Нуранги дор 4 хоносон охин эмчээс бөөрөнхий мах, йогурт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

Нуранги дор 4 хоносон охин эмчээс бөөрөнхий мах, йогурт гуйжээ

Нуранги дор 4 хоносон охин эмчээс бөөрөнхий мах, йогурт гуйжээ

“Намайг авраарай” хэмээх сулхан дуу сонссон аврагч Нусрет Аксой хэсэг зогтусан анхааралтай чагнав. Тэрбээр “Хаана байна?” хэмээн хашгираад, дахин сайтар чагнахад “Би энд байна” гэх бяцхан охины сулхан дуу сонсогджээ. Хэсэг хугацааны дараа аврагч эр нурангид дарагдсан бяцхан охины байршлыг олж, дээр нь дарсан барилгын хананы том бетон хэсгийг зайлуулсан байна.

Аяга таваг угаагчны хажууд нугдайн суусан бяцхан охин “Намайг авраарай” хэмээн гараараа даллахыг хараад Нусретийн бүх биеийн шар үс босч, нүдэнд нь нулимс цийлэгнэжээ. Бяцхан охиныг барилгын нуранги дороос гарган авч, эмнэлэгт хүргэн, хэн болохыг нь тогтоосон байна. Түүнийг Айда Гезгин гэдэг ба гурван настай. Газар хөдөлж, найман давхар орон сууцны барилга нурах үед тэрбээр гэртээ ээжийнхээ хамт байжээ. Харамсалтай нь, түүний ээж нурангид даруулан нас барсан байхыг хэдэн өдрийн дараа олж, гарган авсан аж. Охины аав, ах хоёр гэртээ байгаагүй учир эсэн мэнд үлджээ.

Айда охин газар хөдлөлтөөс 91 цагийн дараа нуранги дороос эсэн мэнд олдсон нь энэ. Тэрбээр эсэн мэнд аврагдсан 107 дахь хүн болжээ. Өмнөх өдөр нь аврагчид гурав болон 17 настай хоёр охиныг олж аварсан байв. Айда охин өөр олон хүнийг эсэн мэнд аврах итгэл найдварыг аврагчдад өгсөн байна. Эмч нарын мэдээлснээр, охины биеийн байдал сайн байгаа ч хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтүүлэн ажиглах аж. Дөрвөн өдөр хоол, усгүй нуранги дор байсан охин эмч нараас бөөрөнхий мах, йогурт өгөхийг гуйжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Сүүлчийн хүнийг нуранги дороос гаргах хүртэл бид итгэл найдвараа алдахгүй аврах, эрэн хайх ажлаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр, 6700 орчим хүн орох оронгүй болж, эсвэл гэртээ харихаас дэндүү их айсандаа түр хоргодох байранд өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. Газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 112 болж нэмэгджээ.

Эгейн тэнгист өнгөрсөн Баасан гаригт 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаар Турк, Грект олон тооны барилга нурж сүйдсэн ба зарим газарт бага хэмжээний цунами үүссэн юм. Грекийн Самос аралд газар хөдлөлтийн үеэр өсвөр насны хоёр хүүхэд нас барж, 19 хүн гэмтэж бэртжээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
115
ХөөрхөнХөөрхөн
84
ХарамсалтайХарамсалтай
22
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж