Японы баруун өмнөд Кагава мужийн Митоё хотын фермд шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн талаар тус улсын Хөдөө аж ахуйн сайд Котаро Ногами өнөөдөр /2020.11.05/ мэдээлжээ. Үүнээс өмнө тус улсад хамгийн сүүлд 2018 онд шувууны ханиад бүртгэгдэж байсан юм.
Тус бүс нутагт шувууд тодорхойгүй шалтгаанаар ихээр үхэж байсан тул шинжилгээнд хамруулахад шувууны ханиадны H5 вирус илэрчээ.
Иймээс тахианы мах, өндөгний экспортыг түр зогсоож, 330 мянган тахиаг устгалд оруулахаар болжээ. Мөн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ шувууны махны худалдаачдад дээд зэргийн сонор сэрэмжтэй байхыг уриалж, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ даруй авахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Түүнчлэн Кагава мужийн эрх баригчид ойрын хугацаанд шувууны томуугийн дэгдэлттэй тэмцэх штаб байгуулж магадгүй байна.
Эх сурвалж: Nippon.com