Өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан 1983 онд хэлмэгдэж, өмч хөрөнгөө хураалгаж, аавтайгаа хамт Завхан аймгийн Алдархаан суманд цөлөгдөж, амьдралын хатуу бэрх бүхнийг туулсан Жалан-Аажавын хүү Батбаатарыг хүлээн авч уулзлаа.
1983 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга байсан Жалан-Аажав гуайн бүх эд хөрөнгө, орон байрыг нь хурааж Шүүхийн шийдвэргүйгээр, зөвхөн МАХН-ын Төв Хорооны шийдвэрийн дагуу түүнийг хүү Батбаатарын хамт нутаг зааж, хугацаагүй цөллөгт явуулсан байдаг ба одоог хүртэл хурааж авсан эд хөрөнгө, орон байрыг эргүүлж өгөөгүй байна.
Энэ асуудлаар Жалан-Аажавын хүү Батбаатар Өргөдлийн байнгын хороонд хандаж эд хөрөнгө, орон байраа буцаан авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, хэдхэн жилийн өмнө Шүүхийн шийдвэрээр бус, МАХН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр олон хүнийг хэлмэгдүүлж амь нас, эрүүл мэндээр нь хохироож байсан. Тиймээс хэлмэгсэдийн ар гэрийнхэний асуудалд анхаарлаа хандуулж УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх болно гэдгээ хэлсэн юм.