С.Чулуун: “Чингис хаан” музейд дэлгэх үзмэр хангалттай бий

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

С.Чулуун: “Чингис хаан” музейд дэлгэх үзмэр хангалттай бий

С.Чулуун: “Чингис хаан” музейд дэлгэх үзмэр хангалттай бий

Соёлын яамны хурлын танхимд өнөөдөр (2020.11.) болсон Соёлын сайдын анхдугаар хуралдаанд Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Энэ үеэр Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан олны танил эрхэмүүд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.


СОЁЛЫН САЛБАРТ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДСЭЭР ИРСЭН

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.ЖАРГАЛСАЙХАН:

-Монголын ард түмний зүрх сэтгэлд урлаг байдаг, монгол хүн бүр дуучин. Урлагийн сэтгэлгээ ч хөгжсөн. Социалист нийгмийн үед тогтсон соёл урлагийн системээр өнөөг хүртэл дөнгөн данган тогтож ирсэн. Тухайн үед урын санг тогтвортой байлгах, урд, хойд хөршид боловсон хүчний мэргэшил эзэмшүүлэх, олон нийтэд ямар бүтээл хүргэх вэ зэргийг төрийн бодлогоор шийддэг байлаа. Үнэхээр сайн тогтолцооны систем бүрдсэн учраас ахмадуудаа хүндэлж, шүтсэн, олон нийтийн сэтгэлд хоногшсон сайхан бүтээл ч мэндэлж байв. Олон жил соёл урлагийн салбарт бодлого үгүйлэгдсээр ирснийг бид харлаа, үзлээ. Даяарчлагдаж буй энэ цагт олон улсад Монголын урлаг соёлыг сурталчлахад Соёлын сайдын танилцуулсан Соёлын тухай хууль, Засгийн газрын бодлого томоохон дэмжлэг болно гэж ойлголоо. Өнөөдрийн хуралдаанд оролцоод, сэтгэгдэл их өндөр байна. Бид хамгийн сүүлд хэзээ салбартаа тулгамдаж буй асуудал, хойшид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ тодорхойлоод сууж байсныг санахгүй байна. Цар тахлын үед шинээр байгуулагдсан Соёлын яам өчигдрийг бодож, ирээдүйг тооцоолсон маш том бодлогын алхам хийжээ. Урлагийн салбар цаашид ч хөгжинө гэж харж байна.

ХОШИН УРЛАГИЙН САЛБАР УНАЛТАД ОРООГҮЙ

Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.ОНОН: 

-Хошин урлагийн салбараас хөндийрч, дэлгэцийн уран бүтээлд анхаарч байна Манай X-ТҮЦ продакш 2017 оны дөрөвдүгээр сараас хойш тайзан дээр гаралгүй гурван жил долоон сар боллоо. Гэхдээ энэ урлагийг хэн нэгэн шүүмжилж, хэн нэгэн шинэчилдэг, бодлогын асуудал биш. Зах зээл нь хариулна. Залуу уран бүтээлчид эл салбарыг цаашид шинэчлэн хөгжүүлэх үү, үгүй юү гэдгээ өөрсдөө шийднэ. Залуус маань энэ урлагт шинэчлэлт хийж чадна гэдэгт итгэдэг. Миний хувьд хошин урлагийн салбараас хөндийрөөд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч хошин урлагийн салбар уналтад ороогүй. Тодорхой хэмжээний шинэчлэлт хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:
  • Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров
  • Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн
  • Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав
  • ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
  • Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат
  • Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар
  • Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан
  • Гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан
  • Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог
  • Доктор, профессор Э.Сонинтогос
  • Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач А.Чадраабал
  • Найруулагч Б.Баатар
  • Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол
  • Гавьяат жүжигчин Н.Онон нар багтаж байгаа юм.

ЦИРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ, ТЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭЭГҮЙ

Соёлын салбарт шийдвэрлээгүй олон асуудал хариулт нэхсээр байна. Шинээр баригдах музейн барилгууд, хувьчлагдсан “Аса” циркийн асуудал сүүлийн үед хурцаар яригдах болсон. Эдгээр асуудалд Соёлын яамнаас ямар бодлого чиглэл баримталж буй талаар Соёлын сайд С.Чулуунаас тодрууллаа.

Соёлын яам өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Салбарын яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

Улсын Их хурлаар Соёлын яамны бодлогын дөрвөн жилийн төлөвлөгөөг баталсан. Соёлын яам 24 жилийн дараа анх удаа бие даан байгуулагдсан цаг үеэс үндсэн үйл ажиллагаа, бодлого, чиглэлээ төлөвлөсөн. Энэ хүрээнд Сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа. Соёл урлагийн бодлогын үйл ажиллагаа ганцхан яамны ажил биш тул салбар салбарын төлөөлөл, олны хүндлэлийг хүлээсэн ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүдийг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаалаа. Хуралдаанаар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг тодорхойллоо.

-Соёлын салбарт хамгийн их тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

Монгол Улсын соёлын салбарт тулгамдаж буй асуудал бол боловсон хүчин. Сүүлийн 20 жилийн хугацаанд өөрийн гэсэн боловсон хүчний болон хүний нөөцийн тогтвортой бодлогогүй явж ирсэн. Ялангуяа хөдөө орон нутагт энэ асуудал хамгийн их тулгамдаж байна. Орон нутгийн 340 суманд ажиллаж буй соёлын ажилтнуудын 70 хувь нь мэргэжлийн биш. Иймд мэргэжлийн боловсон хүчин бэлдэх чиглэлд Соёлын яамны тэргүүлэх бодлогоо баримталж байна. Дөрвөн жил ажилладаг биш, 40 жил ажилладаг салбарын мэргэжилтэн бэлдэх шаардлагатай байгаа юм. Бид дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлдэх ёстой.

-Засгийн газраас Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Чингис хаан, хаад язгууртны музей, Үндэсний урлагийн их театр зэрэг дөрвөн том бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Өнөөдрийн байдлаар эдгээр ажлын гүйцэтгэл ямар шатандаа явна вэ?

-Сүүлийн 100 жилд соёлын салбарт ямар ч том бүтээн байгуулалт хийгдээгүй. Засгийн газрын шийдвэрээр соёлын салбарт дөрвөн том бүтээн байгуулалт өрнөж байна. Хамгийн том бүтээн байгуулалт болох Чингис хаан, хаад язгууртны музейд 50 орчим тэрбум төсөвлөсөн. Ирэх оны долдугаар сард ашиглалтад орно. Хоёрдугаарт, Их тэнгэрийн аманд баригдаж буй Байгалийн түүхийн музейн цогцолбор 2023 онд ашиглалтад орно. Одоогоор зураг төслийн ажлыг нь боловсруулж байна. Мөн Үндэсний номын сангийн барилгын ажил арванхоёрдугаар сард дуусна. Тус номын сан олон улсын стандартад нийцсэн бүх насны хүн ном унших боломжийг хангасан. Мөн Үндэсний урлагийн их театрын барилга барих газар чөлөөлөлтийн ажил дуусч байна. Цаашид Төв аймаг, Хөвсгөл нуур, Орхоны хөндийд музейн бүтээн байгуулалтын ажил үе шаттайгаар өрнөнө.

-Чингис хаан, хаад язгууртны музейн үзмэрийг хэрхэн дэглэх вэ? Тус музейд дэлгэх үзмэр байхгүй, дийлэнх нь хуулбар гэсэн шүүмжлэл гарч байна?

-“Чингис хаан” хаад язгууртны музей үзмэргүй байна гэж огт байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Хамгийн наад захын жишээ нь, Монгол Улс Чингис хааны үлдээсэн өв шүү дээ. Музейд дэлгэх үзмэр хангалттай бий. Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон археологийн олдворуудын 20 хувийг музейд дэлгэнэ. Бусад нь музейд багтаж шингэхгүй болов уу. Музейг нэг өдөр дүүргэдэггүй, олон жилийн судалгааны үр дүнд дүүргэдэг.

-Циркчид төрөөс байраа нэхэж шаардлага хүргүүлсэн. Тэдний зүгээс хуучин циркийн сургуулийн байрыг шинэчилж, шинэ байртай болгохыг шаардсан. Шаардлагыг хүлээн авсан уу? Нөгөө талаас “Аса” циркийн барилгын засварын ажил хэдэн хувьтай байна вэ? Эдгээр асуудалд салбарын яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

-Соёлын яамнаас циркийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нэг л бодлого баримталж байна. Одоогоор “Аса” циркийн засварын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин циркчдээс ямар нэгэн шаардлага албан ёсоор ирүүлээгүй. Хуучин циркийн тухайд нэлээн асуудал бий. Мөн циркийн асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцна. Ерөнхийдөө соёл урлагийн салбарт тулгамдаж буй  асуудлыг та бүхэн ойлгох хэрэгтэй. Сүүлийн гучаад жил хэн ч гар хүрээгүй асуудал шүү дээ. Алхам алхмаар л соёлын салбарт тулгамдсан асуудлуудыг шийднэ гэдгийг та бүхэн ч мэднэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж