Ж.Сүхбаатар: Нийслэлийн орлого 340 тэрбум төгрөгөөр тасарсан

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

LiveЖ.Сүхбаатар: Нийслэлийн орлого 340 тэрбум төгрөгөөр тасарсан

16 : 45
2020-11-5

Ж.Сүхбаатар: Нийслэлийн орлого 340 тэрбум төгрөгөөр тасарсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс  нутаг, хот суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөл 10 бүлэг, 60 зүйлтэй. Үүнд, хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтаас илүү нарийвчилсан, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүргийг тусгахаас гадна  хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зохицуулалт орсон байна. Мөн хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагыг томьёолон тусгаж, хот байгуулалтын талаарх, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлжээ.

Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын гишүүд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Нийслэлийн ЗДТГ зэрэг холбогдох бүх газруудад хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлж, санал авчээ.

Монгол Улсын Их Хурлаас Хот байгуулалтын тухай хуулийг анх 1988 онд баталсан юм. Хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, баталснаас хойш 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Энд Засгийн газрын гишүүний бүрэн эрх нь хаана байна вэ? Чиг үүрэг гэдэг нь юу хийхийг заана. Бүрэн эрх гэдэг нь ямар эрх үүрэгтэйг заана. Манайх сайдын яам учраас сайдад нь бүрэн эрх нь байдаг яамд нь чиг үүрэг нь байдаг.  Улаанбаатар, Дархан, Эрдэнэт бол ерөнхий архитектороо өөрөө мэддэг байх ёстой. Хотын ерөнхий архитектор бол маш их чухал. Хэн хэдэн онд өгсөн гэвэл Улаанбаатар хотын барилгын түүхээр авилгалыг харж болно. Хот өөрөө архитектураа өөрөө шийдэх ёстой юм. Яамдууд улсын зэрэглэлтэй хотуудыг тасдаад хуваагаад авчих уу. Энэ дотор том зөрчил үүсэхээр байна. Нийслэлийн төсвийг Сангийн яам таначихсан. 340 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын орлого тасарсан явж байна. Ирэх жил  125 тэрбум төгрөгийн өртэй орох гэж байна. 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

Санал бол орон нутгаас ирнэ. Өнөөдөр Нийслэлийн засаг дарга ерөнхий архитектороо томилж байгаа. Амьдрал дээр томилогдсон хүнийхээ өмнөөс орж чаддаггүй. Тэр хүний томилгоо нь босоо байгаад 6 жил байвал мэргэжлийн хүмүүс нь хот төлөвлөлтөө авч явъя гэж оруулж өгсөн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн байр суурийг сонссоны дараа санал хураалтыг маргаашийн чуулганаар хийхээр болж, өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ. 

14 : 39
2020-11-5

"Театр барихын оронд ажлын байр руу чиглүүлэх ёстой"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Малын хөлийн татварын зарцуулалтыг тодорхой болгох чиглэлийг УИХ-ын дарга өглөө. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Төсвөөр театр барихын оронд ажлын байр руу чиглүүлэх ёстойг тэрбээр тодотгосон юм.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж дуусснаар төслүүдийг гурав, дөрөв дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг дэмжиж байна. УИХ-аас гарах шийдвэрт зарлагыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Мал аж ахуйн орлогоос олж байгаа татвар мал аж ахуйн бэлчээрийн хөгжилд зарцуулагдах ёстой. Тиймээс энэ саналыг яаж авч үзсэн бэ. Малчдын насыг таван насаар наашлуулсан. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хууль гарсан. Энэ 2020 онд хэрэгжсэн боловч тун тааруу хэрэгжиж байна. Дөнгөж 10 орчим хувь нь хамрагдаж байна. Энэ хуулийн үйлчлэлийг нэг жилээр сунгаж өгөх асуудлыг олон гишүүд санал болгосон. Энэ санал дээр ажлын хэсэг юу гэж шийдвэрлэсэн бэ?

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:

Малын тоо толгойн татвараас орж ирж байгаа орлогыг тухайн суманд нь үлдээж байгаа. Тухайн орлогоос бүрдсэн эх үүсвэрийг зөвхөн мал аж ахуйн үйлдвэрлэлдээ зарцуулах ёстой. Үүнд зохицуулалт хийхийг шаардаж байгаа. Агуулгатай нь санал нийлж байна. Харин хуульдаа яаж тусах вэ гэдэг асуудал байна. Малын тоо толгойн татвар бол хөрөнгийн татвар. Үүнийг хуульд хэрхэн яаж зарцуулахыг зааж болохгүй байна. Бид энэ асуудлыг ингэж орхилгүй гишүүдийн хэлж байгаа саналуудыг нэгтгээд 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулж авах арга хэмжээний тогтоолд ийм заалт оруулж байна. 5-дахь зүйлд: Малын тоо толгойн албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус татварын орлогыг мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зарцуулдаг байх зохицуулалтыг холбогдох журамд өөрчлөлт оруулах. Үүнийг Засгийн газарт үүрэг болгон өгсөн. Энэ зарцуулах журмыг Сангийн яамнаас боловсруулж гаргадаг. Сангийн яам үүн дээр хэрхэн ажиллаж байгаа талаар нэмэлт мэдээлэл өгөх байх. 

УИХ-ын Л.Энх-Амгалан:

Хурлаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн алдагдлыг хэрхэн багасгах, төсвийн сахилга батыг яаж сайжруулах, төрийн өмчит компаниуд дээр байгаа эдийн засгийн боломжоо яаж ашиглах Засгийн газрын өр, эргэн төлөлтийг шийдэх шийдэл зэрэг чухал асуудлаа ярилцах хэрэгтэй байна. Бидний өмнө том сорилт байна. Гэхдээ малаас гаралтай түүхий эд болох 400 мянга гаруй тонн мах, 30 гаруй мянган тонн хонины ноос,10 гаруй мянган тонн ямааны ноолуурыг боловсруулах боломж байна. Арьс, ширний 15 аас доошгүй сая нөөц байна. Үүнийг эргэлтэд оруулж чадвал ойролцоогоор 3 ихнаяд буюу 1,1 тэрбум төгрөгтэй тэнцэх экспорт хийх боломжтой. Үүнийг ажил хэрэг болгоход 500 орчим тэрбум төгрөгийг төсөв, мөнгөний бодлогоороо дамжуулаад явж чадвал хөдөө аж ахуйн салбараа хөл дээр нь тогтоож, ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд хүрч чадах бодит боломж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Татвар төлж байгаа төсвийн орлогыг нэмэгдүүлэгч хүмүүсийг дэмжиж байгаа илрэл нь ямар бодлогоор илэрч байна вэ? Дагаж байгаа хуульд энэ зүйл суусан уу? Нэмэгдсэн өртгийн албан татварын төлсөн дүн татвар төлөх зардлаас яагаад  хасагдахгүй байна вэ. Татварын хууль онгорхой гарсан учраас дагаж байгаа хууль дотор чинь байна уу? Татвар төлж байгаа улс орныг авч явж байгаа хүмүүсийг яаж урамшуулж байна вэ? Яаж тэр хүмүүсийн сонирхлыг хэрхэн дээшлүүлэх вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:

Энэ удаагийн татварын хуульд татвар хөндсөн зүйл байхгүй. Татварын бодлогоо хөндөж дэмжиж болно, хөндөхгүй дэмжиж ч болно. Төсөв батлахдаа татварын хувь хэмжээг нэмээгүй. Татварын багц хуульд орсон өөрчлөлтөө хадгална. Энэ бол дэмжиж байгаа бодлого. Харин Засгийн газар татвараа нэмэхгүйгээр орлогоо нэмж ажилласан байсан.  Энэ жилийн тодотголын дараах орлого 10.7 их наяд, 2021 оны төсвийн орлого 13.1 их наяд даруй 2.4 их наяд буюу 20-оод хувиар нэмэгдээд орж ирсэн. Ганц ч татвар нэмээгүй. Татвар хураах үйл ажиллагаагаа сайжруулж, татвар төлдөггүй, төлөх ёстой ийм татвар төлөгчдийг илрүүлж татварын суурийг тэлэх замаар орлогоо нэмэгдүүлж байна. 2021 онд татварын бодлого өнгөрсөн дөрвөн жилд батлагдсан тэр хэмжээндээ хувийн хэвшлийг дэмжих бодлогоо шингээн тогтвортой ажиллана.

13 : 19
2020-11-5

Ж.Сүхбаатар: Дэд төвүүдийн ажил зогслоо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,498.5 тэрбум төгрөг гэснийг 3,540.7 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 2021 онд 8.3 гэснийг 8.4 гэж, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1,390.3 тэрбум төгрөг гэснийг 1,363.8 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 3.3 гэснийг 3.2 хувь гэж  тус тус өөрчлөх санал ТБХ-д гаргасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, саналаа хэллээ. Ингээд хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж Төсвийн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаад чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.

УИХын гишүүн Ж.Сүхбаатар:

Улаанбаатар хотын төсвийг энэ жил 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дараа, дараагийн жилд ингээд нэмээд явах уу? Дэд төвүүдийн ажил зогслоо. Сангийн яам төсөв төлөвлөлтийн аргачлалаа танилцуулах хэрэгтэй байна. Ард түмний дуу хоолой болж байгаа бид асуух эрхтэй. Бие биендээ хүндэтгэлтэй хандъя. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ нийслэлийн асуудлыг яаж тусгасан бэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Сангийн яам 2018 онд нийслэлийн орлогыг 661 тэрбум төгрөгөөр хянасан. Гүйцэтгэлээр 880 тэрбум төгрөг. Орлого 220 төгрөгөөр давж биелсэн. 2019 онд 725,9 тэрбум төгрөгөөр хянасан. Гүйцэтгэл нь 928 тэрбум төгрөг. 203 тэрбум төгрөгөөр илүү гарсан. Иймд төлөвлөлт зөв байх уу? Худлаа байх уу гэдэг асуудал гарч байна.

 

12 : 11
2020-11-5

Төрийн шагнал үнэ цэнээ алдсаныг шүүмжилж, 30 жилийн ойн медаль олгохооргүй болов

Чуулган (28)

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын ажиллагаа эхэлсэн түүхтэй хэмээн тэрбээр танилцууллаа. 

Өдгөө тохиож буй байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын Их Хурал 30 жил” гэсэн ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ыг үндэслэн төслийг боловсруулсан гэлээ. Тогтоолын төсөлд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, November 4, 2020

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Төрийн шагналын үнэ цэнэ ард иргэдийн дунд унасан. Төрийн одон медаль намын одон медаль болж хувирсан. Намынх нь үзэмжээр өгдөг гэсэн үг. Нийгэмд хавтгайрсан төрийн одон медалийн тогтолцооноос салах цаг нь болсон. Баахан л ойн медаль, энгэрээрээ дүүрэн медальтай суудаг ард түмэн дэлхийд хоёрхон л байна. Шагнал бол шударга ёсны хэмжүүр гэж мэргэн үг бий. Өнөөдөр Монголын одон медаль шударга ёсны хэмжүүр болж чадахгүй байгаа. 30-40 нас хүрээгүй атлаа Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зүүчихсэн явж байх жишээний. Зарим залуус зүүхээсээ ичиж байна. Гэтэл залуу насаа Монголын бүтээн байгуулалтын төлөө зүтгэсэн ахмадуудын энгэр хоосон сууж байна. Одоо 70 наснаас дээш ахмадуудад Алтан гадас одонг олгоод медалийн тогтолцооноосоо салмаар байна.  Өөрчлөх цаг нь болсон.

УИХ-ын гишүүн  Ц.Сандаг-Очир:

Энэ 30 жилийн ойн медалийг ямар хүмүүст өгөх юм бэ.  Төрйин одон медалийн  үнэ цэнэ алдагдаж, хөдөө орон нутагт ахмадуудыг гомдоож байгаа нэг асуудал нь одон медаль. Шуудай шуудайгаар нь төрийн одон медалийг өгдөг байдал замаа алдсан.30 хүрээгүй залуус Алтан гадас зүүж байна. Намчирхал газар авсан. Насаараа улсдаа хөдөлмөрлөсөн ахмадууд салбарынхаа тэргүүнийг ч авч чадаагүй ахмад олон байгаа. Нүд анихаасаа өмнө төрийн шагнал авчих юмсан гэсэн ахмад цөөнгүй бий. Тодорхойлолтыг нь явуулдаг ч Ерөнхийлөгчийн тамгын газарт ирээд гацдаг. Хэн хөөцөлдлөгөөтэй нь төрийн медалийг авч чаддаг. Одоо тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай. Ахмадуудын хамгийн их харж, хүлээдэг нь энэ асуудал шүү.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Байгууллагын тухай асуудал биш юм. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага цоо шинэ зарчмаар ажиллаж эхэлсэн, том институт шинэ зарчмаар ажиллаж эхэлсний 30 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн. Байнгын ажиллагаатай парламентыг хөгжүүлэх, хууль засаглалыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгоно. Шагнал хавтгайрсан нь үнэн. Нүдээ олсон шагнал гэж бий. Манайд олонх нь утгаа алдсантай холбоотой. Орон нутгийн сонгуулийн үеэр хувинд хийгээд тарааж байна гэж сонссон. Авсан хүн нь зүүхээс ичиж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Хэдэн хүнд медаль өгөх юм бэ. Энэ тогтоолын төслийг больчих. Наадахыг чинь бид хэд л зүүнэ. МАН-ынхан ярьж байгаад бүх одон медалийг хориглочихооч. Цаашид одонг цэгцэлье.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 1000 ширхэг медалийг хийлгэнэ гэж байгаа. Ардчилсан парламентыг бий болгоход хувь нэмрээ оруулсан хүмүүст өгнө гэж байна. Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаатай санал нэг байна, гэхдээ цаашдаа. Харин энэ удаад үүнийг батлаасай гэж бодож байна. Хэд хэдэн удаа ажлын хэсэг хуралдаад 30 жилийн ойгоо тэмдэглэх ажлаа төлөвлөчихсөн. Одоогийн байдлаар төсөв мөнгийг хараахан батлаагүй байна. Тэнд тэдэн төгрөгөөр хэвлэнэ гэсэн тооцоо хараахан гараагүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Алдарт эхийн одонтой адилхан шударга шалгууртай болгоё. 25 жил ажилласан бол 30 жилийн ойн медалийг бид зүүлээ гээд ухаантай, баатар болохгүй. Одон медалын журмыг өөрчилье. Одон медальд маш их зардал гардаг. Өөрсдөөсөө эхлээд 30 жилийн ойн медаль олгох тогтоолыг батлахгүй байя.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Хүндэтгэлийн ёслол ойн медалийг хүлээж байгаа төр улсдаа зүтгэсэн хүмүүс бий. Хүндэтгэл ёслолын ажлаа зохион байгуулаад, заавал тогтоолын төсөлгүйгээр шийдэх боломж бий гэж бодож байна. 1000 ширхэг медалийг хэвлэхэд тийм ч их мөнгө болохгүй байх. Энд хэлэлцүүлэх нь буруу. Парламентын ажлын аппаратад олон хүн ажилласан. Тэдэнд үнэ цэнэтэй. Хүндэтгэл үзүүлэхэд заавал энд хэлэлцээд байх шаардлагагүй байх.

Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар тус тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр  санал хураахад  гишүүдийн олонр дэмжээгүй тул тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаахаар болов.

11 : 26
2020-11-5

С.Бямбацогт: УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох зохицуулалтыг илүү зөөллөсөн

Бямбацогт УИХ-ын анхдугаар чуулган (65)

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын долоон гишүүний  өргөн мэдүүлсэн /2020 2020.10.01/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 09.00 цагаас эхлүүлж, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.

Түүнчлэн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасахаар тусгасан байна. Хэрэв хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.

УИХ-ын гишүүнийг хөөж гаргах тухай зохицуулалт нь 2007 оны УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд ч байсан гэдгийг тодотгоод, 2020 оны тавдугаар сард өргөн барьсан төсөлд тэр хэвээр нь оруулж ирсэн. Харин энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд илүү нарийвчилж "сануулах-үг хэлэх эрхийг хасах-хуралдааны танхимыг орхин гарахыг үүрэг болгох- хуралдаанд оролцох эрхийг хасах" гэсэн дараалалтай оруулж буйг танилцууллаа. Өөрөөр хэлбэл,  албадан гаргах гэж тусгаагүй болохыг учирлав. УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд оролцохдоо үндсэн үүргээ ухамсарлаж бусдыгаа хүндэтгэх, дэгийн хууль болон ёс зүйн дүрмээ баримталж, хууль дүрмийн чандлан сахих ёстойг сануулав. Дээрх зохицуулалт нь өмнө нь ч байсан, олон улсын парламентын жишигт ч байдаг хэмээн хариултдаа онцолсон. 

09 : 21
2020-11-5

Ц.Туваан: Цагаан будаа 2400 төгрөг байсан бол 5000 болж өссөн

Одонтуяа ТуваанУИХ-ын анхдугаар чуулган (31)

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн чуулган дээр 2021 оны төсөв, Мөнгөний бодлого дээр байр сууриа илэрхийлэв.

Мөн чуулганы танхимын үүдэнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 2016 оныхтой харьцуулж үзэсгэлэн гаргажээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Ам.долларын ханш 2860 болж, 3000 дөхлөө. 2016 онд муулаад байдаг АН засаг барьж байхад ам.долларын ханш 1964 төгрөгтэй тэнцэж  байсан. Ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Ингээд  л  байх юм уу. Манайх дотоодын үйлдвэрүүдээ дэмждэггүй, импортын хараат улс. Доллар өсөөд байгаа нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй шууд холбоотой. Ам.долларын ханшийг хэдэн төгрөгөөр барих юм бэ. Монголбанкны хийх ганц ажил нь энэ шүү дээ. Инфляцыг нэг хувь руу оруулах боломжтой. Иргэдийн халааснаас чимээгүй хулгайлж байгаа нь инфляц.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

Ам.долларын ханш оны эхнээс уналттай байгаа. Энэ онд инфляц найман хувь байгаа бол ирэх онд зургаан хувь руу оруулахаар төлөвлөж байгаа. Дэлхийн ихэнх улсад ханшны уналт гарч байгаа. Манай улсын хувьд харьцангүй онилсон түвшиндээ хадгалагдаж байна.

Монголбанкы ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг 4.3 хувиар суларсан. Өнгөрсөн онд 4.5 хувиар, 2018 онд 8 хувь, 2017 онд 2.8 хувиар чангарсан.Тиймээс ирэх жил ч гэсэн савлагаа бага байна гэж төсөөлж байгаа. 2021 онд эдийн засгийн өсөлтийг харгалзан үзэж инфляцын түвшинг 6 хувиар тооцоолсон.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Ер нь нөхцөл байдал хүнд байна. 2016 онтой харьцуулахад маш муудсан байна. Иргэдийн худалдан авалт 40 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн байгааг бид чуулганы үүдэнд дэлгэж харуулсан. 2016 онд нэг кг цагаан будаа 2400 төгрөг байсан бол өнөөдөр 5000 болж өссөн. Сүү гэхэд 2016 онд 2176 төгрөг байсан бол өнөөдөр энэ ханшаар 600 грамм сүү л худалдаж авна. 2016 онд сахар кг нь 1500 байсан бол өнөөдөр 500 грамм сахарыг энэ ханшаар худалдаж авна. Бараа бүтээгдэхүүний үнэ ингэж өсч байхад нөгөө талдаа цалин, тэтгэвэр нэмэгдсэн билүү.  Удахгүй ам.долларын ханш 3000 хүрэх байх. Хэрэв ингэвэл хэн хариуцлага хүлээх вэ. Халамжаа багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлмээр байна.

Монголбанкы ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Монголбанк инфляцын түвшинг хэмждэггүй. ҮСХ инфляцын түвшинг гаргадаг. Нийтлэг хэрэглээний 343 барааны 40 хувь нь импортын бараа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Өнөөдөр АН-ын гишүүд хэд хэдэн тоо баримт, бараа бүтээгдэхүүний үнийг самбар болон хувцас дээрээ бичээд орж ирлээ. Ихэнх нь шоолж байна. Инээдэм биш ханиад шүү. Ард түмний амьдрал ямар байдалд байгааг энэ тоонууд гэрчилнэ. Монголбанкинд буруу байхгүй, тэд өөрсдийнхөө хэмжээнд ажлаа хийсэн. Харин улс төрийн шийдвэрээс үнийн өсөлт бий болсон. Өмнө нь дандаа АН руу чихдэг байсан бол одоо АН руу чихэхэд дэндүү урт хугацаа өнгөрлөө. Та нар өөрсдөө хариуцлагаа үүр, анхаар. Ханшийг өнөөдөр 40 хувиар алдлаа. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Манайх шиг ханшаа алдсан улс өөр байхгүй.

Хоёрдахь асуудал бол банкны системийн хямрал. Өнөөдөр хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 6.6 хувь, чанаргүй зээл 11.4 хувь байна. Энэ бол эрх баригч нам муу ажилласны жишээ. Үнэт цаасны хэмжээ 5.3 их наяд төгрөг байгаа нь юу гэсэн үг вэ. Банкуудад дөрвөн жилийн хугацаанд 2 их наяд төгрөгийг зөвхөн хүүнд өгч байгаа. Энэ бүхэн бодлого буруу байгаагийнх. Мөнгөний нийлүүлэлт 10.1-22.3 их наяд төгрөг болтлоо нэмэгдсэн нь их хэмжээний мөнгө хэвлэсэн гэсэн үг. Нэг гараараа мөнгөний нийлүүлэлтээ огцом өсгөж нөгөө гараараа  мөнгөний бодлогоо алдаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Гишүүд дэгээ баримаар байна. Сөрөг хүчний хийж буй акцыг хүндэтгэж байна. Гэхдээ манай намын патенттай акц шүү.АН-ынхан бүтээлч сөрөг хүчин бай. Өнөөдөр та нар бүгд Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг. Нэг удаа та нар зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан уу. Аль аль нь бүтээлч байя.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

Мөнгөний бодлого , төсөв хоёр зэрэгцэж явах ёстой байтал Сангийн яам, Монголбанк харилцан уялдаагүй ажиллаж байгаа. Сангийн сайд дотоодын бонд гаргахгүй байгаа гэж хэлсэн атал Монголбанк үнэт цаас болгоод 5.3 их наяд төгрөгийг зах зээлээс татчихсан гээд хэлэхээр Сангийн сайд нь мэдэхгүй байх жишээний. Ийм байдлаар Мөнгөний бодлого, төсөв хоёр тусдаа явснаас эдийн засгийг асуудалд оруулж байна. Монголбанк өнгөрсөн хугацаанд 5.3 их наяд төгрөгийн үнэт цаас гаргаад 13 банкны эздэд 2 их наяд төгрөгийн хүү төлж өгч байна. Гэтэл АН-ын үед 3 их наяд төгрөг хэвлээд 80 мянган айлыг орон сууцтай болгож, 4000 барилгын компанийг босгож байлаа. Та нар өнөөдөр найман хувийн зээлийг 6 хувь руу оруулсан атлаа ямар ч санхүүжилт хийгээгүй ш дээ. Зөвхөн 80 мянган айлын зээлийн эргэн төлөлтөөр олгож байгаа. АН-ын үед хийсэн бүх зүйлсийн үр шимийг та нар одоо хүртэж байна. Түүнийхээ өчүүхэн хэсгийг ард түмэнд өгчихөөд үлдсэнийг нь хөшөө дурсгал мэтэд шингээж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэх чиглэлд анхаармаар байна.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

Б.Пүрэвдорж гишүүнтэй санал нэг байна. Мөнгөний бодлого, төсөв уялдаагүй байгаа нь үнэн. Монголбанк ганцаараа бүхнийг шийдэж чадахгүй. Бид өнгөрсөн 30 жил экспортын үйлдвэрүүдийг хөгжүүлээгүй. Импортоос хараат явж ирсэн нь ганц Монголбанкны буруу биш. Олон жилийн алдаатай бодлогын буруу. Хэдэн уул уурхайгаа шүтэж ирсний гай. Төсвийн бодлогоо тэлдэггүй, ЖДҮ-ийг дэмждэггүй, иргэдийн ажил хийх бүтээмж, сонирхлыг бий болгоогүйн хор уршиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж