Б.Түвшин: Төсөв, санхүүгийн асуудлаа популизмаас холдуулах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Б.Түвшин: Төсөв, санхүүгийн асуудлаа популизмаас холдуулах хэрэгтэй

Б.Түвшин: Төсөв, санхүүгийн асуудлаа популизмаас холдуулах хэрэгтэй

"Улсын секторын санхүүгийн менежментийн шинэчлэлд нягтлан бодох бүртгэл болон мэргэжлийн байгууллагын үр нөлөө" сэдэвт өглөөний уулзалт өнөөдөр (2020.11.05) боллоо. Энэхүү уулзалтад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Түвшин оролцон, “Улсын секторын санхүүгийн менежмент, шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, эдийн засгийн сэтгүүлчдийн асуултад хариулав.


Манай улсын хувьд улсын секторын санхүүгийн менежментийн шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгцээ шаардлага үүсээд буй. Энэ нь улсын төсвийн үр ашиггүй зарцуулалт, инфляцын тогтворгүй байдал, гадаад өрийн дарамт, төрийн албаны данхар бүтэц, авлигатай холбоотой гарч буй олон асуудлаас харагдаж байгаа юм.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь Олон улсын нягтлан бодогчдын холбоо болон Ази, Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны гишүүн бөгөөд Монгол улсад эдгээр холбоодыг төлөөлөн ажиллах эрх бүхий мэргэжлийн байгууллага юм.

Өнөөдрийн байдлаар 4800 орчим мэргэшсэн нягтлан бодогч гишүүнтэй, 139 аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн, Монгол Улсын бүх аймаг, дүүрэгт 30 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

" ТӨР ЗАСАГ ИРЭХ ЖИЛҮҮДЭД БҮТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ БИЙ БОЛГОХ ЧИГЛЭЛД
ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГААСАЙ"

 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Түвшин сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Үе үеийн Засгийн газар мэргэжлийн байгууллагуудад төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх талаар ярьдаг. Нягтлан бодогчдын инсититут төрийн ачааг үүрэлцэх боломж нөхцөл хэр байна вэ?

-Маш сонирхолтой асуулт. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлье гээд төрийн бус байгууллагууд төрөөс мөнгө аваад амьдрах хандлага руу явчихаж байна. Институтын хувьд мэргэжлийн гэдэг статусын үнэ цэнэ муу ч төрийн чиг үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгэдэг. Нөгөөтэйгүүр улсын секторын санхүүгийн чиг үүргийг бид өөрсдөө санаачлаад, нийгэм рүүгээ ойртуулъя гэж байгаа юм. Засгийн газар идэвхтэй оролцвол одоо ажиллаж буй хүмүүстээ ойлголт өгч, тогтолцоо бүрдэнэ. Дараагийн засгийн газар бүрдлээ ч үргэлжлээд явах юм. Манайх шиг мэргэжлийн байгууллагын гол зарчим тасралтгүй үргэлжлэх боломж хангагдана. Яагаад вэ гэвэл нийгэмд суурь ойлголт өгөөд, аль ч Засгийн газар солигдоход боловсон хүчнийг бэлтгээд явдаг. Бид төрөөс хараат бус байх шаардлагатай. Төрдөө зөвлөдөг, хамтардаг, сайн түнш байх зорилготой. Аль санаачлагатай нь манлайлна гэсэн үг шүү дээ. Бидний хувьд төрөөс ялгаатай зүйл нь нийгэм, гишүүд рүүгээ илүү хандаж, тогтвортой тогтолцоо бий болгоход хувь нэмрээ оруулах юм. Бид одоо олон улсын санхүүгийн тайлангийн стандартыг орчуулж, олон нийтэд хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

-Та санхүүгийн дата бааз байх ёстой, түүнд төлөвлөлт чухал гэж хэллээ. Энэ салбарт дата бааз байна уу, түүнийгээ ашиглаж чадаж байна уу? 

-Төлөвлөлтийн процесс тасралтгүй удаан үргэлжилсэн, тоон суурь анализ дээр тулгуурласан байх ёстой гэсэн шалгуур байгаа юм. Бид одоо нэг хүний оруулсан саналыг батлах зарчмаар явж байна. Тэгэхээр төлөвлөлтийн процессын нэг хэсэг бол яалт ч үгүй дата бааз. Төлөвлөлтийн горимоор дата бааз үүснэ. Бид нэг талаас дата бааз байхгүй гэж хэлж огт болохгүй. Байгаа дата баазуудаа төлөвлөлтийн процесст ашиглаж чадахгүй байна.

-Монголд аудит болон хяналтын мэргэжилтэн хангалттай байдаг уу?

-Аль аль нь хангалттай биш гэж хэлж болно. Үндэсний аудитын газраас сургалт, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулахаар ярьж байна. Сангийн яаман дээр ч сургалт, хөтөлбөрүүдийн шинэчлэлийн ажил явагдаж, бид саналаа өгөөд явж байна. Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байгаа юм. Нягтлан бодох бүртгэлийн талаар улсаас баримтлах бодлого дагуу хийх ажлаа олон жилээр төлөвлөдөг. Бид жил бүр өөрчилж, шинэчилж байхгүй бол нэг удаа шинэчлээд, жишээ нь гурван жил болоход гурван жилээр хоцорчихож байгаа юм.

-Төсвийн ил тод байдал, төсөв боловсруулах үйл явцад танай байгууллага хэр оролцоотой байна вэ?

-Бид улсын санхүүгийн салбарын менежментийн төсөл хэрэгжүүлнэ, сайжруулна гээд зарлангуут төрийн шилэн данс, санхүү рүү шууд орох нь гэсэн ойлголт авч эхэлдэг. Бид тэгэхгүй. Мэргэжлийн байгууллага яаж ажиллах ёстой вэ гэхээр гишүүд, олон нийтийг хөгжүүлэх замаар оролцоно. Өөрөөр хэлбэл, бид улстөржөөд, аль нэг Засгийн газрыг дэмжээд эхэлвэл мэргэжлийн гэдэг утгаа алдана. Төсөв ил тод байх ёстой гэсэн чиглэлээр бид маш олон сургалт зохион байгуулна. Мэдлэг өгөх, туршлага өгөх замаар ажиллана. Бидний статус бол мэргэжлийн байдлаар оролцох. Аль ч Засгийн газар, аль ч намын үед бид мэргэжлийн гэдэг утгаар дэмжиж ажиллах ёстой. Манай мэргэжил намчирхаад, улстөржөөд байдаггүй учраас гишүүд, олон нийтийг хөгжүүлж л оролцоно. Санхүүгийн тайлан гаргана гэдэг өнөөдөр дурын хүмүүсийн ажил болчихсон байсан. Хэн ямар тайлан гаргасан, түүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал болжээ. Энэ үүрэг хариуцлага нь ММНБИ-д хуулиар олгогдсон. Буруу, зөвийн хариуцлага биш. Тэр хүн мэргэжлийн байх ёстой, бүртгэлтэй байх ёстой гэдэг утгаар хариуцлага яригдана.

-ФАТФ-ын саарал жагсаалтын талаар юу хэлэх вэ?

-Мөнгө угаах, терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудыг татаж оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Манай институтээс нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Дүрэм журам боловсруулж, хамгаалахад оролцсон. Мөн Мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудалд манайх нэлээн голлох үүрэгтэй оролцож байна.

-Та эдийн засагчийн хувьд ирэх онуудын санхүү, эдийн засгийн байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?  

-Мэргэжлийн эдийн засагчийн хувьд хэлэхэд, Монгол Улс төсөв санхүүгийн асуудлаа улс төрчдөөс холдуулах хэрэгтэй болоод байна. Аль ч намын үед иргэд, нийгэмдээ нэг их сайн болж харагдах гээд улсаа хохироогоод байна. Энэ попорсон төсвүүд биднийг ядуурал, валютын ханшийн өсөлт, гадаад өр гэсэн дөрөв, таван зүйлээр хэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд бид ямар ч хяналтгүй ийм байдалтай явсаар ирсэн. Өмнөх цоорхойнуудаа нөхөөд явсаар байвал хэзээ нэгэн цагт маш өндөр зардалтай төсөвтэй, элгээрээ газар хэвтэх учраас төр засаг ирэх жилүүдэд бүтээмжтэй эдийн засаг бий болгох чиглэлд зоригтой шийдвэр гаргаасай гэж бодож байна. 2021 оны төсвийн хувьд алдагдал их, ямар ч бүтээмж харагдахгүй, өмнөхүүдээс нэг их ялгаагүй, өнгөлөн далдалсан төсөв болсон харагдаж байна. Сонгуулиуд дууссан, одоо хүнд байдал руу орж байна.

-УИХ-ын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо. Бодит амьдралд хэр нийцсэн хуулийн төсөл болсон гэж бодож байна вэ?

-Мэдээж шинэлэг сайн зүйлүүд орж ирсэн. Зарим нэг зүйлүүдийг багцаар нь гүйцээж оруулах шаардлагатай гэж бодож байна. Хамгийн түрүүнд улсад төлж буй даатгалаас хоёр хувийг аваад сан байгуулъя гэдэг санаа бол сайн. Гэхдээ эрсдэлтэй, манай улсын хувьд хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй. Ерөнхийдөө Монголын эдийн засгийн суурь сул харагдаж байна. Энд тогтолцоогоо маш сайн шийдмээр харагдаад байгаа юм. Гурван тогтолцооны асуудал яригдаж байгаа. Хамгийн түрүүнд, ямар ч монгол хүн тэтгэвэрт гараад тураад үхчихгүй байхаар зохистой хэмжээний тэтгэвэр авдаг байх ёстой. Хэр хэмжээний хураамж төлсөн, төлөөгүй нь хамаагүй. Арай илүү төлж байгаа хүмүүс нь бас ойлгодог байх хэрэгтэй. Хоёрт, нэрийн дансаар их төлвөл их авдаг байх. Гурав дахь нь, сайн дурын тэтгэврийн тогтолцоо. Энэ тогтолцооны системээ зөв хийж өгөхгүй бол болохгүй. Энэ санал санаачлагыг зогсоохгүйгээр дутуу байгаа зүйлүүдээ гүйцээх хэрэгтэй. Зарим нэг нь яг байгаа төслөөр нь батлаад өг гээд байгаа, энэ нь эрсдэлтэй. Нөгөө хэсэг нь хойшлуулъя, яамны боловсруулж буй төсөлтэй цугт нь оруулж ирье гэж байна.

-4800 гишүүний 40 хувь нь төрийн байгууллагад ажилладаг гэлээ. Тэднээр дамжуулаад төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бий юү?

-Боломжтой. Тэр хүмүүст хүч өгч, мэргэжлийн хүрээнд хийх төслүүдийг бид хийх хэрэгтэй. Зарим нь мэргэжлийн ур чадвар хүрсэн ч улс төрийн хүч мэдрэг байгаа тогтолцооноос болж нөлөөлж чаддаггүй. Бид нийгэм рүү хандсан мэдлэг, ойлголт өгч байж энэ чиглэлээр ажиллах боломжтой болно.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж