Дунд голоор өгсөж явсаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо гэх хуучин цагаан байшингийн дэргэд ирэв. Зүүн хажууд нь бор шаргал есөн давхар ажилчдын байр, баруун хэсэгт нь сургалт үйлдвэрийн хоёр давхар цагаан, ногоон өнгөтэй байр байрлана. Онгорхой цонхоор нь чанга чанга инээн, хоорондоо ярилцаж, цайндаа явах болж байна уу гэсэн хэсэг хүний дуу сонстов. Чимээ гарах байшин руу ороход нэг давхарт нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нүргэлэх дуу хадаж байлаа. Харин дээд давхарт гарахад хамгийн булангийн өрөөнд 20-иод хүн ширээ тойроод суучихсан, миний цаасны боодол дууслаа, одоо хэдийг наасан бэ? гэхчлэн нэг нэгнээсээ асууж, цаасны боодлоо хичээнгүйлэн нааж харагдана. Тус өрөөн дэх хүн бүрийн өмнө 10 гаруй цаас тавьсан байх бөгөөд хараагүй ажилчид түүнийг нэг нэгээр нь авч, гялгар боодол дээр тавин эргүүлж, хоёр амыг нь нийлүүлж наагаад, дээд доод хэсэгт илүү гарсан гялгарыг нь яг л чихрийн цаас боож байгаа юм шиг боогоод сууж байсан юм. Тэд яг л нэг гэр бүл шиг ширээ тойрон сууж, халуун дотно яриа үүсгэж ажлаа хийцгээж байв. Тус сургалтын төвийн ажилтан В.Ариунсүхээс хэрхэн “Мазаалай” эко ариун цэврийн цаасыг бүтээдэг талаар тодрууллаа.
-Та хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын төвд хэдэн жил ажиллаж байна
-Би 2004 онд “Монголын Хараагүйчүүдийн холбоо”-нд ирж анкет бөглөөд, нэг сарын сургалтад суусан. Тэгээд шалгуурт нь тэнцсэн учраас одоог хүртэл ажиллаж байна. Мөн манай гэр бүлийн хүн хамт ажилладаг. Тиймээс энэ газар бараг л миний хоёр дахь гэр гэж хэлж болно.
-Танай төвд хэр их хүн ажиллаж байгаа вэ? Ажиллахаас гадна олон сургалт байдаг гэж сонссон.
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр нь нийт 100 гаруй ажилчинтай. Зөвхөн ажиллах биш сургалтын төвүүдэд хамрагддаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг олон хүн бий. Дотроо үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг эдлэл, оёдол гээд хуваагддаг. Одоо байгаа энэ цех бол жижиг эдлэл буюу эсгий гэр, гэрийн дээвэр, туурга, хялгас, мяндсан шүүр, ариун цэврийн цаас хийдэг 26 ажилтантай. Манайх дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгэн хүртэл зуны цагийн хуваариар 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг. Харин өвөл 16:00 цаг хүртэл ажиллана. Гэхдээ захиалга ихтэй үед заавал дуусгаж байж л явна. Сүүлийн жилүүдэд захиалагч их багассан. Тиймээс орж ирсэн захиалгаа түргэн шуурхай гүйцэтгэх гээд л бид хурдан хөдөлж байна. Одоо манай үйлдвэрт хамгийн олон жил ажилласан хүн нь 32 жил, хамгийн бага туршлагатай хүн нь хагас жил ажилласан байх жишээтэй.
–Мазаалай нойлын цаасыг хэзээнээс үйлдвэрлэх болов?
-Ариун цэврийн цаас бол хүний өдөр тутмын хэрэглээ. Тиймдээ ч цаасны бизнес маань зах зээлд амжилттай хөл тавина гэдэгт бид итгэлтэй байгаа. Манай даргын хэлснээр анх 2014 онд төсөл боловсруулж, 2018 тоног төхөөрөмж зэргийг төслийн мөнгөөр худалдаж авсан гэдэг. Харин өмнө жил улсаас 250 сая төгрөгийг цаасан уут, даавуун тор, ариун цэврийн цаас хийхэд тусгайлан дэмжлэг үзүүлсэн. Тэгээд л бид өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мазаалай” эко ариун цэврийг цаасыг үйлдвэрлэн худалдаанд гаргаад байгаа. Хэдийгээр бид үйлдвэрлэж байгаа ч хэрэглэгчийн хувьд хэлэхэд “Мазаалай” цаас бусад нойлын цаастай харьцуулахад үнэ хямд, бас чанар өрсөлдөхүйц байж чадна гэдгийг бардам хэлнэ. Мазаалай нойлын цаасны нэг ширхэгийг 800 төгрөгөөр худалдана.
АРИУН ЦЭВРИЙН ЦААСНЫ БУРЛУУЛАЛТ ТУТМААС НЭГ ТӨГРӨГИЙГ ХАНДИВЛАДАГ
Ариун цэврийн цаасны борлуулалт тутмаас нэг төгрөгийг “Мазаалай хамгаалах сан”-д өгдөг гэдгээрээ бидний хийж байгаа бүтээгдэхүүн онцлог. "Мазаалай" ариун цэврийн цаасыг үйлдвэрлэгч иргэд хэдийгээр хараагүй ч эх орныхоо ховордсон ан амьтныг хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нь хүний хандлага аливаа хөдөлмөрийг чимдэг хамгийн чухал зүйл гэдгийг харуулж байна.
Үүнээс гадна тэд даавуун тор, гэр ахуйн хэрэглээнд зориулан шалны мод, шүүр, ажлын бээлий зэргийг үйлдвэрлэдэг аж. Тус үйлдвэрийн нийт ажилчдын 80 орчим хувь нь харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургаж, дадлагажуулан ажлын байраар хангахын зэрэгцээ 20-30 жил ажиллаж байгаа туршлагатай хамт олонтойг ч тэд мөн онцолж байсан юм. Ойрын үед гэр ахуйн барааны захиалга ховордож, үйлдвэрлэл бараг шахуу зогсоод байсан ч одоо тэд шинээр гаргаж буй “Мазаалай” бренд бүтээгдэхүүндээ найдлага тээн ажиллаж байна. Хэдийгээр коронавирусын цар тахалтай холбоотойгоор үйлдвэрлэл саатсан ч тэдний шаргуу хөдөлмөр бүтээгдэхүүнээ нийтэд хүргэх гол хөшүүрэг болж байгаа нь бахархалтай. Тэд ширээ тойроод яриад, ажиллаж суухдаа үйлдвэрлэлээ улам ч хурдан болгодгийг онцлов. Учир нь тэд хоорондоо ярилцаж, хоорондоо уралдаж ажилладаг.
Үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр хэмжээг нь тохируулж авч ирсэн цаасыг нэг ширхэгийн уутанд савлана. Харин нэг давхарт дөрөв болон наймаар тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар багцлан гаргадаг байна. МҮЭ-ийн холбооны төлөөллийн гишүүн байгууллага болох Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн ажилчид төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ААН-үүдийг ариун цэврийн цаасыг нь сонгон хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байгаа хэлж байсан юм. Усанд хурдан уусдаг, эко бүтээгдэхүүн учир хүний биед хоргүй аж. Мөн худалдаалах үнэ нь ч боломжийн юм билээ. Сэтгэл байхад шийдэл олддог гэдэг.
Мазаалай нойлын цаасны үйлдвэрийн нэр нь хүртэл их учиртай болохыг сонсоод үнэхээр эдгээр хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй сэтгэгдэл төрөв. Говийн баавгай гэгддэг мазаалай устаж үгүй болж байгааг аврах сэтгэлээр бүтээгдэхүүнээ ийн нэрлэсэн аж.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ