Цахим үйлчилгээ нэвтэрч, төрийн албан хаагчдын тоо буурах уу? | News.MN

Цахим үйлчилгээ нэвтэрч, төрийн албан хаагчдын тоо буурах уу?

Цахим үйлчилгээ нэвтэрч, төрийн албан хаагчдын тоо буурах уу?

Цахим үйлчилгээ нэвтэрч, төрийн албан хаагчдын тоо буурах уу?

Төрийн аль нэг байгууллагаас үйлчилгээ авахад харилцаа, хандлага, үл ойлгоцол, чирэгдэл, бэрхшээл багагүй гардаг. Тиймээс иргэдээд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс “E-Mongolia” төсөл хэрэгжүүлээд нэг сарын хугацаа өнгөрч байна.

Арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар “E-Mongolia” аппликейшн татаж авсан 65181, үйлчилгээ авсан 147011, хандсан 177199 иргэн байгаа гэсэн статистик тоон мэдээ бий.

“E-Mongolia” үйлчилгээ нь төрийн үйлчилгээний жагсаалтыг хамгийн хялбараар багцалсан гэх. Тухайлбал, татвар, төлбөр тооцоо гэсэн товч дээр дарвал ААН-ийн орлогын албан татвар, ахуйн хэрэглээний ус ашигласны төлбөр зэрэг бүх хэрэгтэй жагсаалт тухайн багцад багтсан байна. Иргэн мэдээлэл, лавлагаа авахаас гадна иргэний үнэмлэх, гадаад паспорт захиалах бүрэн боломжтой аж. Өөрөөр хэлбэл, бид хамгийн багадаа ажлын нэг өдрийг зарцуулж, дугаарлаж авах үйлчилгээгээ цахимаар Монгол Улсын 21 аймаг, 330 сумын хаанаас ч 2-5 минутын дотор авах боломж бүрджээ.

Иргэд "E-Mongolia" системд нэвтрэхийн тулд өөрийн нэр дээр байдаг утасны дугаараа бүртгүүлэн, регистрийн дугаараа хийж, өөрийн утсанд ирэх нууц үгээ баталгаажуулах шаардлагатай байна. Ингэснээр тухайн иргэний өмнөөс өөр хэн нэгэн нэвтрэх, бүртгүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн мэдээлэл хайх сонголт, өгөгдөл нь хиймэл оюун ухаанд суурилсан учир баялаг сонголттой байна.

Жишээлбэл, хэрэв та иргэний үнэмлэхээ алдаж гээсэн тохиолдолд тус системд нэвтэрч, төрөл, байгууллага, төлбөртэй эсэх болон үгээр бичих гээд хүссэн янзаараа мэдээллээ хайх боломжтой. Эдгээрээс хүмүүс ихэвчлэн хайлт хийхдээ үгээр бичиж хайхыг сонгож байгаа талаар тус төслийг хэрэгжүүлэгчид хэлж байлаа.

Мөн иргэний үнэмлэхээ хаяж гээсэн тохиолдолд дахиж авах иргэд өргөдөл буюу хүсэлт бичдэг. Тэгвэл энэхүү цахим системийг ашигласнаар иргэд тайлбараа нэг өгүүлбэрт багтаан бичсэн ч болох аж. Мөн төлбөрийн таатай нөхцөл болох бүх банкны карт, сошиал шилжүүлэг болон бусад тооцооны хэрэгслийг ашиглаж, үйлчилгээний хураамжаа төлөхөөс гадна И-баримт авах боломжтой байна.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭНЭЭ ХАЙЖ ОЛДОГ НЬ ТУС СИСТЕМИЙН ДЭВШИЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын бизнес аналист Г.Буднямаас Е-Mongolia цаахим үйлчилгээний талаар тодрууллаа.

-Ингэхэд “E-Mongolia” төсөл хэзээнээс хэрэгжиж эхэлсэн юм бэ. Төслийн зорилго юу байв?

-Үе үеийн Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байсан ажлын нэг болох Монгол Улсыг дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжиж буй улс орны жишигт нийцүүлэх бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажил. Энэ үндэс сууриас улбаалан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолын дагуу энэхүү төсөл хэрэгжиж эхэлсэн. Төр засаг ард иргэдэд үйлчлэхгүй, том толгойтой, хүнд сурталтай байна гэж дийлэнх иргэд хэлдэг. Тэгвэл цахим систем маань нэн тэргүүнд энэхүү асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг гаргаж ирсэн гэж хэлж болно.

-Иргэд яагаад “E-Mongolia”-г хэрэглэх  ёстой вэ, ач холбогдол нь юу вэ?

-Иргэд хувийн ажил болон ар гэрийн амьдрал, авто замын түгжрэлээс хамаараад өөрт хэрэгтэй лавлагаа, мэдээлэл, үйлчилгээг авч чадахгүй бухимддаг. Энэ байдлыг “E-Mongolia” халснаар нэг талаар иргэнд, нөгөө талаар төрд ээлтэй систем гэж тооцогдож байгаа юм. Хүмүүс хөдөө орон нутаг, хот суурин газар гээд хаанаас ч гар утас, компьютер зэрэг технологийн тусламжтайгаар төрийн үйлчилгээ авдаг боллоо. Энэ бол дэвшил. Монголчуудын хувьд хиймэл оюун ухаан, технологийн хөгжлийн талаар сонсож байснаас амьдрал дээр буусан бодит байдлаар тэрхүү технологийн шийдлийг мэддэггүй. Харин хүн өөрт хэрэгцээтэй байгаа лавлагаа мэдээлэл, шаардлагатай бичиг баримтынхаа хугацааг сунгах зэрэгт тус системийг ашигласнаар өөрийн хэрэглээндээ цахим үйлчилгээг тогтмол ашиглах боломж бүрдэж байгаа юм. Чирэгдэлгүй, шат дараалалгүй үйлчилгээ авахыг хэн ч хүсдэг шүү дээ.

-Төрийн байгууллагад үйчлүүлэхийн тулд олон хүндрэл, бэрхшээлтэй тулдаг. Ер нь иргэд төрийн байгууллагаар хэр их үйлчлүүлдэг талаарх судалгаа бий юу?

“E-Mongolia” буюу цахим нэг цонхны үйлчилгээ нь олон давуу талтай. Тухайлбал, иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой. Хэдийгээр хүн нэг бүрийн төрийн байгууллагаас үйлчилгээ авах давтамж харилцан адилгүй байдаг ч нэг удаа түгжрэл, дугаарт зогсохоос хамаарч тухайн иргэн өдөрт 2-2.5 цаг зарцуулдаг байна. Ажиглалт судалгаагаар нэг хоногт 7580 иргэн төрийн үйлчилгээ авдаг статистик мэдээ бий. Тиймээс эдгээр иргэдэд цахим нэг цонхны үйлчилгээнд хандах нь зөвхөн нэг удаа үйлчилгээ аваад зогсохгүй дахин харилцаа холбоотой байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ерөнхийдөө хиймэл оюун ухааны технологи ашиглан та төрийг бус төрийн үйлчилгээ таныг хайж олдог дэвшил рүү ойртож байна гэж ойлгож болно. Тодруулбал, миний гадаад паспортын хугацаа дуусч байгааг цахим систем надад онлайнаар мэдэгдэх давуу талтай. Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 27 ТҮЦ машин ажиллаж байна. ТҮЦ машин бол төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байгаагийн нэг илрэл мөн. Харин цахим хэлбэрт платформ дээр өгөгдлийг боловсруулснаар цаашид 492 үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтцэд нэгтгэнэ. Ингэснээр иргэд хаанаас ч хүссэн лавлагаа, мэдээллээ авч, өөрт хэрэгтэй үйлчилгээгээ хүртэж чадах давуу талтай.

-Иргэдийн мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний нууцлалыг хэр хамгаалж, хангаж чадах бол?

-Одоогийн байдлаар Өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухайн хууль, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл боловсруулагдаж, УИХ-д өргөн баригдаж хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байна. Бид мэдээллийн аюулгүй байдлын хууль боловсруулахдаа Эстони улсын цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэж, гол үзэл баримтлалуудыг нь авсан. Ерөнхийдөө цахим засаглалыг сайн хөгжүүлсэн орнуудын туршлагаас судалсан гэж ойлгож болно. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн гол онцлог нь мэдээллүүдийг төр хоорондоо өгөгдлөөр солилцох. Ингэхдээ ямар мэдээлэл нь ил тод байх вэ гэдгийг нарийвчлан заагаад зогсохгүй иргэн мэдээллээ нээлттэй, эсвэл хаалттай өгөгдөл байхыг өөрөө шийдэх боломжтой. Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцохдоо  иргэдээсээ зөвшөөрөл авч, миний ямар мэдээллийг төр ашиглаж байна вэ гэдгийг ч тухайн иргэн мэддэг байх ёстой. Үүнийг хуулиар бий болгоно. Түүнээс гадна мэдээлэл хадгалах Дата төвийг хуулиар нь чиг үүргийг нь тодорхой болгож оруулна. Мөн мэдээллийг хамгаалах тусдаа чиг үүрэгтэй байгууллага байгуулахаар зорьж байна.

-Цахим үйлчилгээг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын тоо буурах уу?

-‘E-Mongolia” аппликейшныг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын тоо тодорхой хэмжээнд буурна. Мөн төрийн албаны чадавх нэмэгдэж, албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэнэ гэж үзэж байна. Олон нийтэд цахим соёл бий болгохын тулд “E-Mongolia” аппликейшныг хэрхэн хэрэглэх вэ гэдэг сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах шаардлага үүсч байна. Хэрэв “E-Mongolia”-г нийтээрээ хэрэглэж дадвал ТҮЦ машинд дугаарлаж зогсох шаардлагагүй болно гэсэн үг юм.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭГ ДОР ТӨВЛӨРСНӨӨР ШАТ ДАМЖЛАГА, ХҮНД СУРТАЛ БУУРНА

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.ДЭЛГЭРСАЙХАН:

-Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем гаргаж, вэб болон гар утасны аппликейшн нэвтрүүлээд байгаа билээ. Энэхүү “E-Mongolia” нэгдсэн системд УБЕГ-аас 26 нэр төрлийн лавлагаа, үйлчилгээний талаар мэдээлэл хийгээд байна. Цаашид олон нийтэд төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байгаа тухай сургалт, мэдээллийг тогтмол олгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иргэдэд харьяалал харгалзахгүй, хүндрэлгүй үйлчилгээг технологийн тусламжтай олгох болсонд таатай байна. Монгол Улсын үндэсний ой санамжийн суурь нь улсын бүртгэлийн мэдээллийн сан. Энэ  мэдээллийн санд тулгуурлаж бусад мэдээллийн сан үүсч байдаг. Тэгэхээр үндсэндээ энэхүү зарчмыг “E-Mongolia” бий болгож, олгож өгч байгаа юм. Төрөөс үзүүлж буй үйлчилгээнүүд нэг дор төвлөрснөөр цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засгийн зардлаас ч хэмнэнэ. Мөн төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал ч түүнийг дагаад буурна.

“E-Mongolia” нэгдсэн систем дэх УБЕГ-ын төрийн үйлчилгээнээс хамгийн эрэлттэй байгаа нь Төрсний бүртгэл, Иргэний үнэмлэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, регистрийн дугаарын лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн баталгаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт байна. Иймд олон нийтэд төрийн цахим системийг сурталчлан таниулах нь чухал байгаа гол асуудал юм.


 ТӨРИЙН ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ БҮХ ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙГ БАГТААХ НЬ ЗҮЙТЭЙ

“E-Mongolia” үйлчилгээний талаар иргэд ямар мэдээлэлтэй явааг сонирхлоо. 

Иргэн Д.ОТГОНБААТАР:

-Хэдэн жилийн өмнө иргэд шаардлагатай тохиолдолд бүртгэл мэдээлэл, лавлагаа авах гээд улсын бүртгэлийн газарт ханддаг байсан. Харин ТҮЦ машин нэвтэрснээр үйлчилгээний хүртээмжтэй байдлын асуудал яригдаж эхэлсэн. ТҮЦ машин байрлуулсан цэг цөөн учир төвд ойрхон байдаг хэдэн газарт нь иргэд байнга дугаарлаж зогсоод, өөрт хэрэгтэй бичиг баримтаа авдаг. Ажлынхаа цайны цагаар гараад ирчихсэн хүнд тун хэцүү нөхцөл байдал үүсдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс төрийн үйлчилгээг цахим болгох нь зүйтэй гэж бодож байна. Төр олон нийтийн эрх ашгийг хүндэтгэж ажиллах үүрэгтэй. Тэр ч утгаараа иргэдэд ойрхон, хөрсөн дээр буусан шийдвэр гаргах хэрэгцээ байна. Одоо нэвтрүүлж байгаа цахим системдээ төрийн цахимаар авах боломжтой бүх лавлагаа, мэдээллийг багтаах нь зүйтэй болов уу. Мөн тэр системдээ яаж нэвтрэх, хэрхэн мэдээлэл авах боломжтойг олон нийтэд таниулах хэрэгтэй.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛСНААР ХҮНД СУРТАЛ БАГАСНА

Сонсголгүй иргэдийг дэмжих төвийн тэргүүн Б.НЭМЭХБАЯР:

-Иргэдийн хувьд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй иргэдэд төрийн үйлчилгээ авахад маш их хүндрэл учирдаг. Нэг цонхны үйлчилгээний ажилтантай ойлголцохгүй байх, бичгийн материалын утгын зөрүү ойлгох зэрэг дохионы хэлмэрчгүй байдлаас үүдэн харилцааны асуудал их гардаг. Харин “E-Mongolia” аппликейшныг ашиглахад харьцангуй хүндрэл багатай санагдлаа. Мөн нэг давуу тал нь төрийн бүх үйлчилгээ төвлөрсөн төдийгүй гар утаснаасаа аппликэйшнийг ашиглахад дата унахгүй байгаа нь давуу байна. Харин цаашид анхаарах чухал зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү төвлөрч, харилцааны тал дээр анхаарал хандуулан, цахим “Чат бот” ажиллуулбал сонсголгүй иргэдэд дохионы хэлмэрчтэй харилцаж мэдээлэл авах, харааны бэрхшээлтэй хүнд сонсох аудио мэдээлэл өгөх боломжтой хувилбараар төвлөрүүлэх нь зөв санагдлаа. “E-Mongolia” аппликейшны хувьд үнэгүй ашиглах боломжтой бөгөөд үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл оператор компаниуд энэ тал дээр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай санагдлаа. Мөн үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Сангийн яамны Ebarimt, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Ehalamj зэрэг төрийн цахим порталууд нэгдсэн байна.

ТӨР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ЭЭЛТЭЙ ЦАХИМ ШИЙДЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

Иргэн Д.ОЧМАА:

-Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Үндсэн хуульд заасны дагуу эрхээ эдэлж, үүргээ ухамсарлах ёстой. Мөн төрөөс иргэн хүний хувьд үйлчилгээ авах нь зайлшгүй асуудал. Жилдээ тоотой хэдэн удаа албан шаардлагаар лавлагаа авах тохиолдол байдаг. Тэр бүрд төрийн байгууллагад очихоос цааргалах, олон хүнтэй урт дараалалд зогсож, хэдэн цагийн ажлаа алдаж байж тэр тамгатай цаасыг авдаг. Тэр асуудлуудыг бодвол төрийн үйлчилгээ цахимжих нь зүйтэй. нэг цонхны үйлчилгээний төвд ажиллаж байгаа тодорхой үүрэг бүхий хүмүүсийг танаж, зөвхөн нэг мэргэжилтэн бүх мэдээллийг иргэнд хүндрэлгүй олгох нь шийдэл болно гэж бодож байна. Хэдийгээр ихэнх хүмүүс интернэт орчинг ашиглаж чаддаг болсон ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зарим өндөр настай өвөө, эмээ нар нэг цонхны үйлчилгээг зорьж очих шаардлага гарна. Тиймээс тэдгээр иргэнд ч мөн хүндрэлгүй үйлчлэх механизмыг төр зохицуулах ёстой.

Дохионы хэлмэрч Б.ЮМЖИРДУЛАМ:

-Төрийн үйлчилгээ тэр дундаа халамжийн үйлчилгээ цахимжих нь маш зөв. Өндөр настай эмзэг бүлгийн иргэд хороо, дүүрэг, харьяаллын дагуу нэг газраас нөгөөд, хүн хүнээс асууж байж очоод бичиг баримтаа авах гэхээр зөрчил, маргаан будлиан үүсдэг тал бий. Энэ бүхэнд хариуцлага нэхээд явж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бухимдаж, хүссэн нь бүтэхгүй болмогц хөөцөлдөхөөы болих шийдвэр гаргахад ч нөлөөлж байна. Төр нь иргэнээ угтаа сонсох ёстой. Гэтэл нэг цонхны үйлчилгээний ажилтнуудын зарим нь тухайн иргэнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, хэрэгтэй байгаа лавлагаа мэдээллээр н үйлчилж өгөхөд үл ойлголцол үүсч байна. Тиймээс цахим үйлчилгээнд бүрэн шилжихийг зорьж байгаа бол нийт массын эрх тэгш байдлыг хангаж өгөх нь зүйтэй байх. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг бусад хүмүүстэй ижил төвшинд авдаг болох хэрэгтэй.

Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийн хэмнэх боломжтой ажээ. Улсын төсөв, хувь хүний санхүүг хэмнэхээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй үнэтэй цаг хугацааг энэхүү систем Монгол Улсын иргэн бүрт хэмнэж өгөх учиртай. Мөн иргэд 11 11 төвөөр дамжуулах төрийн үйлчилгээг цахимжуулж буйтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2020-11-04 59.153.115.192

50% BUURUULAH HEREGTEI DENDUU TOM DANHAR TURIIN ALBATAI BOLCHIHOOD BAINA

Avatar

хххх 2020-11-04 202.21.97.30

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ НЬ ЦӨӨРҮҮЛЭХ ТУХАЙ ИХ ЯРИХ БОЛЖ??? ЭНЭ БОЛ БУРУУ ХАРИН АЖИЛЛАХ ЦАГИЙГ НЬ БОГИНОСГООД ӨГВӨЛ БОЛМООР БАЙНА. ЯГ ОДООГИЙН ЦАЛИНГААР НЬ 8 БИШ 5 ЦАГ АЖИЛЛАДАГ БОЛГООД ӨГ , ТЭГЭЭД 2 ЭЭЛЖЭЭР АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ
1. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ЦАГ УРТАСНА
2. ЦӨӨХӨН ХҮН АЖИЛЛАХ ТУЛ ТҮГЖРЭЛ БАГАСНА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЬ ЧАДВАРЛАГ БАЙХ ЁСТОЙ БОЛНО
3. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БОДИТ ЦАЛИН НЭМЭГДЭНЭ, ХУВИЙН АМЬДРАЛДАА ЗАРЦУУЛАХ ЦАГ ИХЭСНЭ
4. ЦАХИМААР ҮЙЧЛҮҮЛЭХ ИРГЭД ОЛШИРНО

Avatar

vnen 2020-11-04 202.126.89.218

heregzeegui nam namiiin b*** dolooogchid toriiin ner barisan hvnd surtaltai awilgachid haaasaigui bainadaaa zooolson deeer ard tvmeneeer hoolooo bildvvvlseeer

Avatar

zochin 2020-11-04 124.158.107.17

Undur chadamjtai humuuseer ene tsahim uilchilgeegee hyanuulj ajilluulaad oron toog buuruulah heregtei shde. Tatvar l gehed ajillaj baigaa programmaa ch oilgohgui , tailan tootsoonii tulgalt hiih geheer yuugaa ch medehgui udurjin hunii ajliig uyadag ene baidlaa hurdan zogsoomoor yum, unendee buhimdmaar ajlaa medehgui, erguutsen tolog shig huniig iish tiish ni bumbug ayatai shidsen yumnuud baij hereggui shde.

Avatar

Иргэн 2020-11-04 202.131.247.12

Төрийн албан хаагчдын тоог 50% бууруулж, харин чадвар чадамжип нь өндөр шаардлага тавих хэрэгтэй!

Avatar

Зочин 2020-11-04 66.181.179.81

Ядаж принтерээ ажиллуулж чаддаг хүмүүс ажилламаар байгаа юм. Нэрээ бичихээс цаашгүй мэргэжилтэн олон болсон гэсэн

Avatar

Зочин 2020-11-04 192.82.78.88

Хотын түгжрэлийг бууруулахад их нэмэртэй сайн ажил болсон гэж бодож байна.

Avatar

иргэн 2020-11-04 202.21.103.226

цахимжуулбал ажлаа мэдэхгүй их зантай ууртай төрийн албан хаагчдын тоо харьцангуй багасах л ёстой доо

Avatar

Зочин 2020-11-04 119.40.100.170

Захилгат зохиол нь уу. Амь алга даа Болор оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж