Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр/2020.11.04/ боллоо.
- Истанбул Башакшехир 2 – 1 Манчестер Юнайтед
Туркийн баян баг талбайдаа Английн “улаан чөтгөрүүд”-ийг хүлээн авч Демба Ба болон Эдин Виска нарын хоёр гоолын ачаар ялалт байгууллаа. Энэхүү тоглолтонд Манчестер Юнайтед багийн хамгаалалт тун муу байж, олны хэл аманд ихээхэн өртөв.
Манчестер Юнайтед баг Туркт зочлон тоглосон сүүлийн зургаан тоглолтынхоо дөрөвт нь хожигдлоо.
- Зенит 1 – 1 Лацио
Крестовский цэнгэлдэхэд явагдсан хоёр багийн тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө. Эхний гоолыг талбайн эздээс Александр Ерохин оруулж, баг нь тэргүүлж эхэлсэн. Гэвч тоглолт дуусахаас найман минутын өмнө Фелипе Кайседо гоол оруулж, багаа ялагдлаас аврав.
- Барселона 2 – 1 Динамо Киев
Багийнх нь үндсэн хаалгачид covid-19 халдвар авсан учир украинчууд залуучуудын багаасаа хүч нэмсэн. Өдгөө 18 настай Руслан Нещерет Динамо Киевийн хаалгыг манаж, Мессиг зогсоох үүрэг хүлээв. Тоглолтын агуулгын хувьд Барселона илт илүүрхсэн боловч ердөө хоёр гоол оруулсан. Учир нь энэ өдөр талбайд гарсан Руслан Нещерет тэдний гүйцэтгэсэн 14 цохилтынх нь 12-ыг хаав. Ялангуяа Лионель Мессигийн чөлөөт цохилтоос гүйцэтгэсэн аюултай бөмбөгийг хааж чадсан юм.
Лионель Месси энэхүү тоглолтонд нэг гоол оруулснаар УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатны 75 тоглолтонд 71 гоол оруулсан цор ганц тоглогч болжээ.
- Ференцварош 1 – 4 Ювентус
Италийн дархан аваргууд Унгарт зочлон тоглож дөрвөн гоол оруулав. Саяхан коронавирусийг ялан дийлсэн Кристиано Роналдо энэхүү тоглолтонд гараанд гарсан нь онцлог байв. Алваро Мората ч хоёр гоол оруулж, эргэн формдоо орсон гэдгээ харууллаа.
- Брюгге 0 – 3 Боруссиа Дортмунд
Эрлин Холандыг зогсоох хамгаалагч Европт алга. Тэрбээр урьд шөнийн тоглолтонд дахин хоёр гоол оруулж, шилдэг нь гэдгээ батлав. Харин Бельгийн Брюгге баг УЕФА Аваргуудын лигийн хүрээнд гэртээ хийсэн сүүлийн 12 тоглолтондоо ялалт байгуулж чадсангүй. Шилдэг залуу тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан Боруссиа Дортмундын өчигдрийн тоглолтын сэлгээнд л гэхэд Жэдон Санчо, Марко Ройс, Жюде Беллинхем, Рейнье зэрэг залуучууд байжээ.
- Севилья 3 – 2 Краснодар
Севилья талбайдаа гайхалтай тоглолтыг үзүүлэв. Тоглолт эхлээд удаагүй байхад л Краснодараас Магомед Сулейманов, Маркус Берг нар гоол оруулж, баг нь тэргүүлж эхэлсэн. Хэдий нэгдүгээр үеийн 42 дахь минутанд Иван Ракитич нэг гоол оруулсан ч удалгүй Жезүс Навас улаан хуудас хүртэн талбайг чөлөөлөв. Ийнхүү арван хүнтэй, дээрээс нь нэг гоолоор хожигдож яваа Севилья багт баатар хэрэгтэй болсон. Тэр баатраар нь Юссеф Эн-Несири тодорч, 69 болон 72 дахь минутуудад дараалан гоолдож, хүн дутуу баг нь ялалт байгууллаа.
- Челси 3 – 0 Ренн
Гол тоглогч нь болох Кай Хавертц коронавирусийн халдвар авсан гэх таагүй мэдээ тоглолтын өмнө Челсигийн хөгжөөн дэмжигчдэд хүрэв. Гэсэн хэдий ч бүрэлдэхүүн зузаан Челсид энэ нь төвөг удсангүй. Тэд Тимо Вернерийн хоёр, Тамми Абрахамын нэг гоолоор өрсөлдөгчөө буулган авлаа.
- РБ Лейпциг 2 – 1 Пари Сен Жермен (ПСЖ)
Пари Сен Жермен баг Килиан Мбаппегүй, Неймаргүй, Мауро Икардигүй Германыг зорьсон. Довтолгооныхоо гол гурван тоглогчийг гэмтэлд алдсан тус багийн тоглолт эхнээсээ л зохион байгуулалтгүй тун муу байв. Хэдий тоглолтын эхний гоолыг оруулсан боловч талбайн эздээс Кристофер Нкунку, Эмил Форсберг нар гоол оруулж баг нь яллаа.
Кристофер Нкунку хуучин багийнхаа эсрэг гоол оруулсан нь онцлог байв.
Холбоотой мэдээ