"Эрдэнэт"-ийн эзэмшихээс татгалзсан 34 хувь ба “Ачит Ихт”

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт"-ийн эзэмшихээс татгалзсан 34 хувь ба “Ачит Ихт”

"Эрдэнэт"-ийн эзэмшихээс татгалзсан 34 хувь ба “Ачит Ихт”

Боловсруулах үйлдвэрийн салбарт дэлхийн хэмжээний шинэ технологи нэвтрүүлж, балансын бус хүдрээс гидрометаллургийн аргаар цэвэр зэс үйлдвэрлэж хөгжлийн шанг татаж яваа “Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, Монголын баялгийг нэг гэр бүл хүртэж байгаа тухай захиалгат зохиол сүүлийн саруудад хэдэнтээ бичигдлээ. Зохиол бичихэд учиртай. Ялангуяа хүний талаар “хөрөг” бичиж байгаа бол хөдөлшгүй баримттай бичих ёстой.

Анх “Эрдэнэтийн овоо” орд нээгдэж, хүдрийн олборлолт хийгдэж эхэлснээс хойш өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэрийг тойрсон 10 гаруй овоолго бий болсон байдаг. Эдгээр нь Орос, Монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн технологид огт тохирохгүйгээс үүссэн овоолго. Мэргэжлийн хэллэг нь балансын бус хүдэр.  Одоогоос 48 жилийн өмнө буюу 1972 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр БНМАУ-ын Ашигт малтмалын нөөцийн улсын комиссын хурлын нэгдүгээр тогтоолоор Эрдэнэтийн овооны орд газарт хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын дүн, нөөцийн тооцоо тайланг гаргахдаа балансын бус хүдрийг тусгасан түүхтэй.

Нэг ёсондоо Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй, ядуу агуулгатай хүдрийг ашиглах боломжгүй гэж тухайн үеийн төр засаг албан ёсоор шийдэж байж. Эдгээр овоолгыг саяхныг хүртэл хагас зуун жил шахам хэн ч эргэлтэд оруулъя гэж оролдоогүй, тоогоогүй, технологи нь ч байгаагүй. Ашиглалтгүй байсан овоолгын шороо нар салхинд хийсэж, ногоон ус шүүрэн газарт шингэн ургамал амьтан, цаашлаад гүний усанд нөлөөлж Эрдэнэтийн хүн амын эрүүл мэндэд халтай нөхцөл байдал ч үүсэх эрсдэлтэй. Эдгээрийн нэг нь “Ачит Ихт” компанийн одоогийн ашиглаж байгаа балансын бус 2-р овоолго.

БНМАУ-ын Ашигт малтмалын нөөцийн улсын комиссыг тухайн үед удирдаж байсан  Д.Содном гуай “Бид бага агуулгатай, исэлдсэн хүдрийн овоолгыг балансаас хасаж байсан. Учир нь тэр үед ийм хүдрийг ашиглах технологи байгаагүй. Харин одоо монгол залуус маань  барууны өндөр технологийг нэвтрүүлж, тэр хүдрийг ашиглаж байгаа нь тун сайшаалтай. Харин ч бид баярлах ёстой” хэмээн хэлсэн юм. Төрийн зүгээс шийдвэр гаргаж байсан өндөр албан тушаалтны байр суурь энэ.

“Ачит Ихт”-ийн зэсийн үйлдвэр бол Эрдэнэт үйлдвэрийн Орос, Монголын хамтарсан хурлын шийдвэр, удирдлагуудтай зөвшилцөж албан ёсны хэд хэдэн гэрээн дээр үндэслэсэн, 60 сая ам.долларын арилжааны өндөр хүүтэй зээл гадаад дотоодоос авч, оросууд ч оруулж ирээгүй байсан барууны технологийг ашиглан ашиглалтгүй байсан овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үүнээс хэдэн зуун монгол гэр бүл тэжээгдэн, Эрдэнэт үйлдвэрт, Монгол Улсад тэрбум тэрбумаар хэмжигдэх татвар төлж байгаа том төсөл. Төсөл яаж хэрэгжсэн, тэр дундаа 34 хувийг тойрсон үйл явц хэрхэн өрнөсөн талаарх баримт сөхье.

34 хувийг тойрсон үйл явц өнөөдөр зарим хэвлэлээр зохион байгуулалттай тарааж байгаа хийсвэр, үндэслэл муутай, баримтгүй нийтлэл дээрхээс өөрөөр өрнөсөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, 34 хувьтай холбоотой үйл явц “Ачит Ихт”-ийнхэн хууль зөрчөөгүйг баталж өгдөг.

Хагас зуун жил ашиглалтгүй хэвтсэн овоолгыг ашиглаад хувь өгье гэхэд хувийн хэвшил битгий хэл төрд ч ашигтай санал. Эрдэнэт үйлдвэр, тухайн үеийн удирдлагууд ингэж л хүлээж авсан. 2010 онд Эрдэнэт үйлдвэр Орос, Монголын хамтарсан ХХК байсан гэдгийг энд онцлох ёстой. Тиймээс Монголоос гадна Оросын талын удирдлага, мэргэжилтнүүд технологид нь таарахгүй ашиглалтаас гарчихсан, хэдэн арван куб метр талбайг эзэлсэн том овоолгуудаа эргэлтэд оруулахыг дуу нэгтэй зөвшөөрсөн хэрэг. Үүний баталгаа бол “Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэртэй 2010 оны 9 дүгээр сарын 3-нд 5/225-10 дугаартай байгуулсан гэрээ.

Уг гэрээний 5.1-д талууд хамтарсан компани байгуулан Эрдэнэт үйлдвэр 34 хувийг эзэмших тохироотой байв. 2014 онд үйлдвэр ашиглалтад орсон. Үйлдвэр ашиглалтад орох хүртэл хугацаанд “Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэрийг гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэж, хамтран ажиллахыг хүссэн албан бичиг, хүсэлтүүдийг олон удаа хүргүүлж байсан баримтууд байна. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Төрийн өмчийн хороонд хандан “Ачит Ихт” компанитай хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 34 хувиас доошгүй хувийн оролцоотой хуулийн этгээд байгуулах зөвшөөрлийг олгож өгөхийг хүсэн хандаж байж.

Харин хариуд нь Төрийн өмчийн хороо /Одоогийн ТӨБЗГ/ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1а/3777 тоот албан бичгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралд “Ачит Ихт” ХХК болон бусад компаниудтай хэрхэн хамтран ажиллах, балансын болон балансын бус хүдрийн овоолгыг хэрхэн оновчтой үр өгөөжтэй ашиглах, үүнтэй уялдуулан авах арга хэмжээний талаарх саналыг ирүүлэхийг даалгасан байдаг аж. Эдгээр баримтууд одоо ч Эрдэнэт үйлдвэр, “Ачит Ихт” ХХК, ТӨБЗГ-ын архивт аль алинд нь бий.

Ингээд ТӨБЗГ-аас даалгасан даалгаврын дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК “Ачит Ихт” компанитай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 3-ны 5/225-10 дугаартай гэрээний хэрэгжилтийг дүгнэх, тус компанийн барьсан гидрометаллургийн үйлдвэрийн ТЭЗҮ-д үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хамтран ажиллах талаар санал боловсруулах зорилгоор 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байдаг. Ажлын хэсгийн энэ өргөн бүрэлдэхүүний шийдвэр “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших эсэхийг шийдвэрлэсэн баримт энд байна.

Орос, монгол мэргэжилтнүүдийн хамтарсан Ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн бүх цех, тасаг, хэлтсүүдээс санал авч нэгтгэн 2014 оны 10 дугаар сард 6 тоот албан бичгээр дараах саналыг гаргасныг онцолъё. Үүнд:

  • “Ачит Ихт” ХХК-ийн барьсан гидрометаллургийн үйлдвэрийн ТЭЗҮ нь үндэслэл муутай хийгдсэн, эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай маш муу төсөл гэж үзэж байна.
  • Эрдэнэт үйлдвэр ХХК нь технологийн үзүүлэлтийн эрсдэлийг хамтарч үүрэх шаардлагагүй.
  • “Ачит Ихт” ХХК-ийн ТЭЗҮ-д технологийн болон байгаль орчны эрсдэлийг үндэслэл муутай тооцоолсон тул энэ үйлдвэрийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр хувь эзэмшиж оролцох шаардлагагүй.
  • Эрдэнэт үйлдвэр нь “Ачит Ихт” ХХК-тай Иргэний хуулийн дагуу ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

Энэ бол нэг хүний шийдвэр биш, орос, монгол мэргэжилтнүүдийн хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй багийн гаргасан шийдвэр гэдгийг дахин хэлэх ёстой. Тэд өөрсдөө тооцоогоо хийсэн, судалгаагаа явуулсан. Хэрхэн шийдвэрлэх нь тэдний эрх. Ингэж л Эрдэнэт үйлдвэрийн орос, монгол талынхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр “Ачит Ихт” компанийн 34 хувийн хувьцаа эзэмшихээс татгалзаж, ямар нэгэн эрсдэл үүрэхгүйгээр борлуулалтын орлогоос төлбөр авахаар шийдсэн хэрэг.

Үүний дагуу хоёр компани Иргэний хуулийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 5/199-15 дугаартай Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Энэ гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байгаа.

Нэг ёсондоо Эрдэнэт үйлдвэрийн 11 хүн оролцсон ажлын хэсгийн саналаар Эрдэнэт үйлдвэр 34 хувиасаа татгалзаж, “Ачит Ихт” ХХК 100 хувь хувийн өмч хэвээр үлдсэн. Харин Эрдэнэт үйлдвэр өөрийнх нь технологид таарахгүй, балансын бус ч гэлээ овоолго ашиглуулсныхаа хариуд роялти хэлбэрээр өнөөдрийг хүртэл 13 тэрбум төгрөгийг гэрээний дагуу авсаар ирсэн. Гэрээ байгуулагдсан, 34 хувьтай холбоотой товч, тодорхой түүх бол энэ.

“Ачит Ихт” ХХК-ийн хөрөнгө оруулагчид бүх үйл ажиллагаа нь хууль журмын дагуу байх, мөн нийгмийн хариуцлагатай байхыг байнга чухалчилсаар ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд Монголд анхдагч Мөсөн ордны бүтээн байгуулалтын гол санхүүжилтийг хийж байна. Энэ бүтээн байгуулалтын өртөг олон тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа гэсэн. “Ачит Ихт”-ийн үйлдвэрийн ажилтнууд компанийнхаа давуу эрхийн хувьцааны эзэмшигч, жил бүр ногдол ашиг хүртдэгийг эрдэнэтийнхэн ч мэднэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлыг тоочиход овоо хэдэн хуудас цаас орно. Зөв жишгээр ажиллаж байгаагийн шинж л дээ.

Түүгээр зогсохгүй, 99.999 сорьцтой цэвэр катодын зэс боловсруулж олон улсын зах зээл дээр гарган, Лондоны металлын биржийн гишүүнээр Монгол Улсаас анх удаа бүртгэгдсэн. Ингэснээр дэлхийн зэсийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлолцож, улс орныхоо нэр хүндийг өргөж, хамгийн хүнд тооцогддог боловсруулах үйлдвэрийн шанг татан нэр төртэй урагшилж яваа хамт олон.

“Ачит Ихт” компанийн 34 хувийг төрд шилжүүлэх тухай идэвхтэй ярьж байна. Гэтэл өдгөө төр өөрийн мэдлийн өмчүүдээ хувьчлах бодлогыг барьж байгаа. Төрийн мэдлийн компани, аж ахуйн нэгжүүд жилийн жилд алдагдалтай, ашиггүй ажилладаг, шахааны бизнес цэцэглэдэг “жишиг” манайд бий. Ашигтай ажиллуулах гол зарчим нь хувьчлал гэдгийг дээр дооргүй санал нэгтэй дэмжиж, эхнээсээ хувьчлагдаад үр өгөөжөө өгч байгаа компаниуд  ч байна. Гэтэл ашиглалтгүй байсан овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулаад үр шимийг нь улс орон, хүн ардтайгаа хамтдаа хүртэж, байгаль орчинд хортой “ногоон ус”-ны асуудлыг хүртэл шийдээд явж байгаа төслийг төр өөрийн гараар бусниулах бус харин түүний оронд төр, хувийн хэвшил хамтраад хэрхэн илүү үр ашигтай ажиллахаа тодорхойлоод явбал тустай бус уу.

С.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж