АСЕМ хүртэл айлчлал товлогдоогүй байна

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

АСЕМ хүртэл айлчлал товлогдоогүй байна

Швейцарийн Женев хотноо өчигдөр Хүний эрхийн зөвлөлийн 31 дүгээр чуулган эхэлсэн байна. Монгол Улс энэ оноос эхлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд гишүүнээр сонгогдсоноос хойшхи анхныхаа чуулганд оролцох гэж байгаа аж. Энэ талаар болон бусад асуудлаар өнөөдөр Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны дэд захирал Д.Гэрэлмаа, Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Б.Амартүвшин, Консулын газрын захирал Б.Болд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Женев хотноо эхэлсэн дээрх чуулганд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож, хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар үг хэлэхээр болсныг дуулгалаа. Мөн энэ үеэр Гадаад хэргийн сайд Итали, Польш, Словак, Стони зэрэг орныГадаад хэргийн сайд нартай уулзалт хийнэ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар нартай уулзалт хийх аж.

Гадаад хэргийн яам нь Монголыг гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх даалгаврыг Засгийн газраас авсан. Энэ хүрээнд 15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллахаар болжээ. Зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, тухайн салбарын эрдэмтэн судлаачид мэргэжилтнүүд багтжээ. Тус зөвлөл үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, Засгийн газраар батлуулахаар ойрын хугацаанд ажиллах аж. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Ирэх долдугаар сард болох Ази Европын дээд түвшний /АСЕМ/ 11 дэх уулзалт хүртэл гадаад руу хийх томоохон айлчлал, мөн гадаадаас Монгод хийх айлчлал төлөвлөгдсөн байгаа юу?

Б.Амартүвшин: АСЕМ-ын дээд түвшний уулзалт болтол одоогоор дээд өндөр төвшинд буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хүрээнд гадаад руу болон дотоодод хүлээн авах айлчлал төлөвлөгдөөгүй байна. Дээд өндөр төвшний айлчлал тусгай төлөвлөгөөний дагуу эртнээс ярьж, хоёр тал тохиролцсоны үр дүнд урт удаан хугацааны бэлтгэл хангаж хэрэгжүүлдэг арга хэмжээ байдаг.

-АСЕМ-ын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ. “Шангрила” руу зам  тавихын тулд зарим байгууллагатай ярилцах шаардлага тулгарч байгаа. Гэтэл тухайн газар нь хүлээн зөвшөөрөхгүйгээс ажил саатаж мэдэхээр байна гэх мэт яриа байна?

-АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт ирэх долдугаар сарын дундуур зохион байгуулагдана. Олон арга хэмжээ төлөвлөгдсөн.  Хэд хэдэн ажлын хэсэг ажиллаж байна. Төлөвлөгөө гаргаад дээд төвшиний уулзалтынхаа бэлтгэлийг хангаад ажиллаж байгаа. Ямарваа нэгэн хувийн хэвшил болон бусад байгууллагатай үл ойлголцох асуудал гараагүй. Бэлтгэл хэвийн үргэлжилж байна. Ямарваа нэг хэлбэрээр шуугиан дэгдээх оролдлого байхыг үгүйсгэх аргагүй.

-АСЕМ-тай холбоотойгоор Хөгжлийн банкнаас 44 зочид буудалд 150 тэрбум төгрөг гаргаж тохижуулна гэсэн. Гэтэл энэ зээлийг том зочид буудлууд нь аваад жижиг зочид буудалд нь хүртэхгүй байна гэх шүүмжлэл гараад байна. Одоогоор хэчнээн зочид буудалд 77 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм бэ?

-Зочид буудлуудад олгох зээлийн тухайд хэдэн том зочид буудал нь хувааж авсан асуудал байхгүй. Банкны зээл хэрхэн олгогддог вэ, тэр журмаараа олгогдоно. Зээлийн тухайд эрхийг нь олгох талаар төр хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны хүрээнд яригдсан асуудал болохоос тэдэн төгрөгийг тэр буудалд олго гэдэг заавар чиглэлийг төрийн зүгээс үзүүлэхгүй. Цэвэр бизнесийн шугамаар зээл олгогдоно гэж ойлгох хэрэгтэй.

-Гадаад паспортыг солих тухай яриад эхэллээ. Одоогийн гадаад паспорт олон улсын ямар шаардлага хангахгүй болоод солих болсон юм. Өнгөрсөн долоо хоногт танай яамнаас хийсэн мэдээллээр сайн дурын үндсэн дээр гадаад паспортоо солиулах ч юм шиг, нэг болохоор угаасаа солихоос аргагүй нөхцөл байдал үүсчихсэн ч юм шиг мэдээлэл хийгдсэн байсан?

Б.Болд: Гадаад паспорт дотроо энгийн паспортыг чиптэй болгох чиглэлээр Хууль зүйн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар ажиллаж байна. Энэ ондоо багтаагаад чиптэй паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх болов уу. Одоогийн хэрэглэж байгаа энгийн гадаад паспорт олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан шаардлагуудыг хангаж байгаа ч зарим улсын тавьж байгаа шаардлагад хүрдэггүй. Нөгөө талдаа Засгийн газрын  2012 оны тогтоолоор 2015 оны аравдугаар сардаа багтаагаад энгийн паспортыг чиптэй болгоно гэсэн. Энэ нь үндсэндээ паспортын аюулгүй байдлыг сайжруулж байгаа хэрэг. Дэлхийн улс орнууд чиптэй паспорт хэрэглээд нэлээн хэдэн жил болж байна.

Жишээлбэл, Арабын нэгдсэн Эмират улс 2015 оноос эхлээд чипгүй паспорттой гадаад иргэдийг өөрийн орондоо нэвтхрүүлэхгүй, эсвэл виз олгохгүй гэдэг байр суурь барих болсон. Олон улсын шаардлага хангасан бичиг баримттай болохын төлөө явж байна. Чиптэй паспорт нэвтрүүлсэн тохиолдолд одоогийн гадаад паспорт хүчинтэй хугацаагаа дуустал хүчинтэй байна.

-Солонгос руу явж байгаа иргэдийн виз хэтрүүлэлт ямар байна вэ?

-Визийн хугацаа хэтрүүлэх тохиолдол гарсаар байна. Солонгосын Элчиингээс авсан өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр өмнөх төвшнөөсөө буюу сард 270-300 монгол иргэн визийн хугацаагаа хэтрүүлж байна гэсэн тоон мэдээ өгсөн. Энэ төвшнөөсөө буурахгүй байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж