“Бөөн дурын уран сайханчид”

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

“Бөөн дурын уран сайханчид”

“Монголоороо байгаасай” гэсэн клип хийж, дуулиан тарьсан Л.Гүндалай өөрийгөө “Бөөн дурын уран сайханч” гэж “өргөмжлөх” болсон.  Үнэндээ ч урлагт ч, улс төрд ч тэрбээр бөөн дурын сонирхолтой байгаа нь үнэн л дээ. Гагцхүү үнэнээ хэлсэн нь Л.Гүндалай болохоос.

УИХ-ын сонгууль ойртох тусам улстөрчид, урлаг соёлынхныг хоорондоо ялгахаа болив. Бөөн дурын уран сайханчид нэг тайзан дээр үзүүлбэр үзүүлж байгаа юм чинь аргагүй л дээ.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн сонгох, сонгогдох эрхтэй гээд заачихсан болохоор бөөн дурын уран сайханчдыг буруутгах аргагүй. Тиймээс сонгууль болтол солиорчихгүй л бол их ч юм үзэж, элгээ хөштөл инээж, өмнөөс нь ичиж, хойноос нь шүүмжлэх хэрэг багагүй гарах бололтой.

Өнгөрсөн жил С.Ганбаатар цас ухаж, Д.Ганбат цэрэг болж, Л.Эрдэнэчимэг бензээрээ гайхуулж, туулай агнаж, Л.Энх-Амгалан тэвэг тоглож, улс төрийн төдийгүй нийгмээ хөгжөөгөөд авсан.  Галзууруулагч хонь жилд эхэлсэн улстөрчдийн энэ мэт галзуу согтуу үйлдэл харин ч сонгууль ойртох тусам солиорлын дээд хэмжээнд хүрэх дэгээ.

“Эх орончдын өдөр”-т зориулж, нэгэн эмэгтэйгээс илгээсэн мэндчилгээ  жинхэнэ сюрприз болж чадлаа. Инээх нь инээж, муужрах нь муужирч, муухай царайлах нь муухай царайлж байгаа биз. Угаасаа ч “Муу нүүрт” бичин жил шүү дээ. Энэ мэт намаа хөөдөж, намынхныхаа элэг, нүүр хоёрыг зэрэг муутгах зүйл сэдэж яваа бөөн дурын уран сайханчид саарал ордны гадны, дотноор дүүрэн.

Л.Амгалан гэх эмэгтэйн эл үйлдэл намынхаа гишүүдийн ясыг нь хавтайлгахад хүргэсэн гэнэ. Ядаж байхад гамин цэргийн малгайгаар гангарсныг хэлэх үү. Уг нь энэ өдөр гамин цэргийг Монголоос хөөсөн эх орончдынхоо гавъяаг Ардын намынхан дурсдаг. Гэтэл намынхаа төрсөн өдөр ийм бэлэг барьсан Л.Амгалан гишүүн МАН-ынхнаас багагүй шүүмжлэл, зэмлэл хүртээд байгаа бололтой. Яма сайндаа л тэгж их хөдөлмөр зүтгэл гаргасан клипээ устгаж байх билээ.

Энэ мэт ичих булчирхайгүй, үүх түүх, өмссөн, зүүснийхээ учрыг мэдэхгүй бөөн дурын уран сайханчдаасаа намууд болгоомжилж, ядахнаа урлагийн мэдрэмж тал дээр Л.Гүндалай шиг байхыг зөвлөсөн нь дээр болов уу. Ингэхгүй бол улс төрд горилж яваа бөөн, бөөн урансайханчдаас юу ч гарч, намаа яаж ч хорлох юм билээ.

Сонгууль дуустал монголчууд минь бүгдээрээ солиорчихгүй л байх юмсан даа.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж