Засгийн газрын тогтоолын дагуу энэ жилийн “Хангайн бүсийн хурдан морины уралдаан” энэ сарын 05-06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд болно. Тус уралдааны зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өнөөдөр /2016.03.01/ “Арвагар хээр” холбооноос хийлээ. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд морь уралдахад саадгүй тогтуун байх юм байна. Иймээс уралдаанч хүүхэд даарна гэж айлтгүй, уралдаанаа л өндөр зохион байгуулалтай морь тавиач хүүхэд оролцуулахгүй, морь дагах машины тоог хязгаарлаж, эмх замбараатай явуулбал хүүхэд осолдож, гэмтэх аюул багатай гэж “Арвагар хээр” холбооноос мэдэгдлээ. Мөн уралдаанч хүүхэд заавал өвдөг, тохой, толгой зэргээ хамгаалсан стандартын иж бүрэн хувцас өмсч байж уралдаанд оролцоно гэсэн шаардлагыг тавьжээ. Уралдаан эхлэхээс өмнө уралдааныг зохион байгуулах комисс буюу Өвөрхангай аймгийн цагдаагийн газар, Хүүхдийн төлөө төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд уралдаанч хүүхэд бүрийг нэг бүрчлэн шалгаж, хамгаалалтын хувцас, биеийн байдлыг нь үзэх юм байна. Хэрэв тухайн уралдаанч хүүхдийн биеийн байдал тааруу байвал хурдан морь унуулахгүй хасах аж.
Хурдан морьдыг азарга, их нас, соёолон, эрлийз дээд нас гэж ангилан уралдуулна. Азарга, соёолон, эрлийз дээд насны морьд 16 километр, их нас 18 километрийн зайд уралдана. Азарга, их нас, соёолон насны уралдаанд зөвхөн заасан насны цэвэр монгол адуу тухайн насандаа уралдах зохион байгуулалт хийснээ “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн тайлбарлалаа.
Өнгөрсөн амралтын өдөр Хүй долоо худагт болсон “Дүнжингарав-2016” уралдааны үеэр 17 уралдаанч хүүхэд мориноосоо унаж, хүнд, хөнгөн гэмтсэн байх юм. Цаашид аймаг сумдын уяачдын холбоо тус бүр өвлийн уралдааныг явуулахгүй, уралдаанч хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж, хүйтний улиралд морь унуулахгүй байх санаачилгыг гаргаад явбал “Арвагар хээр” холбоо дэмжинэ. Мөн ирэх хаврын уралдааныг ч хойшлуулах санал гарвал татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийллээ. Тэд хурдан морины уралдааны зохион байгуулалт л сайн байвал, уралдаанч хүүхдэд аюулгүй гэдгийг тодотгосон юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ