АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн өрсөлдөөн ширүүссээр байна. Олон арван улс орны гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалахын ирээдүй энэ улсын сонгуулийн үр дүнгээс шалтгаалах учир дэлхий нийтээрээ тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг чих тавин хүлээж байна. Өмнөх жилүүдэд сонгуулийн үр дүн санал хураалт болсон өдрийн орой гэхэд тодорхой болдог байсан ч энэ удаа санал тооллого удааширч байна. Учир нь covid-19 цар тахлын улмаас зарим мужууд урьдчилсан байдлаар шуудангаар иргэдийн саналыг авсан юм. АНУ-ын хүн амын бараг гуравны нэг нь буюу 100 орчим сая хүн урьдчилсан санал хураалтад оролцсон билээ.
Өнөөдөр өглөөний /2020.11.05/ 08.00 цагийн байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 төлөөлөгчийн саналыг аваад байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 264 саналтайгаар өрсөлдөгчөөсөө 40 саналын зөрүүтэйгээр тэргүүлж байна. Нийт 538 саналаас 270-ийг нь авч байж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох юм.
Трампын хувьд өчигдөр өрсөлдөгчөө гүйцэхэд ойрхон болж ирсэн ч шуудангаар санал өгсөн хүмүүсийн дийлэнх нь Байденийг дэмжиж байгаа аж. Харин цар тахлыг үл ойшоодог Дональд Трампын сонгогчид санал хураалтын өдөр биеэр очиж сонголтоо хийхийг илүүд үзсэн байна. Санал хураалтын дүнгээ эцэслэж гаргаагүй байсан мужуудад Трамп илүү олон саналтай явж байсан ч өнөөдөр байдал өөрөөр эргэжээ.
Дональд Трамп шуудангаар санал авах ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Мичиган мужийн санал тооллогыг зогсоох хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй байна. Одоо тэд Пеннсилвани мужийн санал тооллогын ажиллагааг зогсоох, Уисконсин мужийн саналыг дахин тоолуулах хүсэлтийг Дээд шүүхэд гаргаад байгаа гэнэ. Мөн тэрбээр сонгуулийн дүн албан ёсоор гараагүй Пеннсилвани мужид ялалт байгуулснаа зарлан жиргэсэн ч твиттер компани түүний жиргээг түр хугацаанд нуух арга хэмжээ авчээ.
Ерөнхийлөгч Трамп аравдугаар сарын 2-ны үүрээр жиргэсэн жиргээгээрээ америкчуудыг цочирдуулсан. Тэрбээр эхнэрийн хамт коронавирусийн халдвар авснаа тэгэхэд зарласан юм. Цар тахал нь 2020 оны турш тус улсын мэдээллийн гол сэдэв байсаар ирсэн бөгөөд есдүгээр сард Дээд шүүхийн шүүгч Рут Бадер Гинсбург нас барсан мэдээлэлд ард иргэд анхаарал хандуулж эхэлсэн. Гэтэл Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар халдвар авсан нь америкчуудын эргээд цар тахал руу анхаарлаа хандуулах шалтгаан болсон.
ABC News / Ipsos-ийн санал асуулгын дүнгээс харахад Ерөнхийлөгч цар тахлын хямралыг хэрхэн шийдвэрлэж байгааг америкчуудын ердөө 35 хувь нь сайшаасан бол судалгаанд оролцогчдын 72 хувь нь вирусийн халдвар тарах эрсдэлийг бууруулж чадаагүй, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хангалттай авч чадаагүй гэж дүгнэжээ.
АМЕРИКЧУУД ТРАМПАД ИТГЭЛ АЛДАРЧЭЭ
Сонгуулийн санал хураалтын дараа үндэсний хэмжээнд явуулсан “Exit Poll” санал асуулгын дүнгээр Дональд Трампыг эрэгтэйчүүдийн 49 хувь нь дэмжсэн бол Байденийг 48 хувь нь дэмжжээ. Харин эмэгтэйчүүдийн 43 хувь нь Трампыг, 56 хувь нь Байденыг дэмжсэн байна.
Сонгогчдыг арьс өнгө, яс үндсээр нь авч үзвэл цагаан арьстнуудын 56 хувь нь Трампыг, 42 хувь нь Байденийг дэмжсэн бол хар арьстнуудын 87 хувь нь Байденийг, 12 хувь нь Трампыг дэмжжээ. АНУ-д сүүлийн хагас жилийн дотор арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн эрчимтэй өрнөсөн нь ийм үр дүнд хүргэсэн байна.
Мөн Испани хэлтэнгүүд буюу Латин Америкчуудын 65 хувь нь Байденийг, 32 хувь нь Трампын төлөө саналаа өгсөн бол Ази гаралтай америчуудын 63 хувь нь Байденд, 31 хувь нь Трампад саналаа өгчээ.
Насны хувьд ангилж үзвэл 18-29 насныхан буюу залуучуудын 61 хувь нь Байденийг дэмжиж, 35 хувь нь Трампын төлөө саналаа өгсөн байна. 30-44 насныхны хувьд 45 хувь нь Трампыг дэмжиж, 52 хувь нь Байденийг дэмжжээ. Харин 45-64 насныхны 50 хувь нь Байденд саналаа өгсөн гэж хариулсан бол 49 хувь нь Трампыг дэмжсэн байна. 65 ба түүнээс дээш насныхны 50 хувь нь Трампад, 48 хувь нь Байденд саналаа өгчээ.
Сонгогчдыг боловсролын түвшнөөр нь ангилж үзэхэд дээд боловсролтой сонгогчдын 55 хувь нь Байденийг 43 хувь нь Трампыг дэмжсэн бол дээд боловсролгүй сонгогчдын 49 хувь нь Байденийг, мөн тэнцүү тооны сонгогч Трампад саналаа өгсөн хэмээн хариулсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхдөө нийгмийн ямар асуудалд ихэвчлэн анхаарсан талаар сонгогчдоос асуухад эдийн засгийн асуудалд 35 хувь нь, ялгаварлан гадуурхах үзэлд 20 хувь нь, covid-19 цар тахлын асуудалд 17 хувь нь, гэмт хэрэг, аюулгүй байдлын асуудалд 11 хувь нь, эрүүл мэнд, халамжийн бодлогод 11хувь нь илүү анхаарч саналаа өгсөн гэж хариулжээ.
Холбоотой мэдээ