Энэтхэгийн зүүн умард хэсгийн Ассам мужид амьдардаг гурван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж Лабаня Сайкиа зургадугаар сард төрийн өмчит "Oil India Limited (OIL)" компанийн хийн худагт гараад, өдгөө 150 өдрийн турш ассаар байгаа галд өөрийн гэр, амь зуудаг байсан жижигхэн дэлгүүрээ алджээ. Тэрбээр гэр, дэлгүүр хоёрыг дахин барьж болно хэмээн бодож, өөрийгөө тайвшруулж байгаа ч тэнгэрт хальсан нөхрийнх нь зургууд шатаж үгүй болсонд хамгийн их харамсаж буй аж.
Гал энэ оны зургадугаар сарын 9-нд дэлбэрэлтээс болж анх ассан бөгөөд өдгөө 150 орчим өдөр өнгөрч буй ч унтраагүй хэвээр байгаа юм байна. Галыг унтраахыг оролдсон гурван хүн нас барж, ойролцоох тосгодын 3000 орчим хүн орон гэрээ орхин, хоргодох байранд оржээ.
Цаг хугацаа өнгөрөх хэрээр хүмүүс гэр гэртээ эргээд очиж эхэлсэн ч хоргодох байранд буй хүмүүсийн тоо дорвитой буурахгүй байгаа аж.
“Галаас үүдэлтэй халуун, утаа, байнгын чанга чимээ энэ хавийг аймшигтай болгож байна. Нутгийн уугуул маш олон иргэн айдас түгшүүрт автаж, хоолны дуршилгүй болох, нүд түлэгдэх зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудалд орж байна” хэмээн нутгийн сэтгүүлч Навантик Уран ярьжээ.
"OIL" компаниас галд орон гэрээ алдсан 12 гэр бүлд яаралтай тусламж болгон 2.5 сая рупи буюу 33858 ам.доллар өгсөн бөгөөд цаашид сар бүр 50 мянган рупи өгөхөөр болсон байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ