Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр (2020.11.04) утсаар ярьжээ. Энэ үеэр тэрбээр Оросын нутаг дэвсгэрээс газрын тосны орд худалдаж авах санал тавьсан байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүний сналыг дэмжсэн талаар Беларусийн төв мэдээллийн агентлаг “БелТА” мэдээлэв.
Путин, Лукашенко нар 2021 онд Оросоос Беларусьт нийлүүлэх газрын тос, байгалийн хийн хангамжийн талаар ярилцжээ. ОХУ-ын газрын тос, байгалийн хийг Европын зах зээлд хүргэх хоолой Беларусийн нутаг дэвсгэрээр дамждаг бөгөөд тус улс нь газрын тосны бүх хэрэглээ буюу жил бүр 18-30 сая тонныг ОХУ-аас авдаг билээ.
Эдийн засгийн үүднээс харвал, Беларусь нь хий, газрын тос нийлүүлж, санхүүгийн тусламж үзүүлж буй Оросоос ихээхэн хамааралтай. Харин Оросын хувьд Беларусь нь Хойд Атлантын эвсэл (НАТО)-тэй залгаа хил дээрх геостратегийн гол түнш нь юм.
Эх сурвалж: ТАСС