Хятадын тэрбумтан Жак Магийн “Alibaba” группийн дижитал санхүүгийн компани “Ant Group” энэ долоо хоногт хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалж эхлэхээр төлөвлөж байсан юм.
Гэтэл Хятадын Засгийн газрын төлөөлөгчид “Ant Group”-ийн удирдлагуудтай уулзсаны дараа дээрх төлөвлөгөөг зогсоож байгаагаа мэдэгджээ. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр Шанхай болон Хонгконгийн хөрөнгийн биржүүдээс нийт 37 тэрбум ам.доллар босгож, дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO ажиллагаа болох байв.
“Ant Group” нь гар утасны төлбөр тооцооны үйлчилгээ, онлайн зээлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Жак Ма энэ компанийг санхүүгийн компани биш, технологийн компани гэж харах ёстой хэмээн тайлбарладаг. Харин Хятадын Засгийн газраас санхүүгийн компани гэж үзсэн учир шалгуураа өндөрсгөжээ.
Ийнхүү Жак Магийн том төлөвлөгөө цуцлагдсанаар “Ant Group”-ийн хувьцааг худалдаж авахаар захиалга хийсэн хөрөнгө оруулагчдын гурван их наяд ам.долларын захиалга ч цуцлагдаж байгаа юм. Хятад болон Хонгконгийн хөрөнгө оруулагчдын оруулах гэж байсан энэ мөнгө нь Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.
Эх сурвалж: REUTERS, CNN
Холбоотой мэдээ