"NEWS" агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам, тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг онцолж байна.
Дэлхий нийтээр Covid-19 халдвар тархсан, эдийн засгийн амаргүй энэ үед Монгол Улсын хувьд хүндрэлийг даван туулахад гол зүтгүүр мотор нь яах аргагүй уул уурхайн салбар билээ. Яг ийм цаг үед уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, хөрөнгө оруулалтыг зохицуулж буй Уул уурхай хүнд үйлдвэрийн яам юу хийж байна вэ. Тус яамны хийх ёстой хамгийн чухал ажил нь хилээр аль болох олон машин гаргаж нүүрсний экспортыг нэмэгдүүлэх явдал юм.
ХАМГИЙН ИХ ХЭЛ АМ ДАГУУЛСАН САЙДТАЙ ЯАМ
Салбарын хүн гэх тодотголтой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон лицензийн тоог цөөрүүлнэ гэхээс илүүтэй хариуцлагатай, ил тод уурхайг хөгжүүлэхээ мэдэгдсэн. Түүний хувьд “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг байгууллагаар төлүүлсэн баримт нь дэлгэгдэж олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй. Жилийн 204 сая төгрөгийн орлоготой тэрбээр төсвийн мөнгийг хувьдаа ашигласан нь огцрох бүрэн үндэслэл болно хэмээн үзэж, УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.
Дээрх үйл явдлын дараа сайд Г.Ёндон хувиасаа 10.7 сая төгрөг гаргаж, "Монголросцветмет” нэгдэл рүү шилжүүлсэн ч хариуцлага дуусахгүйг иргэд шахан шаардаж, салбараа авч явж чадах эсэхэд нь эргэлзэх болсон.
Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаад өдгөө дөрвөн сар болж байна. Засгийн газар ирэх дөрвөн жилд уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд тэр дундаа дэд бүтцийг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж буй. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлэх шийдвэр гарч, санхүүжилтэд “Эрдэнэс Тавантолгой” ХК голлон оролцсоноор төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа. Мөн салбарын яамнаас Оюутолгой, Цагаансуварга гэх мэт томоохон ордуудын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, үйлдвэрлэлээ эхлэх, эрчимжүүлэх, төслийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын хувьд дэмжин ажиллах зорилтыг тавьж буй. Мөн Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүх талаар дэмжиж ажиллах гэдгээ салбарын сайд нь илэрхийлсэн.
Энэхүү Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эхлүүлснээр зэсийн баяжмалыг боловсруулах, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор баяжуулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Уул уурхайн салбарын ирэх дөрвөн жилийн бодлогыг “олборлолтын үе шатнаас боловсруулалтын үе шатанд шилжсэн жилүүд байх болно” гэж тодорхойлжээ.
Саяхан уул уурхайн салбарынхны хөрөнгө оруулагчдын олон улсын “Дисковер Монголиа”чуулга уулзалтыг тус яам зохион байгуулж, салбарынхаа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэсэн. Уг чуулганы үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Манай салбар гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаардаг. Монгол Улс, монголчуудад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлж, харилцан үр ашигтай, хамтын үйл ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорино. Цаашид Засгийн газар, яамны зүгээс ашигт малтмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг баримтлан ажиллана” гэж хэлсэн.
Түүнчлэн ирэх дөрвөн жилд стратегийн томоохон орд, газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас төлөвлөсөн. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал.
Яамны зүгээс геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарт хөрөнгө оруулалтыг татах, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахыг зорьж байгаа.
Салхитын мөнгөний ордыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх хүрээнд ирэх онд 900 мянган тонн хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна. Мөн экспортын гарцыг нэмэгдүүлэх хүрээнд Салхитын мөнгөний ордын баяжмалыг БНХАУ, Европын улс руу экспортлох туршилтын ачилт хийж эхэлжээ.
ХЭРВЭЭ БИД ТӨМӨР ЗАМТАЙ БАЙСАН БОЛ…
2019 онд уул уурхайн бүтээгдэхүүний ДНБ-нд эзлэх хувь нь 25 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 72 хувь, экспортын бүтээгдэхүүн 90-ийг бүрдүүлсэн. 2019 онд нийт 36.4 сая тонн нүүрс экспортолсон. Харин энэ онд 42 сая тонн нүүрс борлуулж, 1.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолсон. Гэвч Монгол Улс Covid-19- тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хилийн боомтуудыг түр хаах шийдвэрийг гаргасан. Энэ нь уул уурхайн салбарт ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар тоо баримтуудыг харахад нөхцөл байдал хүнд байна. Гашуунсухайтын боомтоор өдөрт 500 орчим нүүрс ачсан машин өмнөд хөрш рүү гарч байгаа. Өмнөх үеэсээ хоёр дахин бага тоо. Ирэх оны төсөвт мөн л 42 сая тонн нүүрс экспортолно гэж өндөр төсөөлсөн. Гэвч өдөрт 2000 орчим машин гарч байж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ.
Мөн компаниуд нь хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, гааль нь хөнгөн шуурхай ажиллаж байж 42 сая тонн нүүрс экспортолно. Хэрвээ бид төмөр замтай байсан бол Covid-19 цар тахлын үеийг үүнээс илүү амжилттай давах байв.
Уул уурхайн салбарын харилцааг 30-аад хууль зохицуулж байгаагаас хамгийн гол баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хууль. Тиймээс Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг тус тус шинээр боловсруулж батлуулахаар салбар яам нь ажиллаж байна.
Ашигт малтмалын тухай хууль нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулахад хэт төвлөрөөд түүнийг даган үүсэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, уурхайн удирдлага зохион байгуулалт ,нөхөн сэргээлт, хаалттай холбоотой харилцааг зохицуулж чадаагүй нь эргээд олон нийтийн дунд уул уурхайн салбарт итгэх итгэлийг үгүй хийсэн гэж шүүмжлэл дагуулдаг.
АЛТНЫ НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЭВ
Монголбанк 2020 оны аравдугаар сард 2.1 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.3 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тн үнэт металлын 17.5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө.
Алтны нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн шалтгаан нь Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа явдал юм.
Холбоотой мэдээ