Реппер Рокит бэй хип хоп хэмнэлээр үлгэр ярина

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Реппер Рокит бэй хип хоп хэмнэлээр үлгэр ярина

Реппер Рокит бэй хип хоп хэмнэлээр үлгэр ярина

Өвгөн хуурч" хэмээх морин хуур барьсан, урт цагаан сахалтай өвгөний зургийг мэдэхгүй монгол хүн үгүй. Тэгвэл “Өвгөн хуурч” орчин цагт Хандгайн дүрээр эргэн ирэх гэнэ. Тэрээр монгол ардын үлгэрийг хип хоп хөгжмийн хэмнэлээр өгүүлнэ. Учир юу гэвэл, орчин цагийн хүүхэд, залууст зориулсан “Өвгөн хуурч” хэмээх цоо шинэ комик киног үзэгчдэд хүргэхээр цогц төсөл хэрэгжүүлж буй талаар өнөөдөр /2020.11.05 / уран бүтээлчид танилцууллаа.


 “Хандгай” төслийн зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн “Би арван жилийн сургуульд сурч байхдаа Хандгай гэдэг хочтой хүүхэд байсан. Өөрийнхөө хочоор зохиолынхоо гол дүрийг сонгосон. Орчин үеийн залууст “Өвгөн хуурч” хөдөлгөөнт комик киногоо хүргэхийн тулд хип хоп хөгжмийн хэмнэлээр үлгэр ярих болно. “Хандгай” комик цуврал маань 2018 оноос хойш олон нийтийн сүлжээнд танигдсан. Ардын аман зохиолын “Өвгөн хуурч”-ийн дүр энэ удаа орчин цагийн реппер хандгайн дүрээр үлгэр ярих юм. Уран бүтээлийн багт зохиогч 20-60 хүртэлх насны гурван үеийн уран бүтээлчид хамтран ажиллаж байгаагаараа онцлог. Тийм учраас бид маш сайн зохиолтой, шүүлтүүртэй, чанартай, контентыг залууст зориулан бүтээж байгаа.

Бид хоёр жилийн хугацаанд киноны зохиол болон судалгаан дээр ажилласан. Үндсэн зохиол гарчихсан байгаа. Одоо киноны чиглэлийн уран бүтээлчдээс шүүмжүүд авч, хөгжүүлнэ. “Өвгөн хуурч” нэртэй хөдөлгөөнт комик кино нь 80 минут үргэлжлэх бөгөөд 2021 оны төгсгөлд үзэгчдийн хүртээл болно” гэдгийг хэлсэн юм.

Монгол ардын 100 гаруй үлгэр дундаас судалгаа хийж, 10 үлгэрийг сонгон авчээ. Тухайн 10 үлгэрээсээ дахин шигшиж,  4-5 үлгэрийг сонгон авсан байна. Эдгээр үлгэрүүд хоорондоо уялдаатай нэг зохиол болж, “Өвгөн хуурч” комик цувралаар үзэгчдэд хүрэх ажээ. Энэ контент нь 13 наснаас дээш насныханд зориулсан бүтээл гэдгийг уран бүтээлчид онцлон хэлж байв.

“Өвгөн хуурч” бүрэн хэмжээний хөдөлгөөнт комик кино хоёр гол дүртэй. Өвгөн хуурч болон нэгэн жаал хүүгийн дүр. Харин туслах 12-14 дүртэй. Үлгэрийн дүрүүд нь орчин үед хувирч, өнөө цагийн Улаанбаатар хотын өнгө аястай хэрхэн нийцэх вэ гэдэг нь үзэгчдийн сонирхлыг татна.

“ХАНДГАЙ” ТӨСЛИЙН АМИН СҮНС НЬ ЗОХИОЛ”

“Эконтэ” компанийн ерөнхий продюсер Э.Тамир “Манай компани нь “Бумбардай”, “Хандгай” гэх мэтчилэн үндэсний комик анимэйшн дүрийг хөгжүүлдэг. Анх 2016 оноос “Хандгай” төслийн зохиогч С.Жамбалцэрэнтэйгээ хамтран ажиллаж эхэлсэн. Бидний хамтын төсөл орчин цагийн залууст зориулсан том хэмжээний бүтээл болох гэж байгаад баяртай байна. Манай компанийн зүгээс Монголынхоо үндэсний контентыг хөгжүүлэх чиглэлд дэмжин ажиллах болно. Бидний хувьд 2019 оноос “Би-Ар-Би” компанитай хамтран “XMF” хөгжмийн наадамд хамтран ажилласан нь энэ бүхнийг хийх эхлэл болсон. Энэ төслийн амин сүнс нь зохиол. Бид комик цувралынхаа зохиол дээр хоёр жил гаруй хугацаанд маш сайн ажилласан. Зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу нар ажиллаж байгаа” гэдгийг хэлсэн юм.

“УЛАМЖЛАЛ ШИНГЭСЭН УРАН БҮТЭЭЛИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЦАГ БОЛСОН”

Харин төслийн зөвлөхөөр ажиллаж буй сэтгүүлч Г.Бадамсамбуу “Би  “Эконтэ” компанийн зурмал төрлийн уран бүтээлд зөвлөхөөр ажиллаж байгаа. Та бүхний сайн мэдэх төсөл бол “Бумбардай”. Энэ удаа “Хандгай” төслийг хэрэгжүүлж байна.  Уг төсөл нь 2018 оноос залууст танигдаж, байнгын үзэгчтэй болсны хувьд тулгуур бүтээл хийхээр шийдсэн нь энэ. Ингэснээр хүүхэлдэйн төрлийн бүтээлийн хамгийн хялбар мөртлөө хамгийн их эффектийн загвараар комик цуврал хийнэ. Сүүлийн жилүүдэд телевизээр дандаа гадаадын контент, хүүхэлдэйн кино үзэгчдэд хүрэх болсон. Үндэсний контент нь маш бага. Монголчуудын өөрийн бие даасан өнгө аястай, уламжлал шингэсэн уран бүтээлийг дэлхийн хэмжээнд таниулах цаг болсон. Өөрөөр хэлбэл, бас нэгэн сорилтын төсөл юм” гэв.

“ӨВГӨН ХУУРЧ” КОМИК КИНОНЫ ГОЛ ДҮРД РОКИТ БЭЙ ТОГЛОНО”

Төслийн ерөнхий продюсер, “Би-Ар-Би пикчерс" компанийн ерөнхий захирал Ж.Энхжаргалан “Энэ төсөл дээр хамтран ажиллах болсондоо баяртай байна. Төслийн багийг танилцуулахад, “Бумбардай”, “Бонго” зэрэг комиксыг бүтээсэн “Эконтэ” компани, “Хуур” хөгжмийн наадмыг зохион байгуулдаг “Би-Ар-Би пикчерс" компани, “Vandebo” зэрэг орчин үеийн хамтлаг дуучдын продюсероор ажилладаг “Monster” продакшны үүсгэн байгуулагч “Тулговски” медиа компани, урлаг соёлыг дэмжигч “Хан хөгшин стэйт” компани, реппер Рокит бэй зэрэг олон мэргэжлийн хүмүүс хамтран ажиллах юм. Сонирхуулахад, “Өвгөн хуурч” хөдөлгөөнт комик киноны гол дүрд болон хөгжмийн продюсероор Рокит бэй ажиллана” гэдгийг онцлов.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж