СЗХ: Нийт 2.6 сая харилцагчийн 90 хувь нь финтекээр зээл авсан

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

СЗХ: Нийт 2.6 сая харилцагчийн 90 хувь нь финтекээр зээл авсан

СЗХ: Нийт 2.6 сая харилцагчийн 90 хувь нь финтекээр зээл авсан

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос өнөөдөр (2020.11.04) Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2020 оны гуравдугаар улирлын тойм мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар банкнаас бусад санхүүгийн зах зээлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 14%-д хүрснийг СЗХ-ноос онцолсон юм.

Санхүүгийн зах зээлийн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 1926 нэгжээр буурч, 17532-д хүрчээ. Мөн III улиралд нийт 40.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнө оны мөн үеэс 63.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн А.МӨНГӨНСАРАН: 

-Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулалт хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 2020 оны гуравдугаар улирлын байдлаар 3213 зохицуулалттай этгээд, 2448 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар үзвэл үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 304 ХК, 241 мэргэжлийн оролцогч, даатгалын зах зээлд нийт 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 533 банк бус санхүүгийн байгууллага, 248 хадгаламж зээлийн хоршоо, 140 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 389 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1039 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнтэй харьцуулахад 7.1 хувьтай тэнцэж байна.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД IPO ГАРГАХ АСУУДАЛ УДААШРАЛТАЙ БАЙНА

Үнэт цаасны газрын дарга С.ЦЭРЭНДАШ: Санхүүгийн зах зээлийн мэдээллээс харвал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Хөрөнгийн зах зээлд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 40.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Үүнээс хувьцаа хэлбэрээр 85.4 хувь, компанийн бонд 13.1 хувь, үлдсэн 1.4 хувь нь Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гарсан. Харин даатгалын компаниудын нийт хөрөнгө 390.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Салбарын нөөц сангийн хэмжээ 180.5 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.3%-аар өслөө.

Манай улсын хувьд олон улсын зах зээлтэй холбоотой IPO гаргах байдал улаашралтай байна. Таван тэрбумын хөрөнгө татан төвлөрүүлсэн Ард үндэсний хувьчлалын сан нь Монгол Улсын анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болж байна. Олон нийтээс хөрөнгө оруулалт татсан ийм сан амжилттай байгуулагдсан нь сайшаалтай. Энэ нь анхдагч арилжааны сангууд маш олон хөрөнгө оруулагч нэгдэх боломжтой юм. Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгийн зах зээлд нэгжүүд оролцох боломжтой болсон.

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын "Саарал жагсаалт"-аас гарсан нь онцлох үйл явдал боллоо. Санхүүгийн зохицуулах хорооноос богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн олон нийтийг соён гэгээрүүлэх сургалт, семинар үр дүнтэй болсон гэж дүгнэж байна хэмээн Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн онцолсон юм.

УЛИРАЛД 16.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛТ, МӨНГӨ ХУДАЛДАН АВЧ, 291.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛТ, МӨНГӨНИЙ БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.ОЮУНЧИМЭГ: Гуравдугаар улирлын байдлаар 533 банк бус санхүүгийн байгууллага нийт 2.6 сая харилцагчдад үйлчилгээ үзүүлсний 90 хувь нь финтекээр зээл авсан байна. Өнөөдрийн байдлаар ББСБ-ын нийт зээлдэгчдийн тоо 551977-д хүрээд байна. Түүнчлэн 2020 оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19 хувиар өсч, тус салбарын зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Харин чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өсч, 9.4 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 2 пунктээр буурч, 0.9 хувьд хүрсэн байна.

Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.63 хувиар өсч, 390.7 тэрбум төгрөгт, нөөц сан 6.3 хувиар өсч, 180.5 тэрбум төгрөгт тус тус хүрсэн. Мөн ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар өсч, 159.9 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оноос 10.2 хувиар өсч, 56.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгдэж, 43.5 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн орлогын 27.2 хувийг эзэлжээ.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж, 552 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.6 саяд хүрсэн дүнтэй байгаа аж. Зээлийн үйлчилгээний хүртээмийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн төвшин өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурч, 2.9 хувьтай байна.

Хадгаламж, зээлийн хоршооны тоо өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч, 248-д хүрсэн бөгөөд 73182 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлжээ. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсч, 234.4 тэрбум төгрөгт хүрсэн ба хадгаламжийн хэмжээ 163.6 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байна.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсч, 171.2 тэрбум төгрөгт хүрснээс 88.4 хувийг хэвийн зээл, 7.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт олгосон зээлийн 70.8 хувийн хэрэглээнд, 12.1 хувь бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 5.9 хувь нь ХАА-ын салбарт олгогджээ. ХЗХ-дын гишүүдийн мөнгөн хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.46 хувьтай, зээлийн хүү 2.85 хувтай байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 57 байгууллагаар дамжуулан 856 хэлцлээр нийт 150.6 мянган м.кв талбай, 131.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч шилжүүлсэн бол 48 зуучлалын байгууллагаар дамжуулан 555 хэлцлээр нийт 45.7 мянган м.кв талбай, 5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлжээ. Үнэт металл, үнэт чулууны, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны хувьд улиралд 16.8 их наяд төгрөгийн алт, мөнгө худалдан авч, 291.3 тэрбум төгрөгийн алт, мөнгөний борлуулалт хийсэн байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж