Вьетнамын төлөөлөгчид туршлага судаллаа

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Вьетнамын төлөөлөгчид туршлага судаллаа

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль тогтоох байгууллага Үндэсний ассемблей, төрийн албаны төлөөлөгчид  Монгол Улсад айлчилж хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах хууль зүйн орчин, батлагдсан хуулийн төслийг хэрхэн боловсруулсан тухай судалж байна. Төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй уулзаж, Монгол Улс дахь хүүхдийн эрх хамгаалах хуулийн талаарх мэдээлэл сонсч, харилцан туршлага солилцлоо. УИХ-ын гишүүн, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа Монгол Улс дахь хүүхдийн эрхийн талаарх хуулийн шинэчлэл, төр, иргэний хүлээх үүргийн талаар мэдээлэл өглөө.

Төлөөлөгчид Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хойшид хэрхэн хянах талаар лавлаж асуусан юм. Үүнд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудад хяналт тавих, хариуцлага хүлээх талаарх заалтыг зүйл болгож оруулсан. Ингэснээр хүүхэд хамгаалах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм” гэж тайлбарлалаа.

Төлөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай уулзаж хэрхэн хуулийн төсөл амжилттай боловсруулсан талаар туршлага судалж байгаагаа УИХ-ын гишүүн С.Одонтуяад ярилаа. Мөн манай улсад хүүхдийн тусламжийн утас ажиллаж байгаад олзуурхаж байсан юм. Вьетнамын Үндэсний Ассемлейн Соёл, боловсрол, залуучууд, хүүхдийн хорооны дарга Дао Тронг Тигээр ахлуулсан төлөөлөгчид хүүхдийн эрхийн хэрэгжилтийн мониторинг, хараат бус байгууллагын талаар туршлага судалж, Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагаатай танилцах юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж