Монгол ахуй соёл, өв уламжлал өнөө цагт урлаг болтлоо хөгжиж, гадныхны нүдийг хужирлах болсон билээ. Эсгий гэрт мэндэлсэн эрэлхэг баатрууд, дэлхийн талыг туурайгаараа эзэлж явсан монгол морины гайхамшиг. Яндашгүй баялаг түүх, үеийн үед уламжлагдан ирсэн нүүдлийн ахуй соёл даяарчлагдаж буй энэ цагт бүтээл болон “амилжээ”. Тив дэлхийн үндэстэн ястнуудаас онцгойроход урлаг гүүр нь болж буй. Урлагийн бүтээлээр дамжуулан гадныхан биднийг зөвхөн Чингис хаанаар төсөөлөхөө больж, урчуудын чансаа олон улсад гайхагдсаар. Тэр дундаа гар урлалаас сийлбэрийн урлаг болтол хөгжиж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсаар ирсэн нь сийлбэрчид. Тэд элс, цас, мод, чулуу гээд байгалийн түүхий эд ашиглан, өнгөрснийг өнөөдөрт авчирч, шинэ мянганыханд мартагдаж буй өв соёлоо урлагаар дамжуулан өвлүүлэн үлдээж буй билээ.
Гар урлал, сийлбэр нь зөвхөн авдар, хаалганы хээ төдийхнөөр төсөөлөгддөг байсан үе ард хоцорсныг сийлбэрчид цаг үргэлж бүтээлээрээ дамжуулан иргэдийн оюун санаанд хувьсал хийсээр ирсний нэг нь “ЦОЙ” үзэсгэлэн юм.
Урчуудын чансааг шалгаж, шилдэг бүтээлийн дээжсээр үзэгчдээ гайхшруулсаар ирсэн эл уран бүтээлийн үзэсгэлэн долоо дахь жилдээ нээгдлээ. Уламжлал ёсоор арваннэгдүгээр сарын 2-нд үзэгчдийн хүртээл болсон “ЦОЙ-2020” үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээлч өөрсдийн цор ганц шилдэг бүтээлээ сойсон юм.
Үзэсгэлэнгийн хаалгаар ороход л уртын дууны шуранхай хадаж, он цагийн аясаар “бүдгэрсэн” эцэг өвгөдийн их түүх эргэн амилах мэт санагдуулна. Дөрвөн метрийн урттай шатрын хөлөг дэх өргүүдийг чоно, хандгай, согоо, тэмээ зэрэг түүхэн амьтдаар дүрслэн бүтээжээ. Сийлбэрч М.Уламбаярын “Нүүдэл” хэмээх эл бүтээл үзэсгэлэнгийн хамгийн том бөгөөд шууд хараа булаах аж. Эл бүтээлийн зэргэлдээ даруухан нэг бүтээл байсан нь монгол гэрийн тооно. Залуу уран бүтээлч, сийлбэрч Б.Бат-Эрдэнийн энэхүү бүтээл нийтлэг мэт боловч анхааралтай ажиглавал тооно тус бүрт эсгийн дээр хадны сүг зураг дахь эртний амьтдыг металл, зэсээр дүрсэлж өгснөөрөө онцгой аж. “Хэлхээ” хэмээх уг бүтээлээр эрт цагийн түүхийг илэрхийлэхийг зорьжээ. Мөн Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн "Хүрэн морь" найраглалыг санагдуулахуйц морин сийлбэр, баатарлаг эрс энд л “амилсан” мэт санагдана.
Долоо дахь жилдээ үзэгчдийн хүртээл болж буй “ЦОЙ-2020” үзэсгэлэнг сийлбэрч Г.Солонгын бүтээл өнгөлж, шилдгээр шалгарсан юм.
Монгол Арт галерейд арав хоногийн турш үргэлжлэх тус үзэсгэлэнгээс сийлбэрийн урлагийн өнөөгийн хөгжлийг харж болохоор ажээ. Үзэгч, уран бүтээлчдийн гүүр болсон тус галерей энэ жил анх удаа сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэнг толилуулж буй юм.
ГАЛЕРЕЙ БОЛ ҮЗЭГЧ, УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХОЛБОХ ГҮҮР БОЛДОГ
Монгол Арт галерейн Гүйцэтгэх захирал П.БАТЖАВ:
-Манай галерей үүдээ нээсэн цагаас хойш уран бүтээлчидтэй хамтран үзэсгэлэн тогтмол зохион байгуулсаар ирсэн. Галерей бол уран бүтээлч, үзэгчдийг холбох гүүр нь байдаг. Энэ ч үүднээс бид уран бүтээлчдээ дэмжиж ажиллахыг зорьдог. Энэ жилийн хувьд анх удаа сийлбэрчдийн нэгдсэн “ЦОЙ” үзэсгэлэнг дэлгэлээ. Эл уран бүтээлийн үзэсгэлэнгээс харахад сийлбэрчдийн бүтээл өмнөх жилүүдээс илүү чансаатай болжээ. Мөн залуу уран бүтээлчид оролцож байгаагаараа их онцлог байна. Энэхүү үзэсгэлэн иргэдийн оюуны цангааг тайлж, үзэгчдийн мэлмийг баясгах болов уу.
ШАТРЫГ СУУЖ ТОГЛОНО ГЭСЭН ДҮРЭМ БАЙХГҮЙ
Үзэсгэлэнгийн хамгийн том бүтээл болох “Нүүдэл” шатрын хөлгөөрөө сийлбэрч нүүдэлчдийн соёлыг харуулахыг зорьжээ. Шатрын өрөг бүр өөр өөрийн гэсэн утга илэрхийлэх чимэглэлтэй ба хөдөлгөөн нь харилцан адилгүй аж.
Сийлбэрч М.УЛАМБАЯР:
-Энэ жил анх удаа “ЦОЙ-2020” үзэсгэлэнд “Нүүдэл” бүтээлээрээ оролцож байна. Нийт 4X60 урттай шатраа бүтээхэд хоёр жилийн хугацаа зарцуулсан, томоохон ажлуудын маань нэг юм. Энэ бүтээл маань монгол ахуй соёл, нүүдэлчдийн зан заншлыг харуулаад зогсохгүй хүмүүс өөрсдөө хөлөг дундуур алхаж, нүүдэл хийн тоглох зориулалттай. Шатар бол спортын нэг төрөл. Гэхдээ заавал сууж тоглоно гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Үзэсгэлэнгээс харж байхад залуу уран бүтээлчдийн чадвар сайжирсан байна. Шавь нарынхаа бүтээлүүдийг харахад ч бас сэтгэлгээ нь зөвхөн нэг хайрцагт баригдаагүй, илүү шинэлэг, ур чадвар нь нэмэгдсэн, өөрсдийгөө илүү хөгжүүлж байна. Өмнөх жилүүдийнхээс илүү нь залуу уран бүтээлчдийн ур чадвар сайжирсныг бүтээлүүд нь харуулж байна.
ДАРУУХАН БОЛОВЧ ГҮН УТГА САНААГ “ХЭЛХЭЭ” ХАРУУЛНА
Залуу уран бүтээлч Б.БАТ-ЭРДЭНЭ:
-“Хэлхээ” бүтээлээрээ “ЦОЙ” үзэсгэлэнд анх удаа оролцож байна. Хэл, хил, мал гуравтайгаа Монгол баян гэх үг бүтээлийг маань илэрхийлэх болов уу. Бүтээлээ аль болох даруухан атлаа гүн утга санаагаар илэрхийлэхийг зорьсон. Үзэсгэлэнд оролцож буй үе тэнгийн залуу уран бүтээлчдийн бүтээлийг харж байхад сэтгэлгээ нь маш их задарсан байна. Өөрөөр хэлбэл, хайрцагт баригдсан нэгэн хэв маягийн биш илүү их өвөрмөц, содон, бүтээл бүр онцлог ялгаатай болжээ.
Сийлбэр бол ардын урлаг. Бас оюун санаа, тэсвэр тэвчээрийн ч урлаг гэдэг. Тиймдээ ч энэ урлагийг эрчүүд өнгөлдөг. Эмэгтэй хүн мод, чулуу, яс, төмөртэй “найзална” гэдэг хэн хүний төсөөлөлд буухгүй болов уу. Харин энэ жилийн “ЦОЙ-2020” шилдэг бүтээлийн эзнээр сийлбэрч Г.Солонго тодорч, бусдыгаа өнгөлснөөрөө онцлог. Түүний бүтээлийн онцлог нь илүү өнгөлөг, бас харахад уран зураг шиг атлаа цэцэг, навч, эмэгтэй хүнийг дүрслэн сийлснээрээ сийлбэрийн урлагт өмнө нь огт байгаагүй шинэ хэв маяг түрэн оруулжээ.
СИЙЛБЭРЧ ГЭЭД МОРЬ СИЙЛЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ
Сийлбэрч Г.СОЛОНГО:
-Үзэсгэлэнд хоёр төрлийн бүтээлээрээ оролцлоо. “Цагаан сарнай” хэмээх бүтээлээрээ шилдэг цомын эзэн болсондоо баяртай байна. Үнэндээ өөрийгөө цомын эзэн болж, бүтээл маань шилдгээр шалгарна гэж огт бодоогүй. Би Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цогбаяр багшийн анхны эмэгтэй шавь нь. Сийлбэрч байна гэдэг амаргүй, гэхдээ би дуртай зүйлээ, мэргэжлээ орхиогүй. Миний хувьд, хуучны арга барил баримтлахыг боддоггүй. Уран бүтээлээ аль болох уран зураг шиг, эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлсэн цэцэг, навч сийлэхийг боддог. Бүтээлүүд маань илүү их өнгөлөг, эмэгтэйлэг. Ер нь сийлбэрч бүр морь сийлдэг. Гэхдээ би морь сийлдэг сийлбэрч болохыг хүсээгүй.
СИЙЛБЭРЧДИЙН БҮТЭЭЛ СИЙЛБЭР БИШ, БАРИМЛЫН УРЛАГ РУУ ХӨГЖИЖ БАЙНА
Монгол уран сийлбэрчид өөрсдийн хийж бүтээсэн, сурч мэдсэн, ололт амжилтаа нийт монголчууддаа тайлагнан, жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-нд “ЦОЙ” үзэсгэлэнд дэлгэдэг уламжлал бий болсоор долоон жилийг ардаа үдэж байна. “ЦОЙ” үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн, уран сийлбэрч СГЗ Г.Цогбаярын шавь нар буюу Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн (ДУДС) үе үеийн төгсөгчид буухиалан зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэнгийн талаар гавьяат сийлбэрч Н.Цогбаяр “Сийлбэрчдийн ур чадвар дээшилж, бүтээлийн чанар сайжирч, сэтгэлгээ задарсан” хэмээн дүгнэсэн билээ.
Уран сийлбэрч, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.ЦОГБАЯР:
-Үзэсгэлэнд оролцож буй бүтээл, уран бүтээлчдийн чансаа жилээс жилд чамбайрч, илүү чанартай болж байна. Багшийн хувьд модон сийлбэр уран зураг, уран барималтай адил хөгжиж байна гэж боддог юм. Цаашид илүү том бүтээл гарах болов уу гэж бодож байна. Сийлбэрчдийн бүтээл сийлбэр биш, баримлын урлаг чиглэл рүү хөгжиж, уран бүтээлчдийн чадвар ч нэмэгдэж байгааг харуулж байна. Уран бүтээлчид жижиг биш, бүтээл нь илүү том цар хүрээтэй болж байгаад багшийн хувьд баяртай байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ