Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль санаснаас ээдрээтэй болж байгааг онцлоод, хүн бүрийг сонгуулийн дүн ямар ч гарсан зөвөөр хүлээж авахыг уриалжээ.
Тэрбээр “Америкт одоо болж буй бүхэн бидний АНУ-ыг төсөөлдөгчлөн тийм ч ардчилсан гэхээргүй байна. Гэхдээ сонгуулийн дүн ямар ч гарсан хүн бүр хүлээн зөвшөөрөх нь нэн чухал. Ялагч байх амархан, сайхан байдаг ч ялагдагч байх заримдаа үнэхээр хэцүү” хэмээн жиргэжээ.
Трамп, Байден хоёул өөрсдийгөө ялах нь ойлгомжтой, бараг ялчихлаа хэмээн сонгуулийн эцсийн дүн гараагүй байгааг үл тоон мэдээлж байгаа билээ. Одоогийн байдлаар Байден 264, Трамп 214 төлөөлөгчийн саналтай байгаа юм. Санал тоолж дуусагүй байгаа мужуудын аль нэгд нь л Байден ялбал Ерөнхийлөгч болоход тун ойрхон байна.
Гэхдээ дээрх тоо өөрчлөгдөж ч магадгүй. Ерөнхийлөгч Трамп нь Мичиган, Жиоржиа, Невада, Пеннсилвани мужуудын тооллогыг зогсоож, Висконсин мужийн саналыг дахин тоолох хэрэгтэй хэмээн үзэж, хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн юм. Тэрбээр өрсөлдөгч талын хуйвалдагчид шөнийн цагаар саналын хуудсуудыг хаясан, хаалттай тоолсон, шуудангаар ирсэн саналуудыг бүрэн тоолоогүй гэдгийг онцолж, шаардлагатай бол АНУ-ын дээд шүүхэд хандах болно гэдгээ хэлсэн байна.
Эх сурвалж: RT.COM