116 дугаар сургуулийн 25 багш өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

116 дугаар сургуулийн 25 багш өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

116 дугаар сургуулийн 25 багш өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна талбайд өнөөдөр /2020.11.04/ харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа.


“Захирал Д.Мөнхбаатарыг ажлаас нь чөлөөл”, “Бид хохирсоор байна” зэрэг уриа лоозон барьсан 20 гаруй багш иржээ. Эсэргүүцлийн цуглаанд тус сургуулийн багш, ажилчдын 80 хувь нь нэгдэж, 25 багш өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа аж.

Энэ үеэр хөгжмийн багш Б.Батболд “Миний бие 116 дугаар сургуульд 23 жил багшилсан. Гурав дахь удаагаа халагдаж байна. Манай сургуулийн захиргаанд улс төрийн томилгоо хийж ирсэн нь илт харагддаг. Өнгөрсөн хугацаанд нийт 13 захирал сольсон, сүүлийн зургаан жилд есөн захирал солигдоод байна. Харааны бэрхшээлтэй Л.Эрдэнэбилэг багш бид хоёр өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өлсгөлөн зарласан боловч Л.Цэдэвсүрэн сайд огт авч хэлэлцээгүй. Ганцхан Д.Мөнхбаатар гэдэг хүн чухал юм байна гэдгийг харууллаа. Миний амь насанд заналхийлсэн энэ үед хэнээс ч айхгүйгээр тэмцэх болно” гэж хэлсэн юм.

БШУЯ-наас захирлын сонгон шалгаруулалтад хэн ч материалаа өгөхгүй байна гэх шалтгаанаар үүрэг гүйцэтгэгч томилсоор өдий хүрсэн байна. Өнөөдөр сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдахад хүргэж байгааг сургуулийн багш нар учирлалаа.

Тус сургуулийн Үйлдвэрчний хороон дарга Б.Халиунаа “Өнөөдөр 116 дугаар сургуулийн багш, ажилчид Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Одоогоор хоёр багшийг ажлаас нь халчихаад байна. Нийслэлийн 116 дугаар сургуулийн удирдлагыг томилохдоо төр захиргааны дээд байгууллага тодорхой шаардлага хангасан, туршлагатай боловсон хүчнийг сонгоогүй. Бид үүний улмаас ажлын байр, нэр төр, цалин хөлсөөрөө хохирч, ажлын байрны дарамтад өртөж, хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдөх зэргээр хохирч байна. Бүр цаашлаад сургуулийн сурагчдын суралцах эрх ноцтойгоор зөрчигдөж байна.

Сурагчдын дотуур байргүй, анги, танхим хүрэлцээгүй гэх мэт олон асуудал тулгарч байгаа ч өдийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байна. Манай сургууль 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд харааны бэрхшээлтэй сурагчдад ерөнхий боловсролын сургалт олгодог. Энэ жил манай сургуульд 132 хүүхэд суралцаж буй. Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар нь тодорхой хугацаанд ажиллахдаа багш, ажилчид, сурагчдын өмнө ямар асуудал тулгарч байгааг мэдэхийг ч хүсэхгүй, суралцаж буй орчинг сайжруулах хүсэлгүй, хэсэг хүмүүсийн эрх ашигт нийцүүлж ажиллах сонирхолтой нь батлагдсан” гэв.

А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж