Оюутолгойн ТУЗ-ийн шинэ гишүүдээс бид юу хүлээж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ТУЗ-ийн шинэ гишүүдээс бид юу хүлээж байна вэ?

Оюутолгойн ТУЗ-ийн шинэ гишүүдээс бид юу хүлээж байна вэ?

“Дубайн гэрээ”-г байгуулсантай холбоотойгоор бидний ногдол ашиг хүртэх хугацаа 2038 он болж хойшилсон. Гэрээтэй холбоотой маргаан Арбитрын шүүх дээр хянагдаж байна. Оюутолгойн урд хөршөөс жил бүр авдаг эрч хүчний 220 сая ам.долларыг Монголдоо үлдээх шаардлагатай…

Энэ бүхэн бол Оюутолгойтой холбоотой хариултаа нэхэж буй асуултын зөвхөн томоохон нь. Цаана нь олон чухал асуудал Монголд одоо үлдээд байгаа цорын ганц, хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт – Оюутолгойг тойрон өрнөж байна.

Монгол Улсын Засгийн газар энэхүү асуудлуудад гарц шийдэл олох, шинэлэг байдлаар хандахын тулд Удирдах зөвлөлд хоёр шижигнэсэн залууг сая орууллаа. Оюутолгойн ТУЗ-ийн есөн гишүүний гурвыг нь томилох эрхээ Засгийн газар ийн эдэллээ.

Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүмүүсийг Удирдах зөвлөлд сонгоно“ гэж мэдэгдэж байсан. Засгийн газрыг төлөөлж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд ажил нугалах сонголт хийж буй нь шинэлэг хандлага гэж хэлж болно.

Сая шинээр томилогдсон хоёр залууг харахад тун боломжийн томилгоо болчихов уу гэж харж байгаатай та ч санал нийлэх байх.

Дэлхийн том корпорацитай дэлхийн дүрмээр л ажиллаж таарна. ТУЗ-ийн гишүүн бол одоо байгаа дүрэм, хувьцаа эзэмшигчдийн гэрээний хүрээнд компанийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийг төлөөлж, шийдвэр гаргаж ажиллана. Бизнесийн хувьд далд уурхайн шинэ төлөвлөлт, шаардагдах нэмэлт санхүүжилт, хувьцаа эзэмшигчдийн зөрүүтэй ойлголт, өгөөжийг сайжруулах гээд олон шийдэлд ажил хэрэгч хандаж, бусад хувьцаа эзэмшигчдэд ч хүрч, дэлхийн зах зээлээ мэдэрч ажиллах ёстой.

Энэхүү шалгуурт нийцэх хүмүүсийг үндсэндээ шүүн гаргаж ирж чадсан гэж үзэж болохоор байна.

Ний нуугүй хэлэхэд, өмнөх ТУЗ-ийн зарим гишүүнээр улстөрчдийг томилдог байлаа. Гэвч тэд нь бодлого ярихаас, ажил хийдэггүй сул талтай байв. Харин энэ удаад сонгон шалгаруулалтын журмаа хатуу баримталж, мэргэжлийн, улс төрөөс ангид, цэвэр, гол нь ажил хийхээр хүмүүс тавигдсан нь тун сайшаалтай.

"Аспайр майнинг" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир, "J.P Morgan"-д татварын аналистаар ажиллаж байсан Э.Баясгалан нарын намтрыг харахад дээрх санаа батжина.

З.Ган-Очирын уул уурхайн чиглэлээр Канадад коллеж, Монголд ШУТИС-ийг төгсөж, гадаад, дотоодын компанид мэргэжлээрээ 20-иод жил ажиллаж байсан туршлага, Нью-Йоркийн их сургуульд санхүүгийн мастер хамгаалсан зэрэг нь Оюутолгойг тойрсон асуудлуудын гогцоог тайлахад нэн хэрэгтэй гэж үзсэн нь илт. Э.Баясгалангийн Чикагогийн их сургуулийн Бизнесийн сургуульд магистр хамгаалсан, "South Gobi sands", "J.P Morgan"-нд ажилласан туршлага илүү үнэлэгдсэн нь харагдаж байна.

ТУЗ-ийн шинэ гишүүдийн хувьд Оюутолгойг тойрон өрнөж буй асуудлуудаас халгалгүй, ханцуй шамлан орох биз ээ. Шийдлээ хүлээж байгаа, эгэл жирийн монгол хүмүүсийн өдөр тутмын амьдралтай шууд холбоотой олон тулгамдсан асуудал хоолойд тээглээд байна шүү дээ.

“Дубайн гэрээ”-гээр 2038 он хүртэл хойшлоод байгаа ногдол ашгийг наашлуулах, Оюутолгой цахилгаан станцын төслийг хурдавчлах, АМНАТ-т Оюутолгой тав, Эрдэнэт 16 хувийг төлж байгааг өөрчлөх, удирдлагын зардал дээр олон улсын аудит оруулах, татварын маргааны асуудлыг Монгол улсын татварын тухай хуулийн дагуу шийдэх, Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр шинэлэг арга барилаар ажиллаж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоотой нягт хамтран ажиллах гэх мэт олон даалгавар тэдний өмнө тавигдаж байна.

Хүлээлтэнд хүрч ажиллах гэдэг онцгой ойлголт байдаг. Томилгооноосоо олон нийтийн хүлээлтэд нийцсэн шигээ Монгол төрийн эрх ашгийг хамгаалан, Оюутолгойн өгөөжийг нэмэгдүүлж, чөмгөө дундартал ажиллах, тэрхүү их хүлээлтийг хангах үүрэг ТУЗ-ийн шинэ хүмүүст ногдлоо. Цэвэр, мэргэжлийн хүмүүс гэдгээ үйлсээрээ харуулбал томилсон Засгийн газар, ногдол ашиг хүртэх татвар төлөгчдийн нар гарах нь гарцаагүй юм.

Д.ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж