Бөхийн салбар хорооны гишүүдийг огцруулъя

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Бөхийн салбар хорооны гишүүдийг огцруулъя

Бөхийн салбар хорооны гишүүдийг огцруулъя

Өнөө жилийн Үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн, улсын аварга Н.Батсуурь, харцага цол хүртсэн Б.Бат-Орших, шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн ч Бөхийн салбар хорооноос барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэр гаргасан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулаад байна.

Түүгээр зогсохгүй допинг хэрэглэсэн бөхчүүдийн талд шийдвэр гаргасан Бөхийн салбар хорооны гишүүдийг огцруулах ёстой гэсэн санал шүүмжлэл ч өрнүүлж буй юм.

Учир нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны харьяа Бөхийн салбар хороо илүү мэргэжлийн хандаж, допинг хэрэглэсэн бөхчүүдэд адил шийтгэл ногдуулах ёстой атал хүчинд автдаг уу, аль эсвэл эрх ашгийн сонирхол үйлчлэв үү, МАН байгуулагдсаны 100 жилийн ой ирэх жил тохиох нэрийн дор жил ч хүрэхгүй хугацаагаар допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хассан нь бусдад нь ч муугаар нөлөөлнө гэж тайлбарлаж буй юм.

Бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажилладаг бөгөөд допингтой бөхчүүдийн талд шийдвэр гаргасан үндэслэлээр яам нь ч муу нэр олонтаа сонсч мэдэхээр боллоо.

Гэхдээ Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо эцсийн шийдвэр гаргана, тодруулж хэлбэл, Бөхийн салбар хорооноос ирүүлсэн саналыг нь хэлэлцэж, эцэслэх юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороог Шадар сайд ахалдаг. Харин Шадар сайд Я.Содбаатар “Энэ хорооноос допинг илэрсэн гурван бөхийн барилдах эрхийг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хязгаарлах саналыг өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн. Улсын баяр наадмын тухай хууль гэж байдаг. Энэ хуульд допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах заалт бий. Үндэсний бөхийн холбоо, холбогдох нэр бүхий бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд хүмүүст хариуцлага өндөр оногдуулах ёстой. Арай сул оногдуулж байна гэсэн санал тавьж байгаа. Нөгөө талдаа манай үндэсний спорт их спортын зарчмаар явах уу, үгүй юү гэдэг асуудал байна. Үндэсний их баяр наадам бол нэг талдаа спортын арга хэмжээ боловч нөгөө талаасаа үндэсний их баяр цэнгэл юм. Гэтэл сүүлийн жилүүдэд манай баяр наадам бөхчүүд нь допингийн хэрүүлтэй, уяачид нь эрлийз монголын хэрүүлтэй байна. Үндэсний их баяр наадмыг манай улсын соёлын том дархлаа гэж би хувьдаа үздэг. Энэ баяр наадмаа бид цаашдаа яаж авч явах юм бэ гэдэг асуудал тулгараад байгаа. Тиймээс хэлэлцүүлгүүд зохион байгуулъя, хууль эрх зүйн хүрээнд зарим өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг ярилцаж байна. Өнөөдрийг хүртэл 30 гаруй бөхөөс допинг илэрсэн байдаг юм байна” гэдэг хоёр үзүүртэй зүү шиг хариулт өгөөд буй.

Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулна гэж үзвэл дээрх гурван бөхийн барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэр хэрэгжих магадлал өндөр байгаа юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж