Япон хэлний багш Т.Мөнхцэцэг, Д.Наранцэцэг нарыг “Мандах нар” одонгоор шагнажээ

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

Япон хэлний багш Т.Мөнхцэцэг, Д.Наранцэцэг нарыг “Мандах нар” одонгоор шагнажээ

Япон хэлний багш Т.Мөнхцэцэг, Д.Наранцэцэг нарыг “Мандах нар” одонгоор шагнажээ

Япон улсыг сурталчилсан, Япон улстай харилцаа хамтын ажиллагааг аливаа чиглэлээр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг Япон улсын Засгийн газар “Мандах нар” одонгоор шагнадаг.

2020 оны ”Мандах нар” одон хүртэх гадаадын иргэдийн нэрийг 2020 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлалаа. Тэдний дунд Монголын хоёр иргэн багтжээ.


Монгол Улсын Их сургуулийн Ази судлалын тэнхимийн япон хэлний зөвлөх багш Т.МӨНХЦЭЦЭГ

Т.Мөнхцэцэг нь “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнагджээ.

Зөвлөх багш Т.Мөнхцэцэг нь Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан 1976 онд Монгол Улсын шилдэг сургууль болох Монгол Улсын Их сургуульд япон хэлд суралцаж төгсөөд, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн судалгааны хүрээлэнгээс ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрбээр Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэсэн анхны багш нарын нэг бөгөөд тус судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа хэлний чөлөөтэй байдал хязгаарлагдмал байсан социалист тогтолцоотой тухайн үед Монгол, Японы түүхийн харилцааны судалгаа хийж, үүний үр дүнд Монгол Улсын Их сургууль руу шилжсэнийхээ дараа олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвисан. Мөн Монгол Улс дахь япон судлалын хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Тэрбээр Монголын Япон судлалын нийгэмлэгийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл, диплом, эрдэм шинжилгээний ажлуудыг хянах зэргээр Монгол дахь япон судлалын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Түүнчлэн Т.Мөнхцэцэг нь Японы түүх, соёлын судлаач төдийгүй Монгол Улсын Их Сургуульд япон хэл зааж, Монголд япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан. 1991 онд Монголд социалист тогтолцоо нуран унаж, ардчилсан нийгэм эхлэх үед байгуулагдсан Монгол Улсын Их Сургуулийн Япон судлалын тэнхимд багшаар шилжин ирж, өнөөдрийг хүртэл 30 гаруй жил япон хэл зааж сургах үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Одоо түүний олон шавь япон хэлээ ашиглан их сургуулийн багш, япон хэлний багш, японы компаниуд зэрэг олон салбарт Япон, Монголын найрамдлын гүүр болон үр бүтээлтэй ажиллаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.


 Монгол Улсын Их Сургуулийн япон хэлний багш асан Д.НАРАНЦЭЦЭГ

Д.Наранцэцэг нь “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнагджээ.

Тэрбээр Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан 1977 онд Монгол Улсын шилдэг сургууль болох Монгол Улсын Их сургуульд япон хэлний анхны ангийг төгссөн. Түүний дараа тус сургуульдаа япон хэлний багшаар ажиллаж, 15 жил гаруй уран зохиол, хуулийн тэнхимүүд болон оройн ангийн олон оюутанд япон хэлийг зааж, Монголд япон хэлний боловсролыг түгээсэн анхдагч багш нарын нэг нь билээ. Мөн Японы судлаач нартай хамтран “Монгол-Япон ярианы дэвтэр”, “Монгол хүнд зориулсан япон хэлний сурах бичиг”, “Япон-Монгол хэлний үндсэн үгийн толь бичиг”-ийг зохиоход гар бие оролцож, монгол, японы хэлний хэл шинжлэлийн судалгаа, боловсролоор дамжуулан хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.

1992 онд “ЖАЙКА” Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад залуу сайн дурын гишүүн томилон ажиллуулж эхэлсэн тухайн үед Д.Наранцэцэг нь Монгол Улсын Их сургуулийн ажлаасаа гарч, Япон улсад очин, Японы Нагано мужийн Комаганэ хот, Фүкүшима мужийн Нихонмацү хотын сургалтын газарт Монголд томилогдон ажиллах анхны залуу сайн дурын гишүүнээс эхлэн 25 жилийн турш олон хүнд монгол хэл зааж сургажээ. Д.Наранцэцэг нь Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй залуу сайн дурын гишүүдэд япон хэл заах зэргээр хоёр орны харилцан ойлголцол болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

“Мандах нар” одон нь мандаж буй нарыг нарны илчтэй нь дүрсэлсэн загвартай бөгөөд дээд хэсэгт нь гүнж модны цэцэг навчийг дүрслэн илэрхийлсэн байдаг. Энэхүү одон нь одон медаль хэлбэрээр хүзүүндээ зүүх, одон тэмдгийн зориулалтаар энгэртээ зүүх, энгэрийн тэмдгийн зориулалтаар зүүх гэсэн хэлбэртэй байдаг аж. 

Б.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж