монгол Улс их онцлог. НҮБ-аас гаргасан хүний эрхийн бараг бүх гэрээ, конвенцид нэгдэн орсон байдаг. Хэд хэдэн асуудал Монгол Улсад тулгамддаг. Олон улсын ихэнх гэрээ, концвенцид нэгдэн орсон ч үг, үсгийн тайлбарын асуудал тулгамддаг. Гэрээ, конвенцийн хэрэгжилт, орчуулгын асуудалд анхаарах ёстой байгаа юм. Тайлбаруудыг нь орчуулаагүйн улмаас дотоодод хэрэгжих тал дээр асуудал үүсдэг. Энэ дээр УИХ, Тамгын газар ч анхаарч ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Хүний эрхийг хангах хороо, НҮБ-д хүний эрхийг хамгаалах төслийн зохицуулагч, ядуурлыг бууруулах төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Эрх зүйн туслалцааны төвүүдийг бүх аймаг, дүүрэгт байгуулах байсан. Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг хамгаалах талаар ажиллаж байсан. И хөтөч буюу цахим хөтөч бүтээх ажилд гар бие оролцож явсан зэрэг ажлын туршлагатай. Цагдаа хүний эрх зөрчих асуудал олон улсад ч түгээмэл. Хүний эрхийн сургалт тогтмол явуулж, асуудлыг цогцоор нь шийдэх нь зүйтэй гэж бодож байна. 

Д.СҮНЖИД: 

-Монгол Улс 70 гаруй хүний эрхийн гэрээ, конвенцид нэгдсэн. Хэрэгжүүлэхэд орчуулгын асуудал тулгамддаг, түүнд анхаарахыг хуульчид хэлдэг. Удирдлагын академи, Хууль зүйн сургуульд багшилж байсан. Өмгөөлөгчөөр найман жил ажилласан.

Х.МӨНХЗУЛ: 

-Хүний эрхийн чиглэлээр 22 жил ажилласан. Дээд шүүхийн шүүгч сонгох гэдэг маш хариуцлагатай ажил. Хуульд ямар шаардлага тавьсан тэр хуулиа л барьж ажиллах байх. 

Г.НАРАНТУЯА:

-НҮБ-аас Монгол Улсад хүний эрхийн байдлыг сайжруулах 1000 гаруй зөвлөмж өгсөн. Манай тогтолцоонд тэр бүр нийцэхгүй зөвлөмжүүд ч бий. Энэ дээр ХЭҮК анхаарч, мэргэжлийн түвшинд ойлголт өгч байх ёстой гэж бодож байна. 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурч төгссөн. Оюутан байхаасаа эхлэн хүний эрхийн байгууллагад ажилласан. Эмнести интернэйшнл байгууллагад ажиллаж байсан. Тасралтгүй хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна. 

Орон нутагт намчирхах, үзэл бодлоор нь ялгаварлах асуудал бий. Байж болохгүй асуудал. 

Б.ЭНХБОЛД: 

-Хүний эрхийг хангах, хамгаалах бүх шатны сургалт тасралтгүй явуулж ирсэн. Төрийн тусгай байгууллагуудад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр анхаарал хандуулж ажиллана. Багшлах ажлын зэрэгцээ НҮБ, Азийн сан, Азийн хөгжлийн банк, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үйл ажиллагаанд санал санаачлага гаргаж ажиллаж ирсэн. Цагдаагийн байгууллагад, хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн. Нийт 30 гаруй эрдэм шинжилгээний ажил, томоохон төсөлд ажилласан туршлага бий. Олон улсын гэрээнд нэгдээд орчихдог, хэрэгжилт хангалтгүй байдаг. Энэ чиглэлд цаашид анхаарч иргэний нийгмийн болон бусад байгууллагуудтай хамтарч ажиллана.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД: 

-Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Ганц хоёр тодруулах асуудал байна. Бүх хүний хувьд эрхийг нь хамгаалсан хууль жигд, адил үйлчилдэг байх ёстой гэсэн зарчим барьж ажиллах ёстой. Шүүхээр шийдээгүй байхад хэн нэгнийг гэм буруутай мэтээр нийгмийн сүлжээгээр мэдээлэл түгээдэг. Тэрэнд шүүгч нар тодорхой хэмжээгээр автагддаг. Үүнээс үүдэн асуудлыг буруу шийддэг тохиолдол гардаг, хүний эрх зөрчигддөг. Хууль бусаар ажлаас халсан байх гэх зэрэг асуудалд ХЭҮК яаж ажиллах вэ? 

Ж.ХУНАН: 

-Хүнийг шүүхээс өмнө ялладаг явдал нэлээн түгээмэл болсон. Энэ нь шүүгч нарт нөлөөлөх үр дагавар дагуулж байна гэдэг нь ажиглагдаж байна. Олон улсад ч үүнийг зохицуулах талаар тодорхой шийдэл гараагүй байна. Эрх чөлөө, шударга ёсны асуудал яригддаг учраас баланс нь хаана байх вэ гэдгийг нарийн судлах хэрэгтэй. Таны хэлдгээр шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцоохгүй. Эрх нь зөрчигдсөн бол хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой. УИХ-ын гишүүн, нэр дэвшигчийн халдашгүй байдлын талаар одоо шууд хэлэх боломжгүй. Тухайн хэрэгтэй танилцаж, уншиж байж дүгнэлт хийх боломжтой. Халдашгүй зарчим хаана ч үйлчилнэ. 

Д.СҮНЖИД: 

-Цахим технологи ашиглахад хүний халдашгүй байдлын хүрээ хязгаарыг яаж тогтоох вэ гэдэг дээр шийдэл чухал. Их хурлын гишүүний халдашгүй байдлын тухай яригддаг. Шүүхийн шийдвэрийг залруулах давж заалдах, хяналтын шатны байгууллага байдаг. Шүүх шийдвэр гаргасан бол шүүхээрээ залруулагдах тогтолцоотой. 

Б.ЭНХБОЛД:

-Сошиалийн хөгжилтэй холбоотойгоор хүнийг гэм бууруутай нь тогтоогдоогүй байхад шүүж ялладаг асуудал гарч байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид мэдээллийг илүү бодитой мэт болгож, хуурамч мэдээлэл тараан, дэгсдүүлж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа нь энэ гээд сэтгүүлчийн ёс зүйн алдаа гаргаж байна. Хэвлэл мэдээлэлд суурилсан хүний эрх, эрх чөлөөний тухай асуудлыг хэрэгжүүлэхэд санаачлага гарган ажиллана.

Г.НАРАНТУЯА: 

-Бусад нэр дэвшигчидтэй зарчмын хувьд санал нэгдэж байна. Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлыг хангах ёстой. Тухайн кейстэй танилцаад, хариулт өгөхөд бэлэн байна. 

11 : 22
2020-11-6

"Эздийн өмнөөс хуцдаг нохдын зарим нь хаздаг"

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Асуух зүйл алга. Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Шинэ хандлага гарч байна. Шинэ горьдлого төрж байна. Намтруудыг нь харж байна. Бүгд өндөр боловсрол эзэмшиж, бие даасан байр суурьтай хүмүүс байна. Хүний эрхийг хамгаалаад явахаар хүссэн хүсээгүй хэн нэгэн эрх мэдэлтэнтэй тулна, хэн нэгэн эзний эрх ашиг хөндөгдөж таарна. Тэр эзэн, тэр мөнгөтэй хүн, тэр эрх мэдэлтэн өөрийн гэсэн телевиз, сонин, сайттай. Өөрийн гэсэн өмнөөс нь хуцдаг нохойтой. Зарим нохой нь хаздаг. Ийм үед та бүхэн өөрсдийнхөө байр суурийг хатуу барьж, зарчимтай хандах ёстой. Нэг хүний эрхийн цаана олон мянган хүний эрх давхар шийдэгдэх магадлалтай. Нэг өргөдөл ирлээ гэхэд сайн судалж, шийдвэрлэж байх ёстой. Зарим хүн эрх зориг гээд байх шиг байна. Эр зориг биш ээ, зарчмаа хатуу барь.

Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараар 137 орноос 110-д орсон. Хэн нэгний хараат байж хүний эрхийг яаж хангах вэ. Та тавыг дэмжинэ. Зарим нь өсөөд дэвшээд явдаг, зарим нь хэн нэгний бууны нохой болоод явдаг. Тийм учраас та бүхэн монголчуудын горьдлогыг үйлдлээрээ харуулж өгөөрэй гэж онцолж хэлмээр байна. Хэн нэг хүний, хэн нэг эзний, хэн нэгэн эрх мэдэлтний явуулгаар ажлаа явуулж болохгүй шүү. Хүн талаасаа, хүний эрх талаасаа асуудалд хандаад ирвэл бүх юм зөв болно. Та бүхэнд амжилт хүсье. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: 

-УИХ анх удаа ийм шинэ хандлага бий болгож байгаа юм байна. Хүмүүсээ ил тод нээлттэй сонгон шалгаруулалтаар авач байгаа юм байна. Нэг удаагийн ажил болоод орхигдохгүй байх гэж бодож байна. Хүний эрхийн байдал амаргүй байгаа. Амьд явах эрх ямар байдалтай байна? Жилд зам тээврийн ослоор 25 мянган хүн амиа алдаж байна. Энэ бол аймшгийн тоо шүү дээ. Иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа хангагдахгүй байна. Цаашлаад уул уурхай дамжсан ашиг хонжооноос иргэд маш хэцүү байдалд байна. Монгол өргөн уудам газар нутагтай. Тэндээ малаа хариулаад явах боломж хумигдаж байна. Нөхцөл байдал ер нь аймшигтай байгаа шүү. Та бүхэн нэлээн явдаг байх шаардлагатай. Хүний эрх Монгол Улсад хамгийн доод хэмжээнд хүртлээ доройтсоны шалтгаан юунд байна вэ? гэдгийг 2000 оны эхнээс эрдэмтэн, профессорууд сануулаад байж. Энэ талаар ямар дүгнэлттэй байдаг вэ?

Ж.ХУНАН:

-Тантай санал нэг байна. Яах аргагүй санаа зовоож буй асуудал бол энхийн цагт амиа алдаж буй хүмүүсийн тоо. Бид төрийн үйлчилгээг хүртээмжтэй болоход анхаарах ёстой. Соён гэгээрүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийх ёстой гэж бодож байна. Иргэдтэйгээ бид ажиллахгүй байгаагийн үр дагавар юм болов уу. Иргэдтэйгээ ажилладаг болох, иргэдээ гэгээрүүлэх, хүний эрхийн соёлыг хүндэтгэдэг болоход анхаарч ажиллана.

УИХ-ЫН ГИШҮҮН АДЪШАА:

-Нэр дэвшигчдийг дэмжиж байна. ХЭҮК гэдэг байгууллага илтгэл тавьж, УИх түүнийг сонсдог, нэр төдий байдлаар ажиллаж ирсэн гэж ойлгож явдаг. Энэ цаг үеэс эхэлж энэ комисс өөр зүйлийг бодож, өөр үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. ХЭҮК хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн асуудалд холбогдсон хүмүүсийн эрхийг хамгаалдаг гэсэн ойлголттой ажиллаж ирсэн. Энэ бол ХЭҮК-ийн хийх ажлын нэгээхэн хэсэг. Хүний амьдрал, эрүүл мэндээ хамгаалах зэрэг бүхий л эрхийн талаар анхаарал хандуулж ажиллах шаардлагатай. Та бүхэн олон зүйлтэй учирч таарна. Та бүхнийг ажлаа олон түмнийг соён гэгээрүүлэхээс эхлүүлээсэй гэж бодож байна. Та бүгдэд амжилт хүсье. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: 

-Өнөөдрийн үйл явцыг хүний эрхийн асуудал дээр санаа зовдог төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд анхааралтай харж байгаа. Бидний хамгийн сайн чадах зүйл бол нөлөөллийн үйл ажиллагаа. Хүний сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх юм. УИХ-ын шинэчлэлийн асуудал та бүхний томилгоогоор харагдаж байна. Олон түмний төлөөлөл та бүхэнд итгэл хүлээлгэж байна. Та бүхний чадавхиа нэмэх гол зүйл бол түншлэл. ХЭҮК-ийн гишүүд хууль хэрэглэж, хүний эрхийн төлөө тэмцэнэ. Хууль хэрэглэх өндөр чадвартай учраас та бүхнийг сонгохоор ярьж байна. Хэл яриагаа сайжруулах, дүгнэлт хийх тал дээр та бүхэн анхаарах хэрэгтэй. Сул чадавхитай бол тэрийгээ нэмэгдүүл. Та бүхнийг би дэмжиж байна. 

УИХ Ёс зүйн хариуцлагын хороо анх удаа байгуулсан. Цаашдаа сонгох журмыг баримтална.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Та бүхний анкет намтрыг харсан. Өнөөдөр ус, агаар мэт чухал ажил дээр та бүхэн очих гэж байна. Хүний эрхийн зөрчил хаа сайгүй байгаа. Байгаа боломжоороо ажиллаж байсан гишүүд байнгын дарамтад байсан. Хүний эрхийн төлөө тэмцэж байсан бүхэн дандаа гадуурхалд өртдөг. Хүний эрхийн чиглэлээр юу хийж байв? Агаар, хөрсний бохирдлын талаар хэн ч дурдахгүй байна. 

Ж.ХУНАН:

-Миний хувьд Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр Унгар улсад суралцаж, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн. Агаар, усны бохирдлын тухайд хэлэхэд бид хүний эрхийг анхаарахгүй байх байдал даамжирснаас ийм байдалд хүрсэн. Тиймээс энэ асуудлыг анхаарч ажиллана гэж бодож байна. 

Н.ЭНХБОЛД:

-БНСУ-д докторын зэрэг хамгаалсан. БНСУ-ын профессорын тэтгэлгээр суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан. Хамгийн их хүний эрх зөрчигдөж байгаа асуудал юу вэ? гэж асуусан. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах гэж би хариулсан. Энэ асуудалд анхаарч ажиллана. 

Х.МӨНХЗУЛ

-Хүний эрхийн хамгааллын эрх зүйн байдлын хуулийн төслийг иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран боловсруулж, Цогтбаатар гишүүний санаачлагаар хамтарч ажиллаж байна. 

Г.НАРАНТУЯА:

-Мельбурны их сургуульд төрийн сангийн зээлээр сурч төгссөн. Австралийн үндэсний их сургуулийн докторын сургалтад тэтгэлгээр сурсан. Монголд өрсөлдөөгүй, олон улсын болон Австралийн оюутнуудтай өрсөлдөж тэнцэж сурсан. Хүний эрхийг хангах тогтолцоогоор ажиллаж байж сайжруулна. ХЭҮК дэмжиж, болохгүй бол хатуу хариуцлага тооцдог байх ёстой болов уу. 

 

10 : 19
2020-11-6

Т.Аюурсайхан: Алхам тутамд хүний эрх зөрчигдөж байна

Г.НАРАНТУЯА:

-Намын нөлөөлөл байхгүй. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2012 оноос хойш гадаадын байгууллагад ажилласан. ХЭҮК-ийн гишүүнээр ажиллахад цалин хөлс хэд дахин буурч байгаа ч эх орондоо сурснаа шингээх хэрэгтэй гэж бодож байна. Зориг зүрх гаргах гэж ирсэн. Олон асуудал дээр УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүсч ажиллана. Та бүхнийг хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Б.ЭНХБОЛД:

Улс төрийн намд ажиллахыг хориглосон ажил эрхэлж ирсэн. Багшлахаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хүний эрхэд чиглүүлж ажиллаж ирсэн. 30 гаруй судалгааны ажилд сайн дураар ажиллаж ирсэн. 2000 албан тушаалтанд Хүний эрхийг хангах талаар судалгаа сургалт явуулсан. Төрийн бус байгууллагуудтай хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тогтвортой ажиллаж ирсэн сэтгэл зүрх гаргаж ажиллая гэж бодож байна.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал санаачлага гаргаж, өөрийн байр суурин дээр зориг гарган ажиллаж чадна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: 

-Нэр дэвшигчид шалгуур хангаж байна. Нам дамжсан нэг ч хүн алга. Би байнгын хороон дээр нэг л асуудал дээр дутуу байж магадгүй гэдгийг хэлсэн. Энэ нь улс төрийн зориг. Та бүхэн гадаад улсын байгууллагын төлөөлөгчийн газарт томилолт аваагүй шүү. Монгол төрийн өндөр албан тушаалтнаар томилогдохоор яригдаж байна. Хэрвээ сонгогдвол ярьж хэлж байгаа зүйл, албаны нууцтай холбоотой шаардлагууд тавигдана. Үүнийг бас бодоорой. 

Ж.ХУНАН:

-2019 оны гурван сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор ҮАБЗ-ийн гишүүдийг томилдог болсон нь Үндсэн хууль зөрчиж байна уу гэсэн асуулт. Шууд зөрчил гэж харахгүй байгаа. Эрсдэл бий болгож буй. Шууд зөрчсөн гэж үзэхгүй байна.

Д.СҮНЖИД:

-Шүүх бие даасан, хараат бус байх ёстой. Үзэл баримтлалтай нийцэж байна уу гэвэл үгүй. Эрсдэл дагуулна.

Х.МӨНХЗУЛ:

-Шүүх эрх мэдэл хараат бус байж Үндсэн хууль хангагдана. Шүүхийн хараат бус байдлыг зөрчиж байна гэж үзэж байна.

Г.НАРАНТУЯА:

-Шүүх хараат бус байх ёстой гэдэг дээр тууштай тэмцэнэ. Монгол төрийн албан хаагч гэсэн сануулгыг хүндэтгэн сахина. Монгол төрийн язгуур эрх ашгийг хүндэтгэх болно.

Б.ЭНХБОЛД:

-Зөвлөмжтэй холбоотой хуулийн зохицуулалт тодорхой хугацаанд үүргээ биелүүлж, иргэд шүүхэд итгэх нь суларсан үед гаргаж тавьсан нь чухал байсан. Гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол шүүх хараат бус байх Үндсэн хуулийн зарчимдаа буцаж орсон нь зүйтэй болов уу гэж бодож байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:

-УИХ анх удаа ХЭҮК-ийн гишүүдийг сонгон шалгаруулалтаар томилох гэж байна. Хэн нэгний танил биш, хэн нэгний гар хөл биш гэсэн шалгуураар шалгаруулж байх нь зүйтэй гэж бодож байна. Таван нэр дэвшигчийг дэмжиж байна. Ид хийж бүтээх насны, мэдлэг боловсрол, хүний эрхийг хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр, эрдэм шинжилгээний бүтээл хийсэн зэрэг дээр ямар нэгэн шүүмж хэлэх зүйл алга. Сонгогдвол ажилдаа яаралтай ормоор байна. Алхам тутамд хүний эрх зөрчигдөж байна. Халуун цэгт нь очих хэрэгтэй. ХЭҮК-ийн өмнөх гишүүд маш муу ажилласан. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ: 

-Өнгөрсөн хугацаанд ХЭҮК хүүхдийн эрхийн асуудал дээр дуугарч байсан. Гэхдээ хүүхдийн ямар эрх дээр дуугарч байсан бэ гэдэг учир дутагдалтай. Нэр дэвшигч Хунан гэл үү, хүний эрхээ сайн ойлгож байна уу. Их бөөрөнхий юм яриад сууж байх юм. Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байна. Ажил хариуцсан гэдэг утгаар сургууль, удирдлага руу хариуцлага яригддаг. Сургуулийн бус орчинд, олон нийтийн газарт буюу гэрийн орчинд хүүхдийн эрх их зөрчигддөг. Хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлын 90 гаруй хувийг эзэлдэг. ХЭҮК энэ талаар дуугарч байсныг мэдэхгүй. Эцэг эхчүүдэд хүүхдийн эрхийг ойлгуулах, таниулах талаар ХЭҮК сайн ажиллаасай гэж бодож байна. Хүүхэд ямар орчин нөхцөлд сурч боловсорч байна вэ? Энийг өөрчлөх ёстой. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурах ёстой гэсэн асуудлыг би сайд байхдаа бүх аймгаар явахдаа ярьж явсан. Энэ болгон дээр та бүхэн онцгой анхаарч ажиллаарай. Бүх салбарт хүний эрхийн асуудал байгаа. Энэ болгон дээр анхаарч хичээл зүтгэл гарган, энд ярьж байгаа шигээ хичээж ажиллаарай.

09 : 33
2020-11-6

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.11.06/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилох тухай асуудал
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал.

Хуралдааны эхэнд Монгол Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Х.Мөнхзул, Б.Энхболд, Ж.Хунан, Г.Нарантуяа, Д.Сүнжид нар нэр дэвшиж буй. Шинэ гишүүдээс УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж