"Сурталчилгааны зураг авалтад заавал модель зогсох албагүй"

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

"Сурталчилгааны зураг авалтад заавал модель зогсох албагүй"

"Сурталчилгааны зураг авалтад заавал модель зогсох албагүй"

NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор гэрэл зурагчин бүсгүйг онцолж байна. Түүнийг Ё.Чанцалдулам гэдэг. Тэрбээр сүүлийн үед загварын чиглэлийн гэрэл зургуудаараа тодорч яваа уран бүтээлч юм.

Гэрэл зурагчин бүсгүй маань үндэсний хувцасны чамгүй олон брэндтэй хамтран ажилласан бөгөөд өөрийн бүтээлүүдийг Италийн "Vogue" сэтгүүлийн гэрэл зурагчдын буланд тогтмол гаргадаг байна. Хамгийн сүүлд “Говь” брэндийн намар, өвлийн коллекцид эгэл малчны төрхийг гэрэл зургийн хальснаа буулгасан нь олны хайр, хүндлэлийг хүлээгээд буй. 


ЁНДОН ЧАНЦАЛДУЛАМ 

Төгссөн сургууль:

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургууль /2001-2012 он/

Монгол Улсын их сургууль /2012-2016 он/

Мэргэжил:

Компьютер график дизайнер

Одоо эрхэлж буй ажил:

Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудас: 

Chayodu /фэйсбүүк, инстаграм/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. ГЭРЭЛ ЗУРАГТАЙ ХЭР ОЙР ӨСӨВ?

-Би Өвөрхангай аймагт төрж, тэндээ Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Хүүхэд байхдаа математик, физик, хими зэрэг хичээлдээ дуртай, хичээлээ хийгээд л явдаг хүүхэд байлаа. Сургуулиа амжилттай төгсөөд, инженер, эдийн засагч эсвэл менежер талдаа болно гэж боддог байсан. Тухайн үедээ нууцхан дуулж, бүжиглэж, жүжиглэх дуртай байлаа. Гэртээ янз бүр болоод маяглаж өгнө. Урлагийн хүн болох нууцхан мөрөөдөлтэй байсан юм. Одоо ч тэр мөрөөдлөө ил гаргаагүй л дээ. /инээв/

Би багаасаа  гэрэл зурагт дуртай, хайртай нэгэн байгаагүй. Надаас их хол зүйл байсан. Их сургуульд компьютер график дизайны ангид орсон нь энэ зам руу намайг хөтөлсөн гэж хэлж болно. Хоёрдугаар курст суралцаж байхдаа өдөр, шөнөгүй гар утсаараа зураг авдаг болж, гэртээ харихдаа автобусаар явдаг байсан бол алхаж харьдаг болсон. Энэ бол миний амьдралын сайхан дурсамжийн нэг.

АНХНЫ АМЖИЛТ

-Их сургуулиа төгсөөд удаагүй байхад “Гоёо” компаниас гэрэл зургийн уралдаан зарласан байсан. Тэдний бүтээлийг ашиглаж зураг авалт хийх байсан л даа. Уралдаанд график дизайныг гэрэл зурагтай хослуулан оролцож, дэд байр эзэлсэн. Тэр үед анх загварын зураг авах урам төрж байлаа.

ХЭЗЭЭНЭЭС ЗАГВАРЫН ЧИГЛЭЛЭЭР ГЭРЭЛ ЗУРАГ АВЧ ЭХЛЭВ. ЭНЭ ТӨРЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ОНЦЛОГ ГЭВЭЛ?

-Би анх гэрэл зураг сонирхож байхдаа ямар ч хамаагүй зураг дардаг байсан. Нэг хэсэг нүцгэн зураг авах гэж оролдсон. Нүцгэн зураг нь хүний хамгийн үнэ цэнэтэй, гэрэл зургийн амаргүй төрөл учраас хэсэгтээ авахгүй байхаар шийдэж, ажлын шугамаар баримтат зураг сонирхсон нь анхлан суралцагч надад маш сайн суурь болсон гэж боддог. Ер нь баримтат гэрэл зургийг гэрэл зургийн эцэг нь гэж үзэж болно байх.

Өнгөрсөн 2018 онд “Говь” компанид санамсаргүй байдлаар ажилд орж загварын чиглэлээр гэрэл зураг авдаг болсон. Миний хувьд тухайн бүтээгдэхүүний зургийг өөрийнхөө дуртай арга барил, мэдрэмжээр хувиргаж авахыг хичээдэг. Гэвч загварын чиглэлээр гэрэл зураг авахад бүтээгдэхүүний өнгө гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйлс байдаг нь хүссэнээрээ тоглолт хийх боломж бага болгодог. Энэ чиглэлийн гэрэл зураг авахад багийн ажил маш чухал үүрэгтэй. Маш сайн бэлдсэн байх ёстой.

“ГОВЬ” БРЭНДИЙН НАМАР, ӨВЛИЙН КОЛЛЕКЦИЙН ЗУРАГ АВАЛТЫН ТУХАЙ ЯРИАЧ. МОДЕЛЬ, ЗАГВАР ӨМСӨГЧДӨӨС ИЛҮҮ ЭГЭЛ МАЛЧДЫН ТӨРХ СОДОН САНАГДСАН?

-Сурталчилгааны зураг авалт гэхээр заавал загвар өмсөгч, модель зогсох албагүй. Манай багийнхан бүтээгдэхүүний загварыг гаргахаас гадна үзэгчдэд уран сайхны мэдрэмж мэдрүүлэхийг зорьсон. Илүү баримтат гэрэл зураг тал руугаа авсан гэх үү дээ. Зарим хүн “Бүтээгдэхүүний зургийг ингэж авахгүй” гэж шүүмжилж байсан. Гэвч бидэнд бүтээгдэхүүн сурталчлахаас илүү үнэ цэнэ хайх үе бий.

Аливаа брэндийг моделиуд өмсч сурталчилдаг хэдий ч эцсийн хэрэглэгч нь өндөр нам, тарган туранхай ямар ч хүн  байж болно. Юм энгийн тусмаа сайхан. Зургийг Төв аймгийн Батсүмбэр сумын малчин айлд авсан.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

– Миний хувьд чөлөөт цагийг залхуурмаар байвал залхуураад, дасгал хиймээр байвал хийгээд юу хүссэнээ л хийж өнгөрөөдөг. Нээрээ галерей их ордог юм байна. Ажлаар ч бай бусад үед ч бай хөдөөгүүр их явдаг. Мөн гэрийнхэнтэйгээ хамт амарч, цагийг өнгөрүүлэх дуртай.

 БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ?

-Манайх ам бүл тавуулаа. Манай аав, ээж малчин хүмүүс. Тэд маань их мэдрэмжтэй, урлагт их хайртай. Бага байхаас минь дүү бид хоёрыг их дэмждэг, янз бүрийн дугуйлан, сургалтад хамруулдаг байлаа. Оюутан болоод этгээд хувцас өмсч, үсээ тод өнгөөр будсан ч ойлгодог бараг тэрийгээ тэгчихмээр юм биш үү гэж зөвлөдөг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Ойрын төлөвлөгөө нууц шүү дээ. /инээв/ Би сурталчилгааны зураг авалтуудаа аль болох багасгаж, уран бүтээл тал руугаа ажиллахыг хүсч байна. Уран бүтээл хийж, тэндээсээ өөрийгөө цэнэглэж, урам авахыг хүсдэг. Магадгүй хэн нэгэнд би өөрийгөө олчихсон юм шиг харагддаг байх. Тийм биш ч байж болно. Би одоо ч өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг эрэлхийлж буй. Мөн авсан гэрэл зургуудаараа бие даасан үзэсгэлэн гаргах мөрөөдөл бий.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Би хөгширсөн ч эргээд харамсахгүйгээр амьдрахыг хүсдэг. Хэн нэгэнд бүхнээ зориулах ёстой бол зориулна, гуниглах бол гуниглана, хүссэн зүйлээ л хийнэ дээ. Ажил мэргэжлийн хувьд мундаг гэрэл зурагчин болоод, алдартай компани байгуулна гэх мэт зүйл мөрөөддөггүй. Яагаад ч юм бэ, амьдрал надад олон сайхан гэнэтийн бэлгийг бэлдсэн юм шиг санагддаг. Тэрхүү бэлгийг хүртэхийн тулд би өнөөдөр дуртай ажлаа өөрт үнэнчээр хийж, сайхан сэтгэлээр, тууштай байхыг боддог.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Тэдэнд миний зөвлөмж бараг илүүц болов уу даа. Учир нь, Монголын хойч үе болсон залуус маань их мэдрэмжтэй, авьяаслаг санагддаг. Намайг юу ч гэж шүүмжилсэн тэд өөрсдийнхөөрөө л хийх зүйлсээ хийнэ. Гэхдээ тууштай зан бол хамгийн чухал нь гэж би ухаардаг. Бүх хүмүүстээ сайн сайхныг хүсье.

ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮДЭЭС 

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж