МУИС-иас бусад төрийн өмчит их сургуулийг Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Ховд зэрэг аймаг руу нүүлгэх төлөвлөгөө барьж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн долоо хоногт /2020.10.26/ мэдээлсэн. Эхний ээлжинд буюу ирэх жил Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг /ШУТИС/-ийг Орхон аймагт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ удаад бид ХААИС-ийн багш, оюутнууд дээрх шийдвэрийг дэмжиж буй эсэх талаар сурвалжиллаа.
ХААИС нь зургаан бүрэлдэхүүн сургуультай. Харьяа гурван эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Тус их сургуульд нийтдээ 1000 орчим эрдэм шинжилгээний ажилтан, багш нар ажиллаж байгаа бол 10 мянга орчим оюутан бакалавр магистр, докторт суралцаж буй. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох их сургуулийн нэг билээ.
Их сургуулийн үүдээр ормогц оюутнуудын хөл хөдөлгөөн ихтэй угтлаа. Зарим оюутнууд “Энэ асуудлыг олон жил ярьсан. Гэвч өнөөдрийг болтол амьдрал дээр хэрэгжсэн зүйл алга. Биднийг төгссөний дараа л их сургуулийг нүүлгэн шилжүүлэх байх” гэдгийг хэлж байв. Ингээд багш, оюутнуудын байр суурийг хүргэе.
“ОРОН НУТАГТ СУРАЛЦАНА ГЭЖ ОГТ ТӨСӨӨЛӨГДӨХГҮЙ БАЙНА”
ХААИС-ийн Агро, экологийн сургуулийн гуравдугаар курсын оюутан Д.Дашням “Би байгалийн аялал жуулчлалын мэргэжлээр суралцдаг. Манай сургуулийн ихэнх оюутнууд орон нутгаас ирж, суралцдаг. Хөдөө аж ахуйн их сургуулийг нүүлгэх шийдвэр гарвал хэцүү шүү дээ. Бүх сургалтын бааз, суралцах орчин, хүмүүсийн төвлөрөл Улаанбаатар хотод байхад Дархан-Уул аймаг руу хэн нүүх вэ дээ. Миний хувьд ийм шийдвэрийг дэмжихгүй. Надаас гадна олон оюутан энэ шийдвэрийг дэмжихгүй байх гэж бодож байна”.
Дөрөвдүгээр курсын оюутан Г.Мөнх-Эрдэнэ “Их сургуулиудыг орон нутаг руу нүүлгэх ажил биднийг төгссөний дараа л хэрэгжих болов уу. Гэхдээ ажил болж хэрэгжихэд хэцүү л дээ. Өөр дээрээ жишээ авахад, 700 км зам туулж, Дорноговиос Улаанбаатарт ирж суралцдаг. Хэрэв их сургуулийг маань Дархан-Уул аймаг руу шилжүүлбэл Улаанбаатарт ирж, явж байх болно. Одоо Дархан чиглэлийн зам ямар байгаа билээ. Вагоноор явахаар 10 мянган төгрөгийн зардлынхаа буцаан олголтыг авах нь ховор. Улаанбаатар хот хүн ам олноор суурьшиж байгаа учраас энд дасан зохицохоос өөр аргагүй. Гэтэл их сургуульд суралцахын тулд орон нутагт руу очиж, суралцана гэж огт нүдэнд төсөөлөгдөхгүй байна”.
Оюутан Г.Батболд “Их сургуулийг нүүлгэхэд зөвхөн оюутнууд дагаад тэнд очихгүй. Энд ажиллаж байгаа ажилчин, багш нар оюутнуудаа дагаж, орон нутагт очих шаардлагатай болно. Тэд Дархан-Уул аймагт очоод хаана амьдарч, гэр бүлээ яаж зохицуулах юм. Ийм шийдвэрийг би хувьдаа дэмжихгүй”.
ХААИС-ийн багш, доктор Д.Дэлгэржаргал “Би өөрөө маш олон эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Багш хүн учраас өөрийн нийгэмд оролцох оролцоогоо идэвхтэй байлгахыг хичээдэг. Их сургуулийг нүүлгэн шилжүүлбэл бид нэгдүгээрт мэдээллийн эх үүсвэрээс холдчихно, хамтын ажиллагаатай байгууллагуудтайгаа ажиллах боломжгүй болно. Их сургуулийн багш нар мэдээллийн эхэнд явж, түүчээлэх ёстой. Гэтэл алслагдсан орон нутаг руу нүүх нь хэр зөв шийдвэр байх бол. Би хувьдаа үүнийг дэмжихгүй.
Мөн багш хүн гэр бүлээ аваад нүүнэ гэдэг маш том асуудал. Энэ асуудлыг бидний хувийн асуудал гээд орхиод зөвхөн сургууль, эрдэм шинжилгээний ажлаа бодоод үзэхэд ямар ч боломжгүй. Үүнд дээр багш ажилчдын нийгмийн асуудлыг нэмэхээр бүр боломжгүй. Хэрвээ алсдаа их сургуулиудаа хотхон байдлаар хөгжүүлье гэвэл анхнаасаа төлөвлөж, дагуул хотоо байгуулах шаардлагатай. Улсаас бүсчилсэн хөгжлөө дэмжих хэрэгтэй. Ийм үед хүчээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлэлт хийж, аваачих нь буруу. Энэ нь цаг үеэ олоогүй асуудал гэж бодож байна. Ер нь одоо байгаа оюутны дотуур байрны нөөц хангалтгүй байдаг. Тиймээс ядаж л Дархан-Уул аймагт хүрэлцээтэй оюутны дотуур байр барих шаардлагатай болж байна”.
Тус сургуульд сургалтад суухаар ирсэн ахмад багш О.Сүхээ “Их сургуулийг бүхлээр нь нүүлгэн шилжүүлэх нь туйлшрал. Харин Дархан-Уул, Орхон аймагт байгаа үйлдвэр, салбар сургуулийг ашиглан, шинэ элсэлтийг тэндээ авсан нь дээр гэж бодож байна. Ингэснээр Улаанбаатар хотод байрлах төв сургуулийн ачаалал ч буурна” гэдэг саналаа хуваалцлаа.
“МАНАЙ ИХ СУРГУУЛЬ ХАШААН ДОТРОО БАГТАХГҮЙ БАЙНА”
Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүгагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсдаа томд тооцогдох их сургуулийн газар дээр хэчнээн хичээлийн байр байна вэ?
-Хөдөө аж ахуйн их сургууль нь кампус дотроо хичээлийн найман байртай. гурван хүрээлэнгийн байр байдаг. Хоёр нь нэг байранд, нэг нь тусдаа байртай. Үүнээс гадна нийслэлийн 32 дугаар сургууль, 35 дугаар цэцэрлэг байдаг. Нийтдээ манай оюутны дөрвөн байр, багш ажилчдын таван орон сууц болон бусад байгууламжууд бий.
-Тус сургуулийг ирэх жилээс Дархан-Уул аймаг руу шилжүүлнэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Сургуулийн удирдлагын зүгээс ямар байр суурьтай байгаа бол?
-Ер нь их сургуулийг шилжүүлэх, нүүлгэх асуудлаар Засгийн газарт сүүлийн хэдэн жил хүсэлт тавьж ирсэн. Манай их сургууль хашаан дотроо багтахгүй болж байна. Улаанбаатар хотод хоёр дахь кампусыг байгуулах газар алга байна. Тиймээс хоёр дахь салбар сургуулийг хаана байгуулах вэ гэдгээ эрж хайж байна гэсэн үг. Дархан-Уул аймагт манай сургуулийн харьяа сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн байдаг. Өөр бусад газруудад хоёр дахь кампусын асуудлаар зураг төсөл, тодорхой саналуудыг гаргасан байгаа.
-Их сургуулийг нүүлгэн, шилжүүлэх талаар судалгаа хийсэн үү. Хийсэн бол ямар шатандаа явааг сонирхож болох уу?
-Одоо сурч, ажиллаж байгаа багш, оюутнууд шууд Дархан руу нүүхгүй шүү дээ. Бид дараагийнхаа судалгааны их сургууль болох хөгжлийн хүрээнд хоёр дахь орон зайгаа бэлдэх нь чухал. Хаана гэдгээ тодорхой шийдээгүй. Засгийн газраас бас эрэл хайгуул хийж байгаа. Одоогоор хамгийн тохиромжтой газар хаана вэ гэдгийг судалж байна гэсэн үг.
Манай сургуулийн зүгээс хоёр дахь кампуст хэдэн багш оюутны байр байх шаардлагатай зэрэг тодорхой зураглалыг гаргаж байна. Засгийн газар 2009 оноос Багануурт их сургуулиудын нэгдсэн хотхон байгуулна гэдэг тооцооллыг хийгээд явж байгаа. Энэ бүтээн байгуулалтад нийтдээ 11 их наяд төгрөг хэрэгтэй гэдэг тооцооллыг гаргасан. Манай сургуулийн хувьд эхний барилга байгууламжаас гадна нэн шаардлагатай лабораторит техник хэрэгслүүдэд нэг их наяд төгрөг хэрэгтэй.
-Орон нутаг дахь салбар сургуулиа илүү хөгжүүлнэ гэлээ. Магадгүй их сургуулийг нүүлгэснээр элсэгчдийн тоо буурах эрсдэл гарах вий?
-Бид орон нутагт Улаанбаатар хотод байгаа орчинг бүрдүүлэх нь чухал. Бид өнөөдөр эсвэл маргааш нүүх гэж байгаа биш. Одоо тэнд хоёр дахь кампусаа барьж байгуулна гэдэг нэлээд цаг хугацаа, санхүү хөрөнгө шаардана. Хангалттай боллоо гэвэл, багш, оюутны байр, сургууль, цэцэрлэг гээд олон байгууламжийг барих хэрэгтэй болно. Тэр хооронд бид ямар хөтөлбөрийг боловсруулж, шинэ элсэгчдээ хэрхэн авах вэ гэдгээ боловсруулна. Их сургуулийн хөтөлбөрт шинэчлэл хийж, зарим мэргэжилтэнг бэлтгэх шаардлагагүй болж байна. Зарим хөтөлбөрийг цоо шинээр хийх шаардлага үүсч байгаа. Таван жилийн дараа шинжлэх ухааны салбарт ямар өөрчлөлт орж, хөдөө аж ахуйн салбарт ямар ахиц дэвшил гарахтай уялдуулж, өнөөдрөөс эхлэн бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
-Багш, оюутнууд их сургуулийг нүүлгэн шилжүүлэхийг дэмжихгүй байна. Тэднээс санал асуулга авсан болов уу?
-Ер нь санал, асуулга авч байгаа. Орон нутагт хотоос дутахааргүй орчин бүрдчихвэл бүгд л дэмжих байх. Улаанбаатар хотод ажиллаж байгаа багш нар илүүдэл биш шүү дээ. Бид ирээдүйн багш мэргэжилтнүүдээ одоо магистр, доктор нараасаа бэлдэж эхэлнэ.
“ИХ СУРГУУЛИУД ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА”
Томоохон их сургуулиудыг ирэх жилээс нүүлгэн шилжүүлэх болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулах гэсэн боловч холбогдох мэргэжилтэн нь “Хуралд орсон учраас уулзах боломжгүй байна” гэв. Тус яамны дэд сайд Г.Ганбаяр өмнө нь мэдээлэл хийхдээ “10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Одоогийн нөхцөл байдлаар Багануур дүүрэгт их, дээд сургуулиудыг төвлөрүүлэх боломжгүй. Харин Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт их, дээд сургуулийг чиглэл бүрээр нь нүүлгэн шилжүүлэх, оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ.
Тухайлбал, ШУТИС-ийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Орхон хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймаг руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ. Чанаргүй, их дээд сургуулиудыг цөөлөх бодлогын хүрээнд тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас илүү бусад их дээд сургуультай нэгтгэнэ. Энд дурдахад, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэх таван дээд сургуулийн оюутныг өөр бусад их дээд сургууль руу шилжүүлсэн” гэдгийг хэлж байв.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалтын албанаас их сургуулийг нүүлгэн шилжүүлэх талаар тодруулахад “Их сургуулиуд ямар ч мэдээлэлгүй, салбарын яамнаас албан ёсоор бичиг ирээгүй байна. Тийм учраас мэдээлэл өгөх боломжгүй. Олон нийтэд мэдээлэл хийсэн хүмүүсээс л энэ талаар асуух нь зүйтэй байх” гэлээ.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ