Ядуучуудаасаа ч өлөн “түшмэд”

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

Ядуучуудаасаа ч өлөн “түшмэд”

Ядуучуудаасаа ч өлөн “түшмэд”

Монголын төр ядуучуудаасаа ч өлөн “ноёд”-той болжээ. Хоёр жилийн өмнө МАН-ын гишүүд, сайд, дарга нар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас тэрбум тэрбумаар нь зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлсан нь илчлэгдэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирж байсан ч өнөөдөр асуудал хэвээр…

УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүд төрийн бус байгууллагын нэрээр төсөвт байгууллагаас сая саяар нь мөнгө шилжүүлэн авсан баримтууд ил болсоор байна.

Жишээ татвал, УИХ-ын намрын чуулган эхэлсэн даруйд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханын зөвлөх Б.Отгонжаргал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Л.Намуунгэрэл, Ж.Ганбаатарын зөвлөх М.Энхмэнд нар Монголын парламентын зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллагын нэрээр, таван удаагийн гүйлгээгээр УИХ-ын Тамгын газраас нийт 76.4 сая төгрөг гаргуулан авсан баримт ил болсон. Харин одоо УИХ-ын гишүүн Х.Баделханы туслах М.Алтынжаны Монголын залуучуудын стратегийн академи төрийн бус байгууллагын нэрээр нийт 148 сая 312 мянган төгрөг шилжүүлж авсан баримт ил болов.

Үүгээр бол УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн төсвөөс мөнгө саадаг гол арга нь төрийн бус байгууллага болжээ гэж хэлэхэд хэтрүүлэг болохооргүй байна.

Мөн УИХ-ын Тамгын газрын Шилэн дансанд тайлагнаснаар зарлагынх нь сая сая төгрөгийн шилжүүлэг төрийн бус байгууллагууд руу чиглэжээ. Үүнд:

  • Нямсамбуу ТББ-57 сая
  • Гоё Монголын Төлөө ТББ-80 сая
  • Соёлын Дархлаа ТББ-24,6 сая
  • Хүний эрхийн индэр ТББ-10 сая
  • Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төв-10 сая -Нямсамбуу ТББ-22 сая
  • Монголын Парламентын зөвлөхүүдийн холбоо ТББ-30 сая
  • Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийг олгох холбоо-7,9 сая
  • Имижлоги сургалт судалгааны төв-30 сая
  • Нямсамбуу ТББ-70 сая
  • Нийгмийн маркетингийн бодлого судалгааны хүрээлэн ТББ-50 сая
  • Сувдан хэлхээ хөгжил-20 сая
  • Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-47,5 сая
  • Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-90 сая
  • Шагайн харвааны холбоо ТББ-6,1 сая
  • Мэргэжлийн тэнцвэрт мэдээлэл ТББ-10 сая
  • Эрх зүй стратегийн төв ТББ-11,2 сая
  • Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая -Сайн зөвөлгөө ТББ-20,5 сая
  • Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая
  • -Сайн зөвлөгөө ТББ-20,5 сая
  • Соёл гэгээрлийг дэмжих сан-20 сая гэхчлэн хөвөрнө.

Хэдэн сарын өмнө төрийн бус байгууллагыг цэгцлэх шаардлагатай талаар асуудал хөндөгдөх үед төрийнхөн өөрсдийн нэр дээр төрийн бус байгууллага байгуулж, төсвөөс мөнгө тууж, татвараас зугтаж, шимэгч хорхой шиг ажилладаг тухай шүүмжлэл өрнөж байсан.

Төрийн бус байгууллагыг цэгцлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдэж байсан бөгөөд Хууль зүй бодлогын газрын дарга нь “Төрийн бус байгууллага нэрээр халхавчилж, бизнесийн ашиг олох үйл ажиллагаа дэндүү их байна. Нийтэд тустай, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа эрхэлдэг нь цөөн” гэж хэлснээс үзсэн ч төрд ядуучуудаасаа ч өлөн сэтгэлгээтэй хүн олон болжээ гэж хэлэхэд буруудахааргүй байна.

Төрийн өмчит компанийн удирдлага нь ч өлөн. Хадгаламжиндаа сая, сая төгрөгтэй хэрнээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчит компаниар даалгадаг.  Асуудал нь ил болохоор ашигтай ажилласан тохиолдолд хангамж авах эрх бий гэдэг. Тиймээс төрийн өмчит компанийг удирдахаар очсон дарга нарын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг даалгахаас эхлээд 14 төрлийн хангамж эдэлж байгаа хууль эрх зүйн орчинг өөрчлөх асуудал ч тавигдаж байна.

Дээр нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэнд нь тохирсон ял зэм оноодоггүй, хаацайлж үлддэг зэрэг нь өлөн “ноёд”-д хуулийн цоорхойг ашиглах боломж болж байна. Учир нь хоёр жилийн өмнө ЖДҮХС-гаас МАН-ын 40 шахам гишүүн зээл авсан тухай асуудал дуулиан тарьсан ч өнөөдөр хариуцлага хүлээсэн нь цөөн. Зээл олголтыг хариуцаж байсан тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг хэргээ задалсан үндэслэлээр торгох шийтгэл хүлээсэн нь, толгойг  нь илсэн шийдвэр болсон бол УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир нар гурван жилийн хорих ял авснаар МАН-ынхны "бүлэг хэрэг" хаагдаж буй.  Учир нь ЖДҮХС-гийн хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Саранчимэг нар УИХ-д сууж байгаа бол Ж.Энхбаяр Ерөнхий сайдад зөвлөж, Я.Содбаатар Шадар сайдын алба хашин, ёс зүйн ч хариуцлага хүлээлгүй, төрд шигдэж байна.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж