Бидний толгой дээрх тэмээ

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Бидний толгой дээрх тэмээ

Бидний толгой дээрх тэмээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн яг таг эцэслэгдээгүй, Цагаан ордны эзэн хэн байхыг зөвхөн америкчууд шийднэ. Харин сошиалд монголчууд Трампыг дэмжигсэд ба эсэргүүцэгчид болон хоёр хуваагджээ. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдвол Монголд ашигтай, Жо Байден гарч ирвэл манай нүүрс үнс болох юм байх аа. Мөн ч бадрангуй ард түмэн шүү, америкчууд ядаж бидэн шиг саналаа шуудай гурил, бидон сав, арав таван цааснаас худалддаггүй байх. Уг нь хүний Ерөнхийлөгчид санаа тавьж суухаар, ирэх жил болох өөрийн Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцож, саналаа худалдахгүй, луйвардуулахгүй байхад л анхаарах ёстой юм.

Нэг.

Монголын нүүрсний экспорт унах, сэхэхийг Жо Байден, Дональд Трамп хоёр биш Монголын дотоодын улстөрчдийн тоглолт болон гол худалдан авагч Хятад улс л шийднэ.  Цагаан ордны эзний сонгууль Монголын нүүрсний борлуулалтад нөлөөлнө гэдэгт итгэж байгаа бол онигоо цаашаа юм. Монголын нүүрсний экспортыг хорлож, хориглож чадах хүмүүс нь монголчууд өөрсдөө билээ.

2020 оны МАН-ын сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрт “…Тавантолгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна…” гэжээ. 2010 онд УИХ-ын 39 дүгээр тогтоол батлагдсан цагаас хойш тоолбол, сүүлийн Монгол Улсын Засгийн газрууд, улс төрийн намууд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаа, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд зарахаа амалдаг. Гэвч, өнөөдөр Тавантолгойн нүүрсийг сорчилж аваад түүхийгээр нь Хятад руу авто машинаар зөөсөн дүр зураг өөрчлөгдсөнгүй. Хамгийн сүүлд, хотын дарга Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гаргаж, эргэлтэд оруулахаа амалсан ч мөн л улс төрөө даахгүй унасан юм.

Өнөөгийн ҮАБЗ “бүтэн” байхдаа УИХ-аар Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах улс төрийн шийдвэр гаргах эрхийг У.Хүрэлсүхийн Засгийн газарт олгосон ч, 2020 оны парламентын сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг нэг тэрбум ам.доллараар зарах гэж байгаа тухай Ардын засгийн “нууц”-ыг дэлгэсний дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гаргасан билээ. Ингээд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах МАН-ын засгийн төлөвлөгөө нурсан юм. Тогтоолыг хүчингүй болгосон тухай Засгийн газрын албан мэдээнд “… Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улс төрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон” тухай онцолсноос хойш Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах Монгол Улсын Засгийн газрын бодлого “таг” гацаатай байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, Тавантолгойд хөрөнгө босгох, хөрөнгө татах ажил өрнөж магадгүй, гэхдээ мэдээж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль биш шүү.

Хоёр.

Үүнээс арав хоногийн дараа буюу 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд шүүхээс дөрвөн жил зургаан сарын ял оноов. Түүнийг анх Тавантолгой төслийг УИХ-аар хэлэлцүүлж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан гэх гэм буруу тохож, сүүлдээ энэ нь нотлогдоогүй тул төслийн ажлын хэсэгт авсан авто машины хэрэгт буруутган ялласан билээ.

Үүнээс зургаан жилийн өмнө буюу 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг М.Энхсайханд хариуцуулсан юм. Монголын Засгийн газрын тавьсан “….Хөрөнгө оруулагчаар сонгогдон ажиллах эхний 2,5 жилийн хугацаанд багтаан Тавантолгойн бүс нутагт 30.0 сая тонноос багагүй нүүрсийг баяжуулах хүчин чадлыг бий болгох, үйлдвэрлэсэн баяжмалыг 2-оос доошгүй орны зах зээлд нийлүүлэх, төмөр зам барих, баруун болон зүүн Цанхийн талбайд үйл ажиллагаа явуулсны төлөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д түрээсийн төлбөр өгөх” нөхцөлийг Хятадын “Шинхуа Энержи”, Монголын “Энержи ресурс”, Японы  “Сумитома” нар хүлээн зөвшөөрч, эхний таван жилд нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ч  М.Энхсайханы хэлж байсанчлан “нэг сайн эр чулуу шидэх төдийд” л энэхүү мега төсөл бутран унасан билээ. Үүнд УИХ-ын дарга асан З.Энхболд, гишүүн асан Л.Эрдэнэчимэг нар гол роль гүйцэтгэсэн юм.  Төслийг боловсруулахдаа Чингис бондын 280 сая ам.доллараар санхүүжсэн Гашуунсухайтын төмөр замд аудит оруулахаар болсон нь М.Энхсайханы өнөөдөр шоронд суух шалтгаан  болсон билээ.

Гурав.

Монголын нүүрсний экспортын хамгийн том асуудал нь төмөр зам. Экспортын орлогын тал хувь нь тээвэрлэлтийн зардалд явчихдаг. Жишээ нь, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд тонн тутмын өртөг нь 30-32 ам.доллар болдог гэх.

2010 онд УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг батлаж, шинэ төмөр замын төслүүд хэрэгжүүлэхээр болсон. Гэвч, төмөр замын царигийн маргаанд УИХ татагдан орж, багагүй хугацаа алдсаны эцэст хойшоо өргөн, урагшаа нарийн царигтай төмөр зам тавихаар шийдвэрлэв. Үүний дараа Гашуунсухайтын төмөр замыг барих ажлыг эхлүүлж, өнөөдрийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа энэ төслийг хариуцаж байв. Харамсалтай нь, төсөл таг зогсож, жилд 55 тэрбумын хүүгийн төлбөрт Монголын Засгийн газрын унагасан 280 сая ам.доллар овоолсон шороо болоод дууссан. Өнгөрсөн хугацаанд нүүрсний экспортоос олон ашиг болоод Гашуунсухайтын төмөр замд амиа алдсан тээврийн жолооч нарын хохирлыг тооцох боломжгүй ч биз.

Дөрөв.

Монголын Засгийн газрын шийдвэрээр өдгөө Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажил ид өрнөж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н 2019 оны ногдол ашиг 800 тэрбум төгрөгөөр Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын эхний санхүүжилтийг хийсэн. Уг төмөр замыг Монголын төмөр замын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо “ач холбогдол багатай, өртөгөө нөхөхгүй зам” гэж үздэгээ нуудаггүй. Тэрчлэн Тувагийн нүүрсийг Хятадад хүргэж өгөх зам гэж хардах хүмүүс бий. Ямар ч байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа ихээхэн ач холбогдол өгч, байн, байн эргэж тойрох болсон билээ.

Харин Гашуунсухайтын төмөр замын төслийг “Голомт”-ын Д.Баясгаланлд тендергүй өгсөн талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн нь “гүтгэлэг” биш байх. Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн гүтгэвэл ялтай гэдгээ сайг мэдэж буй биз. Ийнхүү хятад цэрэг, танкны үлгэрээр хар массыг тархийг угааж айдаст автуулсан Монголын “эх оронч”-ид төмөр зам барихад “гавшгайлан” зүтгэж буй. Гээд хэзээ ашиглалтад орж, Монголын нүүрс моодонд орохыг хэлэхэд бас хэцүү. Бидний барьж буй төмөр замаар Орос, Тувагийн нүүрс “зөөгдвөл” Хятадын зах зээлд Монголын нүүрсний өрсөлдөөн ширүүсэх нь мэдээж.

Тав.

Урагшаа 267 километр зайд орших дэлхийн нэг номерын зах зээл рүү нүүрсээ төмөр замаар зөөж чадахгүй хэрнээ хойшоо 4000 километр зам туулж Владивостокт хүргэж зарах “агуу” мөрөөдөлтэй ард түмэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль тойроод сошиалд улайрч байгааг харахад өрөвдмөөр. Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болоод Монголын нүүрсийг хориглох хүртэл ёстой зай ч байна, лай ч байна. Үүнээс нь өмнө манай эх орончид, босоо, хэвтээ хөхүүл, нэхүүлүүд улсаа дампууруулчихгүй бол их юм. Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй хэрнээ бусдын толгой дээрх цагаан үсийг тоолно гэж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж