"Нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо буурсан"

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

"Нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо буурсан"

"Нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо буурсан"

“Улаанбаатарт смарт карт” компанийн бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболдоос U money картыг ухаалаг утсаараа дамжуулан цэнэглэх боломжтой болсон талаар тодруулга авлаа.


Нийслэлийн хэмжээнд нийт хичнээн иргэн U money картаар үйлчлүүлж байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

Нийтийн тээврээр өдөрт давхардсан тоогоор 650-700 мянган зорчигч үйлчлүүлдэг. Үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш буюу 2015 оноос өнөөг хүртэл нийт 2 сая 300 ширхэг карт борлуулаад байгаагаас нэг сая 300 орчим ширхэг карт нь идэвхтэй ашиглагдаж байна. Үүнээс 60-65 орчим хувь нь нийтийн тээврийн хөлсөө төлөн зорчдог энгийн карт байгаа ба бусад нь хөнгөлөлттэй зорчигч буюу ахмад настан, оюутан, мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт багтаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1100 орчим гэрээт цэг үйл ажиллагаа явуулж байна.

Гар утасны аппликейшн өмнө нь байдаг байсан. Гар утсаараа дамжуулан картаа цэнэглэх Hi-Pay Wallet”аппликейшн юугаараа ялгаатай вэ?

NFC функцтэй утас хэрэглэж байгаа хэрэглэгчид аппликейшнаар дамжуулаад картын үлдэгдлээ шалгаж, хэрэглээгээ хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, холбосон картынхаа төлбөрийн гүйлгээг хянаж, нэг ёсондоо өнгөрсөн хугацаанд хаана ямар автобусанд хэдэн цагт суусан, хэзээ хаана буусан, буух болон суух үедээ даа картаа уншуулсан эсэх зэрэг нарийн мэдээллийг харах боломжтой. Бусад аппликейшнээс ялгаатай тал нь илүү дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээллийг шууд харах боломжтой болсон. NFC нь богино зайн радио долгионы дамжуулалт хийдэг мэдээллийн технологи юм. Сүүлийн жилүүдэд google WalletApply Pay зэрэг нь амжилттай хэрэгжин NFC-г төлбөр тооцооны системд ашиглаж байна. Тус технологийг Samsung корпораци анх удаагаа гар утсандаа байршуулж, 2011 оноос төлбөр тооцоонд нэвтрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Samsung s5 загвараас хойших гар утаснууд NFC дэмждэг болж үйлдвэрлэгдэх болсон. Харин Apple компанийн хувьд 2014 оноос эхлэн iphone 6 загвар болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн гар утаснуудад NFC-г суулгасан.  

 Хэрэглэгчид энэ үйлчилгээг хэрхэн авах вэ?

Иргэд U money картаа цэнэглэхийн тулд олон үйлчилгээ ашигладаг. Тиймээс хэрэглэгчдэд илүү ойр болгох, хялбар үйлчилгээ үзүүлэхийн тулд олон туршилт хийсэн. Үүний үр дүнд Hi pay wallet аппликейшн бүтээсэн. Энэ нь монгол залуусын бүтээсэн хэрэглэгчийн төлбөр тооцооны бүхий л хэрэгцээг цогцоор нь шийдэх олон улсын стандарт бүхий аппликейшн юм. Иргэд NFC дэмждэг гар утасныхаа тусламжтайгаар хаана ч, хэзээ ч U money картаа Hi pay wallet аппликейшн ашиглан цэнэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Hi pay wallet аппликейшн хөгжүүлэгчдийн талаар дурдахад “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Монголбанкнаас “Төлбөрийн карт хүлээн авагч” тусгай зөвшөөрөл авсан компани юм. Одоогоор арилжааны 12 банкнаас гадна тус зөвшөөрлийг эзэмшиж буй цор ганц финтек компани. Хэрэглэгчийн картын мэдээллийг хүлээн авах, хадгалах нууцлал аюулгүй байдал зэрэг нь өндөр түвшинд хангагдсан. Хэрэглэгчид Hi pay wallet  аппликейшныг гар утсандаа татаж, дурын банкны картаа холбох боломжтой. Дараа нь аппликейшны зүүн дээд булангийн цэсэнд байрлах U money хэсэгт орж, NFC-ээ асааж, картаа утасныхаа арын хэсэгт хүргэснээр холболт идэвхжих юм. Гар утсаараа u-money картаа цэнэглэснээр автобусанд шууд хэрэглэх боломжтой. Банкны шимтгэл хураамж төлөхгүйEbarimt-д автоматаар бүртгэгдэнэ.

-Тэгвэл утсаараа U money картаа цэнэглэх “Hi-Pay Wallet” аппликейшн хэрэглээнд нэвтэрснээр хэрэглэгчдийн тоо болон нийтийн тээвэрт оруулах ашиг тодорхой хэмжээгээр нэмэгдэх үү? 

Нийтийн тээврээр өдөртөө давхардсан тоогоор 700 мянган иргэн үйлчлүүлдэг. Тэгэхээр дээрх тоонд огцом өөрчлөлт гарахгүй байх. Үүний хажуугаар бэлэн мөнгөөр зорчдог хүмүүс их бий. Ингэснээр нийтийн тээврийн орлого нэг газраа төвлөрөхгүй байна гэсэн үг. Мэдээж, иргэд U money картаараа зорчвол орлого төвлөрөлт нь гүйцэд хийгдэж, нийслэлээс гарч байгаа төсөв, нөхөн олговор зардлын санхүүжилт багасах тусам парк шинэчлэлт хийгдэх боломжтой болно гэсэн үг. Иргэд картаараа зорчих нь нийтийн тээвэрт оруулж байгаа хувь нэмэр юм. 

Эхэн үед иргэд шинэ үйлчилгээнд дасахгүй бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байсан. Харин одоо картны хэрэглээ нэмэгдэж, иргэдийн ухамсар ч дээшилсэн. Ийм байхад нийтийн тээврийн орлого буурч, улсын төсөвт төвлөрөхгүй байгаа гэж үү?

Ер нь нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо буурсан уу  гэхээс өсөөгүй. Монгол Улсад  Covid-19 албан ёсоор бүртгэгдсэнээс хойш нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс буурсан. Ер нь нийтийн тээврийн салбарын ашиг гэхээсээ илүүтэй иргэд нийтийн тээврээр хүртээмжтэй үйлчлүүлж чадаж байгаа юу, үгүй юу гэдгийг ярих нь оновчтой байх. Нийтийн тээврийг цэвэр бизнесийн салбар гэж харах нь өрөөсгөл. U money нийтийн тээвэрт нэвтрэхээс өмнө нийтийн тээврээр өдөрт хичнээн хөнгөлөлттэй зорчигч хэдэн удаа үйлчлүүлж байгаа талаар нарийн тоон мэдээлэл гарах боломжгүй байсан. Тухайн үед оюутнууд виза картаа үзүүлээд явдаг байсан. Тиймдээ ч нийслэлээс хөнгөлөлттэй зорчигчдын нөхөн олговрыг аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэлээр нь бус ерөнхий тооцоолол дээр үндэслэн хувааж өгдөг байсан. Харин U money үйлчилгээ хэрэглээнд нэвтэрсэн цагаас хойш нийслэлийн төсвөөс 200 орчим тэрбум төгрөг хэмнэсэн.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж