
1992 онд шинэчлэн батлагдсан Монгол улсын Үндсэн хуулиар прокурорын байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг нэн тодорхой зааглан, Шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байх хариуцлага ногдуулсан нь уг чанартаа Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалахад чиглэгдсэн юм. Үндсэн хуулийн үзэл санаа, дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурал Прокурорын байгууллагын эрх зүйн үндсийг улам тодотгон боловсронгуй болгосон юм. Үйл ажиллагааных нь хараат бус байдлыг баталгаажуулан, ажлаа хэвийн явуулах нөхцөл боломжийг хангах талаар ч Улсын Их Хурлаас ихээхэн анхаарал тавьж байна.
Та бүхэн ажлын баялаг туршлага хуримтлуулсан, мэргэшсэн хамт олон болж төлөвшсөн нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, чадварлаг ажиллахын баталгаа гэж үзэж байна. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа нь аливаа улс төр, ашиг сонирхлоос ангид байх нь чухал. Түүхэн явцад Монголын нийгэмд гарсан хэлмэгдэл гажуудлын дутагдал дахин давтагдах ёсгүй. Үүнд прокурорын байгууллагын үүрэг, хариуцлага нэн өндөр юм. Тус байгууллагын бие даасан, хараат бус байдал нь иргэн хүн эрхээ эдлэх, үүргээ гүйцэтгэхэд саад учруулах бус, харин тэдний эрх, эрх чөлөөг нь баталгаатай хангах боломж олгох, хууль гажуудахын эсрэг шударга ёс, бодит үнэний зарчим баримтлан эрх ашгийг нь хамгаалан, хууль дээдлэн ажиллах нь прокурорын ажилтнуудын нэн хариуцлагатай зорилт болж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, хуулиар хүлээсэн үүргээ прокурорын нийт ажилтнууд, хамт олон чин шударгаар, нэр төртэй биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ажил үйлсийнхээ 80 жилийг дүгнэн цэгнэж, түүхт ойгоо тэмдэглэж байгаа Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байв.