ҮАБЗ-ийн өвөрт барьцаалагдсан “шүүх” | News.MN

ҮАБЗ-ийн өвөрт барьцаалагдсан “шүүх”

ҮАБЗ-ийн өвөрт барьцаалагдсан “шүүх”

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн нь огт санамсаргүй хэрэг биш төдийгүй хамгийн их нөлөөлж болох улс төрийн өндөр албан тушаалтнуудыг нэр цохон дарааллаар нь бичсэн боловч манай гурав ҮАБЗ гэсэн далбаан доор халхавчлан, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг илэрхий зөрчих боллоо.

I. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хууль ёсны харьяат шүүх

Францын нэрт соён гэгээрүүлэгч Шарль Луй Монтьеске 270 жилийн тэртээ "Хуулийн амин сүнс" зохиолдоо төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн зарчмаар хуваарилсан нь өдгөө эрх чөлөөт ардчилсан улсуудын Үндсэн хуулийн суурь зарчим болсон. Уг зохиолд “Хэрэв шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй цагт хүний эрх, эрх чөлөө үл оршиж, дарангуйлал тогтоно” гэсэн байна.

Нийтийг төлөөлөн хууль тогтоох (парламент), хуулийн хэрэгжилтийг хариуцаж ажиллах (засгийн газар), хэрэв хэрэг маргаан үүсвэл хууль хэрэглэн эцэслэн шийдвэрлэх (шүүх) тухай хуулийн засаглалын сонгодог суурь зарчмыг тойрч эрх мэдэл хуваарилагдсан эсэх нь өнөөдөр дэлхий нийтэд ардчилсан улс мөн эсэхийг тодорхойлох үндсэн шалгуур болсон. Гэхдээ эрх мэдэл харилцан тэнцэл, хяналттай байж сая бодит утгаар биеллээ олдог.

Монгол Улсад төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын тулгын гурван чулууны нэг тэр дундаа хууль ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон шүүх эрх мэдлийг хууль тогтоох байгууллагаас 2019 онд албан ёсоор улс төрчдөөс хараат болгох хуулийг баталлаа. Шүүгчийг, өөрөөр хэлбэл, шүүхийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн улс төрчид болох бидний нэрлэж заншсанаар төрийн гурван өндөрлөг болох гурван улстөрч ярилцаж байгаад хувийн үзэмжээр ажлаас нь чөлөөлж, шалгах эрхтэй болсоноор шүүх улстөрчдийн хараат байдалд орж ардчилсан бус төрийн шинж бүрдлээ.

Шүүх нэрэн дээрээ Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг ч нэдэр дээрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрийг барьсан улс төрчдийн хувийн явцуу эрх ашгийн өмнөөс шийдвэр гаргах болов.

Үндэсний аюулгүй байдал буюу улсын язгуур эрх ашигт хамааралтай асуудал нь хэн нэгэн шүүгчийг ажлаас түдгэлзүүлэх зөвлөмж гаргахтай уул нь хамааралгүй юм. Харин ч эсрэгээрээ “Үндсэн хуульд заасан төр, нийгмийн байгууллыг бататгах” нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эн тэргүүний хуулиар хүлээсэн үүрэг тул шүүхийн хараат бус байдалд халдаж, эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулсанаар өөрсдөө “Үндэсний аюултай байдал”-ыг үүсгээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн нь нь огт санамсаргүй хэрэг биш төдийгүй хамгийн их нөлөөлж болох улс төрийн өндөр албан тушаалтнуудыг нэр цохон дарааллаар нь бичсэн боловч манай гурав ҮАБЗ гэсэн далбаан доор халхавчлан, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг илэрхий зөрчих боллоо. Өөрөөр хэлбэл, нэг нэгээрээ шүүхэд нөлөөлж болохгүй гэнгүүт нийлээд өөр институцийн нэр бариад шүүхийг базчихья гэж улстөрчид маань тохиролцжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрээ санал нэгтэйгээр гаргадаг тул шүүхээр дамжиж хэрэгжсэн улс төрийн хэлмэгдүүлэлт надад хамаагүй гэж хэн нэг нь хэлэх эрхгүй болж байгаа юм.

Зөвхөн шүүхээр тогтохгүй олон улсын жишгийн дагуу улс төрчдөөс хараат бус ажиллаж, хуулийн хүрээнд улстөрчдийг хянах үүрэгтэй прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагыг өөрсдийн хүслээр чөлөөлж болох хуулийг баталсанаар шүүх засаглал бүхэлдээ улстөрчдийн халаасанд оров.

Урьд цагт гавьяа шагнал, одон медалиас эхлээд томилгоо хийх, албан тушаал ахиулах зэргээр шагнал урамшууллын аргаар шүүхэд нөлөөлдөг байсан бол одоо нэмээд шийтгэлийг хослуулах аргаар бүрэн удирдах болжээ. Ингэснээр хамгийн шазруун шударга шүүгчийг хүртэл наанадаж ажилгүй, цаанадаж амьдралгүй болгоно гэсэн үг. Шүүхээр маргалдсан талуудын багадаа нэг нь гомдож үлддэг болохоор гомдлыг нь тайлах нэрээр шүүгчээ ажилгүй болгох амархан. Эрүүгийн хэрэгт биш юм гэхэд ёс зүйн зөрчлөөр чөлөөлж болно. Тэртэй тэргүй улстөрчдийн томилсон дээд шатны шүүх нь ёс зүйн зөрчлийг эцэслэн шийдвэрлэнэ. Судалгаагаар улс төрийн нөлөөллөөс гадна шүүхийн дотоод нөлөөлөл буюу дээд шатны шүүгчээс хамгийн их нөлөөлдгийг шүүгчид өөрсдөө зөвшөөрсөн байдаг.

Монголын шүүхийг хэдхэн улс төрчид илжиг шиг зайдалчихаад шагнал, шийтгэлийг хослуулах замаар буюу ташуур, луувангийн бодлогоор залуурдаж байгаа нь үнэндээ бол ардчилсан улсад байж боломгүй ой гутмаар үзэгдэл л дээ.

II. Улс төрчдийн халаасны шүүхийн уршиг

УИХ-ын сонгуулийн өмнө Монголын шүүхийн удирдлага солигдож дуулгавартай болсоноор Эрүүгийн шүүх танигдахын эцэсгүй мутацид орж хэлмэгдүүлэлтийн машин болж хувирсан. Улстөрчид шүүхэд нөлөөлж эхэлсэнээр шүүхээс дур зоргоор аашилж шүүгдэгчийг дааж давшгүй мөнгө барьцаал гэсэн биелэгдэшгүй даалгавар өгч улмаар хорих шийдвэр гаргаж даапаалж эхэлсэн нь шүүх дээр буруу жишиг болж амин зуулгынхаа төлөө гэмт хэрэг үйлдсэн этгээд хүртэл хэдэн зуун сая төгрөг барьцаалж чадахгүй хоригдож эхэллээ. Улс төрийн цуврал хилс хэлмэгдүүлэлт эхлэв. Урьдчилсан улс төрийн захиалгын дагуу дэглэгдсэн шүүх хуралд өмгөөлөгч нар ёс төдий туслах дүр бүтээж хуралд оролцохоос залхаж татгалзах боллоо.

Өмгөөлөгчид ямар мануухай биш эрх биш хууль ёс, шударга ёс, хараат бус шүүх өмнө нь ямар байсныг гадарлана. Дараа нь бүр өмгөөлөгчгүй шүүдэг боллоо. Шүүхийг уул нь ярьдаг хууль гэдэг, гэвч шүүх хуулийнхаа талаар худлаа яриад эхлэхээр хэн ч шүүхэд итгэх аргагүй боллоо. Иргэдийн Үндсэн хуульд заасан сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн хэрэгт оролцох боломжийг хүртэл хууль бусаар хязгаарлаж, сонгуулийн хуулийг зөрчиж УИХ-ын 2020 оны сонгуульд зургаан хүнийг шүүхээс цагдан хорьж Ганц худагаас өрсөлдүүлсэн. Сэлэнгийн тойргийн 2 гишүүнийг бусад нэр дэвшигч нарын хамт яллагдагчаар татан цагдан хорьсон, тэр бүү хэл сонгогдсон гишүүнийг хүртэл тангараг өргүүлэхгүй байж байгаад хэргийг таслаад явуулсанаар төрийн эрх барих дээд байгууллагыг шүүх бүрэн барьцаалав. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж ганцхан шүүгчийн үндэслэлгүй захирамжаар УИХ-ын гишүүнийг гавлаж хорив.

Шүүхээс УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж байхгүй, харин УИХ-ын халдашгүй байдал гэх ойлголт байдаг, энэ нь дэлхийн жишиг юм гэх хэн ч ойлгомгүй тайлбар гаргав. УИХ гэдэг байгууллага гэмт хэрэг үйлдэж байгаад хэргийн газраа баригдах, цагдан хоригдох, баривчлагдах, албадан саатуулагдах, гэр оронд нь нэгжлэг хийх гэхээр ямар сонсогдож байна? Энгийнээр УИХ гэмт хэрэг үйлддэггүй юм шүү дээ. Гэмт хэрэгт шалгагдах тухайд байгууллагын халдашгүй байдал гэсэн ойлголт огт байхгүй, хий хоосон, гарт баригдахгүй зүйл тул ийм оройгүй тэнэглэлд хариу тайлбар өгөхөд ч бэрх.

Ерөнхийлөгч, шүүгч болон УИХ, Үндсэн хуулийн Цэц, Засгийн газрын гишүүний албан тушаал хашиж байгаагийн хувиар хувь хүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалдгыг шүүх мэддэггүй бололтой. УИХ-ын гишүүн байсан, нэр дэвшсэн, сонгогдсон зэрэг завсаргүй халдашгүй байдалтай байсан нэгнийг “цовдолж” үзүүлсэнээр ямар ч дархлаагүй их хурлын гишүүн гэх алба хамгийн эмзэг болж, ихэнх гишүүд энэ талаар амаа хамхиад амьсгаатай үгүй нь ч мэдэгдэхээ больжээ. Одоо хууль тогтоож ард түмнээ төлөөлөх онцгой бүрэн эрхтэй УИХ маань төрийн эрх барих дээд байгууллага мөн эсэх нь эргэлзмээр болж.

Төрөөс иргэнийг хамгаалах үүрэгтэй байгуулагдсан захиргааны хэргийн шүүх Засгийн газрыг шүүж чадахаа болилоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн оролцоотой хэрэгт аль ч шүүх сүнсээ зайлтал айдаг болж. Шүүх хараат болсоны жишээ олон. Улстөрчдийн захиалгаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эзгүйд нь эчнээ яллаад ажлаа нэр төртэй гүйцэтгэж явсан энгийн албан хаагчдыг яллаж үзүүллээ. Олон улсад нэг талын эрх ашгийг 100 хувь хангаж, нөгөө талыг хохироодог утопи хэлэлцээр гэж байдаггүй атал Оюу толгойн Дубайн төлөвлөгөөний цагаатгах талыг нь тас мартаад дан харлуулсан прокурорын ялын төлөвлөгөөг сайжруулж нөхдөг байгууллага нь шүүх боллоо.

Эдийн засгийн гэрээ хэлцлийг эрүүгийн хэргийн шүүхээр ч шүүдэггүй юм. Оюутолгой компанийн огт оролцоогүйгээр Дубайн төлөвлөгөөг шүүсэн нь эрүүл хүний ухаанд багтамгүй атлаа Монголыг улстөрчид шүүхийг ашиглан нэгнээ хэлмэгдүүлсэн жишээ болов. Дубайн төлөвлөгөөнөөс хойно 4 жилийн дараа Засгийн газрын хатгаасаар нэгэн төрийн бус байгууллага уг төлөвлөгөөг хүчингүй болгуулах зорилгоор тэр үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжийг илт хууль бус хэмээн шүүхэд хандсан байдаг.

Шүүхээс Дубайн төлөвлөгөө хүчинтэй, харин төлөвлөгөө батлахтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, удирдамж баталж, төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрх олгосон Ерөнхий сайдын захирамж илт хууль бус байна гэсэн марзан шийдвэр гаргав. Гэтэл шүүхэд ялагдсан шинэ Ерөнхий сайд болон нэхэмжлэлийн зорилгодоо хүрч чадаагүй төрийн бус байгууллагын аль аль нь дээд шатанд гомдол гаргалгүй орхив. Тэдний хувьд Сайханбилэг илт хууль бус шийдвэр гаргасан гэсэн улс төрийн буруутгал бүхий шүүхийн шийдвэр л хэрэгтэй байсан бөгөөд хожим илт хууль бус хэмээн шийдвэрлэсэн шүүгч албан тушаал дэвшиж, илт хууль бус шийдвэр биелүүлсэн хэрэгт энгийн албан хаагчид хэлмэгдэж эрүүгийн гэмт хэрэгтэн болж шоронд орсоноор шүүхийг улс төрд увайгүй ашигласны нэгэн тод жишээ болж үлдэв. Нээрээ энэ төрийн бус байгууллага маань саяхан Засгийн газрын харьяа цагдаагийн байгууллагатай хамтран иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хянана гээд явж байсан санагдана.

Улс төрчдийн шүүх орон нутгийн сонгуулийг хүртэл голохгүй оролцох болов. Улсын тал илүү хувь болсон Улаанбаатар хотод ХҮН намыг сонгуульд оруулахгүй юм гэнэ. ХҮН намын зүгээс энэхүү увайгүй үйлдлийн захиалагч улстөрчийг нь гүйцэтгэгч шүүгчтэй нь нэр устай нь зарлаж улс төрийн тэмцэл тууштай хийсний үр дүнд ичсэндээ шийдвэрээ эргэж цуцалсаныг бүгдээрээ харав. Гэхдээ энэ мэхээ ирэх сонгуулиудад дахиад ч гүйцээж хийхийг оролдож мэдэх юм. Өмнөх жишгээр бол шүүхийн тусламжтай сонгуульд оруулахгүй өнжөөх, нэр дэвшигчийг цагдан хорих, сонгуульд ялаад гарсан хойно ч тангараг өргүүлэхгүй байж байгаад хэргийг таслах зэрэг олон шат дамжлага нэгэнт үүсээд байна.

Намрын чуулган дээр УИХ-ын дарга нь Шүүхийн багц хууль шинэчлэгдэж байгаа тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүхийг хянах шаардлагагүй боллоо гэж мэдэгдэв. Эрх баригчид, улстөрчид нь шүүхээ хянадаг гэдгээ спикер нь хээвнэг дэлхийгээр зарлаж байгаа улсыг ямар ардчилсан улс гэхэв, үнэн хэрэгтээ дарангуйлагч улсад л улс төрчид нь шүүхээ хянаж байдаг юм. Нэртэйгээр нь ҮАБЗ-ийн гишүүд улс төрийн өрсөлдөгч нараа намнаад дууслаа, одоо зогсохгүй бол хожим маньд халтай байх нигууртай юм байна гэсэн бол үнэнд ойр байх байж.

Шүүх улстөрчдөөс хараат болох тусам шударга бус, тэгш бус алагчилж ханддагын жишээ нийтэд илэрхий болж байна. Наанадаж ЖДҮ-чдийн эрх баригчдын таалалд нийцсэн нь сайд даргаар дэвшиж ял завшиж байхад, таалагдаагүй нь шоронд явж байгааг та бүхэн харж болно. Ялгаагүй л нэг сангаас зээл авсан улс төрчдөд ялгамжгүй тэгш хандаж, ял шийтгэл гарцаагүй байх зарчмаар адилхан шалгаж шүүдэг баймаар юм. Цүнхтэй мөнгө тэврээд гэгээн цагаан баригдсан нь гишүүн хийгээд явж байхад Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн жирийн төрийн албан хаагчид ял эдлээд явж байна.

Шүүх хараат бус болсоноор улс төрчдийн хувийн үзэмжээр гэмт хэрэг үйлдсэн нь ял завшиж, гэм буруугүй нь хилсээр хэлмэгдэж эхэллээ.

Улс төрийн зорилготой өс хонзонгийнх нь хөлд ажил үүргээ нэр төртэй биелүүлсэн олон ч гэмгүй албан хаагчдын гэр бүл, эцэг эх, эхнэр хүүхдүүдийг нус нулимстай нь хутгаж, шар махтай нь хатааж байна.

ҮАБЗ-ийн зөвлөмж гэдэг нь зайлшгүй биелэгдэх шинжтэй албан ёсны хууль зүйн үр дагавар үүсгэдэг баримт биш тул хожим мань улс төрчид бид зөвлөсөн болохоос шийдээгүй л гэх тайлбарыг тавих байх. Тэдний буруу шийдвэрийн үр дагаварт эхнээсээ иргэний маргаан улсын хэмжээнд 1 жил гаруй хоцрогдолтой шийдвэр гаргадаг болсон.

Харин улс төрийн шинжтэй хэлмэгдүүлэлтийн хэрэгт шийдвэр гаргасан шүүгч өөрөө хожим шүүхийн өмнө шүүгддэггүй юм гэхэд цаг хугацааны эрхээр түүх, ирээдүй үр хойчийнхоо өмнө шүүгдэх нь гарцаагүй. Бусдыг хэлмэгдүүлээд өөрөө зүгээр үлдсэн зүй тогтол хүн төрөлхтний түүхэнд байдаггүй. Дагзанд сум зоосон бол дараагийнх нь өөрийнхөд чинь гэсэн зарчмаар хэлмэгдүүлсэн 1937 оны түүхийн хуудас шарлаж амжаагүй, амьд гэрчүүд нь ч өнөө байна.

III. Чөтгөрийн тойргоос ангижрахуй

Эн тэргүүнд Монголын парламент нэг ч хоног өдөр алдахгүйгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр барьсан улстөрчдийн савраас шүүхийг төдийгүй прокурор, Авлигатай тэмцэх газрыг чөлөөлөх хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай байна. Шүүгчийг хууль бусаар үндэслэлгүйгээр улстөрчдийн үзэмж зөвлөмжөөр ажлаас чөлөөлж, гэмт хэрэгт холбогдуулж шалгадаг шийтгэлийн нөлөөлөл тогтоосон ардчилсан улс байхгүй.

Улстөрчдөөс хараат шүүхээс шударга ёс, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг хүсээд нэмэргүй. Хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон хараат бус шударга шүүхгүй нийгэмд хувийн өмч үгүй болж, иргэд нь эрх баригчдын тойрон хүрээлэх эсхүл эрх чөлөөтэй амьдрахыг хүсвэл гадагш дүрвэхээс өөр сонголтгүй болно.

Энэ чөтгөрийн тойргоос ангижрахгүй бол сүүлээ иддэг могой шиг зогсолтгүй үргэлжилж, өнөөдрийг эрх баригчдын бүтээсэн хэлмэгдүүлэлтийн машин маргааш өөрсдийг нь эргээд залгих нь гарцаагүй. Өнөөгийн үзүүр түрүүний хоёр улстөрч бүү хэл үлдэх нэгд ч нь ч хамаатай.

Түүнчлэн, шүүгчийг шагнаж нөлөөлөх боломжийг бүрмөсөн арилгах шаардлагатай байна. Дэлхийн нийтийн сайн жишгээр шүүхэд зэрэг дэв, шагнал хэрэггүй юм. Шүүгчийн шударгаар шийдвэрлэсэн хуулийн үндэслэлтэй шүүхийн шийдвэр нь түүний нэр хүндтэй, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнийг илэрхийлдэг болохоос төр засгаас авсан гавьяа шагнал түүнийг илэрхийлдэггүй юм. Шүүх бол Монгол Улсын нэрийн өмнөөс төрийг ч шүүх эрхтэй цор ганц субьект юм. Тиймээс төр засгийг төлөөлсөн улс төрчдийн олгодог төмөр зүүх, сэтэр олгох зэрэг коммунист төрийн шүүхийн элемент одоо бидэнд хэрэггүй.

Цаашилбал, шүүхийн томилгооны улс төрийн нөлөөллийг хуулиар хасах хэрэгтэй. Өнөөгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалж зөвлөмж гаргадаг, зөвлөмжөө өөрийн томилсон Шүүхийн ерөнхий зөвлөлд оруулж санал авдаг, улмаар уг саналаар өөрөө шүүгчийг томилж чөлөөлөх зарлиг гаргадаг, Үндсэн хуульд заагаагүй олон эрхийг бусад хуулиар олж авсан Ерөнхийлөгчийн хэт давуу эрхийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Энэ нь цаашлаад парламентын засаглалтай ардчилсан улс болох эсэх, төрийн эрх барих дээд байгууллага-парламентын дархлааг авч үлдэх эсэхэд шууд хамааралтай. Хэрэв Ерөнхийлөгчийн хэт нөлөөллийг шүүхээс авахгүй бол анхны 6 жилээр сонгогдох Ерөнхийлөгч маань шүүхэд барьцаалагдсан парламентаас өөрийгөө хугацаагүй “Хаан” болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардах ч боломжтой.

Шүүгчийг томилохдоо хараат бус мэргэжлийн сонгон шалгаруулалт, олон нийтийн сонсгол (улстөрчдийн биш) зэрэг механизмыг сайжруулахад хууль тогтоогчид анхаарах шаардлагатай болжээ. Харин Ерөнхийлөгчийн эрх мэдлийг парламент руу шилжүүлвэл ялгаагүй л чонын амнаас барын аманд орохын үлгэрээр шүүх улс төрөөс хараат бус байж чадахгүй. Улс төрийн аль ч институцийн нөлөөлөл солигдох нь зөвхөн нэмэгдэхүүний байрлалыг солих адил ач холбогдолгүй тул шударга бусын хонгилын тухай яриа хэвээр үлдэх болно.

Эцэст нь шүүгчийг томилогдохтой зэрэгцүүлэн чөлөөлөгдөх хүсэлтийг авч хадгалах нь шүүхийн хараат бус байдалд албан тушаалаа урвуулан халдсан гэмт үйлдэл хэмээн үзэж эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох шаардлага байна.

Ирж, буцаж л байдаг улстөрчдийн сайн, муу салхины аясаар үүл шиг нүүдэг биш уул шиг дүнхийж байдаг хараат бус, хууль дээдэлсэн шударга шүүхтэй болохыг хамгаас их хүснэм.

ӨМГӨӨЛӨГЧ Б.БАЯРАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-11-04 202.126.89.162

Ийм залуус Монголд олон байгаасай

Avatar

Шүүхээр тэнэгч 2020-11-04 139.5.219.53

Шүүгчийн хараат бус байдлын нөгөө талыг бас хамтад нь шийдвэрлээч. Хараат бус гэдгийн нөгөө талд хэргээ ч уншихгүй, ойлгох чадваргүй, дурын тэнэг шийдвэр гаргадаг шүүгч нараа зайлуул

Avatar

Иргэн 2020-11-04 59.153.112.252

Одоо л дуугарахгүй бол улс төрийн өрсөлдөгчдөө намнаж дуусгаад уул уурхай, хувийн хэвшлээ дээрэмдээд дараа нь хувь хүний хаалга тогшиход хэтэрхий оройтсон байх вий, хэлмэгдүүлэлттэй хэзээ ч эвлэрч болохгүй

Avatar

Зочин 2020-11-04 31.151.236.21

… эс тэгвэл юун "ГОЁ АРДЧИЛАЛ"

Avatar

Зочин 2020-11-04 31.151.236.21

"Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав" гээч болсон юм биш биз? Монголын шүүх үе үеийнхээ түүхэнд авилга, албан тушаалын хэнээнд үндсээрээ автчилгүй, жинхэнэ шударга, бие даасан, хараат бусаар төрийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг дархлаа сууж уламжлагдсансан бол "ТЭР МУУ 3" хошуу холбож нөлөөлөх нь бүү хэл сүүдрээ ч тусгаж зүрхшээхгүй түмний өмнө хүлээсэн "БООЛ"ын хугацаат албаа "АРИУН"аар гүцэтгээд л шогшиж байх байсан боловуу!!! Шүүгч хүн түүхий боловсорч бүр ч болохгүй….

Avatar

Зочин 2020-11-04 202.126.90.93

ӨӨРИЙГ НЬ ӨНДӨРЛӨГТ ГАРГАЖ ТОМИЛСОН ХҮНИЙ ГУЙЛТ,ЗӨВЛӨМЖИЙН ЭСРЭГ, ХЭДИЙ ШУДАРГА БАЙЛААЧ ГЭСЭН ШИЙТГЭХ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ ХҮНИЙ МӨСГҮЙ ХЭРЭГ БОЛНО БИЗДЭЭ. ТИЙМ УЧРААС СОНГУУЛААР СОНГОГДВОЛ ШҮҮГЧ ,АТГ, ПРОКУРОР ХЭН НЭГНЭЭС ХАРААТ БУС БАЙЖ БИЕ ДААСАН ШИЙДВЭРЭЭ САНАА ЗОВОЛТГҮЙ ХУУЛИЙНХАА ДАГУУ ГАРГАХ БИЗЭЭ.

Avatar

Иргэн 2020-11-04 192.82.69.182

томилгооны нэг сул тал нь мөн. Гэхдээ сонгуулиар гэхээр бүр попроод алга болно

Avatar

Иргэн 2020-11-04 192.82.69.182

Жирийн хуульч залуу Хаан шалдан байна гээд төрийн 3 өндөрлөгийнхөө булхайг ил хэлнэ гэдэг бол бас их зориг шүү!!!

Avatar

Зочин 2020-11-04 66.181.171.34

Угаасаа энэ асуудлыг чинь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Шүүгчдийн сахилгын хороо шийдвэрлэхээр заачихсан. Хэрэв одоо ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэвэл Үндсэн хууль зөрчсөн болно.

Avatar

Bayarlalaa, mash ih demjij baina 2020-11-04 74.105.51.49

Mongold bas urgusun tangaragandaa unench shudarga huulich baigaad. Odoo Ulsiin Ih Hurliin gishuud maani uurgee bieluul

Avatar

Зохиолч 2020-11-04 202.179.26.147

Монголд эрүүл ухаантай хүн байдаг л юм байна. Ийм ухаалаг залуус олширч хүчээ нэгтгээд ҮАЗ-ийн гурван мунхагаас эх орноо авраач. Гурван мунхаг үйлдэл нь буруудаад яллагдахын цагт -Бид зөвлөснөөс тушаагаагүй гээд нохойд барьдаг мод болгосон шүүхчдээ хорхой шиг няц дэвсэхийг хичээнэ гэсэн сануулга чинь маш үнэн. Баярлалаа.

Avatar

Батхуяг 2020-11-04 202.179.26.147

Монголд эрүүл ухаантай хүн байдаг л юм байна. Ийм залуус олширч хүчээ нэгтгээд улс орноо гурван тэнэгээс авраач. ҮАБЗ-ийн гурав хэрэг нь буруудаад ялагдахын цагт -Бид зөвлөсөн болохоос тушаагүй учир буруугүй гээд нохойд барьдаг мод болгосон новшнуудаа няц цохихыг хичээнэ гэдэг сануулга чинь маш үнэн.

Avatar

Зочин 2020-11-04 124.158.97.109

ҮАБЗ -ынхан үнэхээр шударга зоригтой юм бол Шүүхийн хараат бус байдлыг хангах ёстой. Аймхай хулчгар, хулгайч хүмүүс л шүүхийн хараат бус байдлаас айдаг гэж манай шударга хуульчид хэлж байна.

Avatar

Зочин 2020-11-04 202.126.89.160

Өмгөөлж байгаа хэргийнхээ талаар улс төржөөд хэвлэл мэдээллээр яриад явах бол маш мэргэжлийн бус, ёс зүйгүй үйлдэл гэдгийг Монголын өмгөөлөгчид ойлгохгүй юмаа

Avatar

Иргэн 2020-11-04 192.82.69.182

хэрэг яриагүй л байна ш дээ

Avatar

Зочин 2020-11-04 124.158.97.109

ҮАБЗ -ын хэн нь шүүхийн хараат бус байдлыг дэмжинэ, тэр эр зоригтой шударга нөхөр байх болно. Хэн нь шүүхийг атгах гэж улайрна, тэр аймхай хулчгар хулгайч гэдгээ нотолж буй гэнээ. Шударга л улс төрч юм бол шүүхээс айх хэрэг юу байнаа?

Avatar

иргэн 2020-11-04 202.131.227.82

голомтын хүн байнаа

Avatar

Иргэн 2020-11-04 192.82.69.182

Хэн байх нь хэнд хамаатай юм, буруу зүйлийн эсрэг зоригтой дуугарч байгаа нь чухал ш дээ. Чам шиг хулчгар зантай өөнтөгч нар бол ингэж чадахгүй дээ

Avatar

Иргэн 2020-11-04 103.14.38.38

Маш зөв өнөө үед яг тулгамдаад байгаа асуудалаар иргэн хүнд ойлгомжтойгоор зөв бичсэн байна

Avatar

Хууль 2020-11-04 66.181.160.106

Үр могой эхийгээ залхихын адил мань 3 хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдлэх нь гарцаагүй

Avatar

зочин 2020-11-04 202.9.46.172

Монголын шүүгч нар түүхэндээ хэрэг шудрагаар шүүж байсан тохиолдол байхгүй шдээ …

Avatar

Иргэн 2020-11-04 202.21.96.212

Хараат бус нэрийн дор хараа хяналтгүй их хэмжээний луйвартай хутгалдаж бгаа нь ариун явдал уу

Avatar

ИРГЭН 2020-11-04 192.82.64.190

ХАРААТ БУС ШҮҮХИЙН ГОЛ ЦӨМ НЬ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВЬЖ / ХЭРГИЙН МАТЕРАИЛТАЙ ТАНИЛЦАЖ / САНАЛАА ХЭЛДЭГ ТАНГАРГЫН ШҮҮГЧИД ШҮҮ ДЭЭ ,,,,,,

Avatar

Зөв үг 2020-11-04 64.119.22.216

Маш зөвөө . Шударга шүүхийн баталгаа нь шүүхийн хараат бус байдал.

Avatar

Иргэн 2020-11-04 202.126.88.185

Иргэний үүргээ биелүүлж хараат бус шударга шүүхийн төлөө үгээ хэлцгээе залуусаа

Avatar

Зочин 2020-11-04 103.57.95.55

Энэ бас Голомт банкны хуульч нөхөр байна. Эднийхэн сүүлийн үeд ирх пид пад байх чинь

Avatar

Иргэн 2020-11-04 192.82.69.182

Өмнө хаана ажиллаж байсан нь хэнд хамаатай юм, зөв зүйл ярьж байна уу, үгүй юу нь л чухал ш дээ

Avatar

Зочин 2020-11-04 122.201.24.4

шүүн таслах ажилд нь арай ч оролцоогүй байлгүй дээ түүнийгээ эрх биш хараат бусаар хийдэг байх аа

Avatar

зочин 2020-11-04 202.9.46.172

Өөө бүр биечлэн утасддаг гэсээн ..

Avatar

Zochin 2020-11-04 66.181.179.244

Ene buzar helmegduulelter zogsoo Da.Ganbold,Biambasaihan nariig sulal.Ene bol uls turiin helmegduulelt

Avatar

Авилгын кур ШЕЗ-ийг буулга. 2020-11-04 202.9.40.54

Шуугчид шуналын тулам болсон тул хараат бус байлгаж болохгуй.

Avatar

Зочин 2020-11-04 202.21.118.250

шүүгчид, өмгөөлөгчид, хуульчид минь өөрсдөөсөө шударга, хууль, эрх зүйг нэхэхгүй бол та нар маань бусдын, улс төрчдийн гар хөл, увайгүгээр өшөө авах арга хэрэгсэл болж дууслаа шүү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж