"Миний спортод оруулах хувь нэмэр бол дасгалжуулагч болох"

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

"Миний спортод оруулах хувь нэмэр бол дасгалжуулагч болох"

"Миний спортод оруулах хувь нэмэр бол дасгалжуулагч болох"

Монголын хөлбөмбөгийн спортын домгуудын нэг, "Атлетик 220" багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнайтай ярилцлаа. 


-Та хэзээ "Атлетик 220" багийн ахлах дасгалжуулагч болов. "Дэрэн" клубын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан шүү дээ? 

-Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард "Атлетик 220" багийн зүгээс ахлах дасгалжуулагчаар ажиллах санал тавиад ажилдаа орсон доо. Коронавирусээс болоод бэлтгэлээ шууд эхэлж чадаагүй, хожуу бэлтгэлд гарсан.

-Шинэ ажлаа хүлээн аваад юун дээр төвлөрч ажилласан бэ. Шинэ хамт олон, шинэ уур амьсгал таныг хүлээн авсан биз?

-Легионер тоглогчид тоглох боломжгүй байсан учир бүрэлдэхүүн дээрээ нэлээд сайн ажилласан. Мөн бэлтгэл сургуулилалтыг өндөр түвшинд, чанартай хийхийг зорьсон. Аль болох л тоглогч нэг бүртэй тулж ажиллахыг хичээсэн гэж хэлж болно.

-"Атлетик 220" багийн ахлах дасгалжуулагчийн хувиар үдсэн эхний улирал хэр хүнд байв. Лигийн сүүлийн тойрогт аваргын болзлоо хангалаа?

-Сүүлийн тойргийн тоглолтоос гадна улирлын дундуур хэд хэдэн хүнд тоглолт хийсэн шүү. Улирлын эхлэлийг тун тааруу тавьсан. Харин явц дундаа багаараа жигд сайжирч, бие биенээ ойлгож, учраа олон сайн төгсгөл хийсэн. Ер нь тоглолт бүр л ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Шахуу хуваарьтай, нэг долоо хоногт хоёр тоглолт, дөрвөн тоглолт хийх жишээтэй. Сэргэлт авах хугацаа багатай байсан учир тамирчдаа бэртэл гэмтэл авчих вий гэж их санаа зовсон.

-Коронавирусийн улмаас хөлбөмбөгийн лиг гэлтгүй ер нь спортын ертөнц зогсонги байдалд орсон. Энэ завсарлага тамирчдад хэрхэн нөлөөлсөн бэ?

-Лиг маань эхлэх хугацаанаасаа хоёр сар гаруйн хугацаагаар хоцорч, долдугаар сард эхэлсэн. Улирлын өмнөх бэлтгэлийг санасандаа хүртэл нэг их сайн базааж чадаагүй л дээ. Багаараа цугларахыг хориглосон байсан учир гүйж л байлаа. Тэгээд хэсэг бүлгээр нь хувааж, хуваарийн дагуу бэлтгэл сургуулилтаа зохицуулж хийж байсан.

-“Үндэсний дээд лиг”-ийн аварга болоод зогсохгүй ирэх Азийн цомд эх орноо төлөөлөн оролцох эрх авлаа. Энэхүү эрхийн төлөө Улаанбаатар Сити багтай ч хүнд хоёр тоглолт хийлээ шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Өнгөрсөн жилийн лигийн аварга Улаанбаатар Сити баг маань өнгөрөгч Азийн цомын тэмцээнд оролцох ёстой байсан боловч цар тахлын улмаас тэмцээн нь цуцлагдсан. Азийн хөлбөмбөгийн холбооноос ч энэ жилийнхээ лигийн аваргыг өнгөрсөн жилийнхээ аваргатай тоглуулаад хожсоныг нь оролцуул, эсвэл өөрсдөө шийдээрэй гэж зөвлөсөн юм билээ. Үүний дагуу холбоо маань хоёр тоглолтоор эх орноо Азийн цомд төлөөлөх багийг тодруулахаар болсон. Эхний тоглолт лиг өндөрлөөд удаагүй байхад явагдсан учир амраасан тоглогчдоо эргээд цуглуулсан. Эхний тоглолтын дундуур улаан хуудас авах хүртэл манай тоглолт болж байсан. Улаан хуудас авснаас хойш байдал хүндэрсэн. Хэрвээ гурав хоногийн дараа хариу тоглолтоо хийсэн бол манайх хожигдох байсан. Харин сонгуулийн үе таараад, долоо хоногийн дараа тоглоход бэртэлтэй тоглогчид маань эдгэрээд, бэлтгэл сургуулилалтаа чамбайруулаад, хоёр дахь тоглолтоо хийхэд бэлэн болсон. Эхний тоглолтод 2-2 гэсэн харьцаатай тэнцээд, хоёр дахь тоглолтод нэг гоолоор хожиж яваад дараалж хоёр гоол алдсан гээд ярих зүйл ихтэй. Харин сүүлийн 20 минутад хоёр гоол оруулж, ялалт байгуулсан. Улирлын өмнө Улаанбаатар "Сити" багтай нөхөрсөг хэд хэдэн тоглолт хийчихсэн байсан учир хэн хэнийхээ тоглолтыг мэддэг болчихсон байлаа.

-АFC Cup буюу Азийн цомын тэмцээн маань хэзээ эхлэх вэ? Энэ талаар мэдээлэл ирсэн үү?

-Яг одоогийн байдлаар нэгдүгээр сарын сүүлээр тоглоно гэсэн мэдээлэл байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлыг харах байх. Багийн хүрээнд уулзалтуудаа зохион байгуулаад бэлтгэлтэй л байгаа.

-Танай багийн эсрэг тоглох багуудын нэрс тодорсон уу?

-Одоохондоо тодроогүй байна. Зүүн Азийнхаа хүрээнд Тайвань, эсвэл Хонгконгийн багуудтай тоглох байх.

-Таныг дасгалжуулагч болоход юу хамгийн ихээр нөлөөлөв?

-Дасгалжуулагч болж, Монголын хөлбөмбөгийг хөгжүүлье гэж бодсон доо. Энэ нь л миний их спортдоо оруулах хувь нэмэр гэж ойлгосон. Харин нөлөөлөл үзүүлсэн хувь хүмүүс гэвэл Мазаалай багийн Ц.Энхболдбаатар багш, 2003 оноос хойш шигшээ багт байсан Ш.Отгонбаяр дасгалжуулагч нарыг нэрлэж болно.

-Хэн гэдэг дасгалжуулагчийн тоглолтын арга барил, зохион байгуулалтыг судалж, багтаа суулгаж байна вэ?

-Нэг дасгалжуулагч гэхээсээ илүү сүүлийн үед дэлхийн хөлбөмбөгт хувьсгал хийж, амжилт олж буй дасгалжуулагч нарын арга барил, тактикийг судалж, өөртөө болон багтаа шинэчлэлт хийхийг хүсдэг. Сүүлийн үед Пеп Гвардиола, Юрген Клопп, Марсело Биелса зэрэг дасгалжуулагч нарын тоглолтын арга барилыг харж байна. Багаа бөмбөг барьж, дамжуулалт өгч байхыг л хүсдэг.

-Багийнхаа тамирчдаас юу их шаарддаг вэ?

-Нэн түрүүнд тамирчдаасаа сахилга батыг хүсдэг. Мөн зааврын дагуу тоглож, өөрсдийн чаддаг бүхнээ талбайд гаргаасай гэж хүсдэг. Тэрнээс биш чадахгүй зүйлийг нь тоглогчдоосоо шаардаад шахаад байхыг хүсдэггүй. Сахилга баттай байж, өөрсдийгөө бүрэн дайчлаасай гэж л тамирчдаасаа хүсдэг.

-Ирэх улирал аваргаа хамгаалах болон Азийн цомд өндөр амжилт үзүүлэх зэрэг томоохон даалгаврууд Атлетик 220 багийг хүлээж байна. Үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Бэлтгэлтэй байхыг хичээнэ. Ирэх арваннэгдүгээр сарын дундаас Азийн цомын бэлтгэлдээ гарна. Тэмцээний албан ёсны хуваарь ирсэн, ирээгүй багаа бэлдэж эхэлнэ. Юуны түрүүнд Азийн цомдоо өндөр амжилт үзүүлэхийг хичээх болно. Үүний дараа лигтээ анхаарлаа төвлөрүүлнэ. Мэдээж аваргаа хамгаалах их аян биднийг хүлээж байна.

-Одоогийн бүрэлдэхүүндээ нэмж өөрчлөлтүүд хийх үү?

-Хэд хэдэн байрлал дээр хүч нэмэх бодол байна. Азийн цомын тэмцээндээ анхаарч, гадаадын аль улсаас ямар тамирчдыг багтаа нэгтэх боломжтой вэ гэдгийг багаараа судалж байна. Судалгааны ажлууд явагдаж байна. Боломжтой бол гаднаас легионер тамирчид авчрах хүсэлтэй. Нэгэнт л Азийн цомын тэмцээнд оролцож байгаа учир зүгээр нэг оролцоод өнгөрөх бус амжилт үзүүлэхийг л зорьж байна.

-Өнгөрөгч улирал Наранболд тэргүүтэй танай тоглогчид онцгой улирлыг өнгөрүүллээ. Үүнийг юутай холбож тайлбарлах вэ?

-Багийн дотоод уур амьсгал тун сайн, багаараа л гайхалтай байлаа. Бүгд байрлал бүр дээрээ шилдгүүд нь байсан. "Атлетик 220" багийн хөгжөөн дэмжигчид бол багийн чухал хэсэг байдаг. Үе үе хэрэгтэй зөвлөгөөнүүд өгнө, бэлтгэл, тоглолт дээр хүрэлцэн ирж урам хайрладаг.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж