УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүний өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэхүү төсөлд зааснаар даатгуулагч буюу иргэн нь Тэтгэврийн даатгалын санд төлж буй шимтгэлээс 2 хувь, ажил олгогч нь 2 хувь, нийт 4 хувийг өөрийн сонгосон Хувийн тэтгэврийн санд төлж болохоор тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэнд ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын хангалттай эх үүсвэртэй болох боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох, хувийн тэтгэврийн сангууд бий болсноор санхүүгийн салбарт шинээр ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж буй.
Гэвч УИХ-ын зарим гишүүн дээрх хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлж, "Тэтгэврийн тогтолцоог эвдэнэ. Хэрэв одоогийн тогтолцоогоо эвдчихвэл тэтгэврээ тогтмол өгч чадахаа болино" гэж үзэж байгаа юм.
Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар илэрхийлсэн талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих асуудал Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод орсон. Үүн дотор “Нийгэм, эдийн засгийн боломж бүрдсэн үед иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд хувиараа болон ажил олгогчийн дэмжлэгтэйгээр хамрагдаж, нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдүүлнэ” гэж заасан.
Засгийн газар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулж байна. Энэ хуулийн төсөл болон Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн төсөл хоёрын суурь нь нэг юм. Гэхдээ Засгийн газраас дэмжихгүй хоёр зүйл бий. Энэ нь нэмэлт, сайн дурын үндсэн дээр байх буюу Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэж болохгүй гэдэг зарчмыг илэрхийлсэн. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн харилцаа нь Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын бүтээгдэхүүн болж, Монголын зах зээлд хэрэгжээд 10 жил болж байна. Жишээ нь, “Голомт” банк, “Ард санхүүгийн нэгдэл" зэрэг компаниуд энэ үйл ажиллагааг эрхэлж байна. Иргэн, ААН-үүд хамтдаа тэтгэврийн сан үүсгээд, дор хаяж таван жилийн хугацаанд хуримтлал үүсгэж, түүнээс цааш үр шимийг нь хүртэх зэргээр энэ үйл ажиллагаа явагдаж байна. Тэдгээр компаниуд татварын дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт тавьдаг. Татварын дэмжлэгийн асуудал Н.Учрал гишүүний хуулийн төсөлд ороогүй. Ийм хоёр асуудалд Засгийн газар эсрэг байр суурьтай байна.
Энэ хуулийн төсөл нь Нийгмийн даатгалын санд сөргөөр нөлөөлнө. Яагаад гэвэл одоогийн байгаа 17 хувиас ажил олгогчийн 2 хувь, ажилтны 2 хувийг албан журмаар хувийн сангууд руу татаж авах гээд байгаа юм. Тэр сангууд хэзээ, хэнд, яаж үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь хуулин дээр тодорхой биш байна. Тиймээс сайн дурын үндсэн дээр байх нь зүйтэйг хэлэлцээд, хамт өргөн барих нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрсэн.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Энэ хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн удаа Засгийн газартай уулзсан. Зарчмын хувьд зөрүүтэй зүйл байхгүй. Бид богино хугацаанд үр дүн гаргахын тулд л дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх боломж олговол яасан юм бэ гэсэн. Нэг зэрэг таван тэтгэврийн сан ажиллах учраас босго, шаардлагыг нь өндөр тавих шаардлагатай байна. Тэгэхгүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн статустайгаар иргэдийн шимтгэлийг аваад 20, 30 жилийн дараа танд ийм хуримтлал үүснэ гэдэг байдлаар үйл ажиллагаагаа зохион байгуулж буй олон байгууллага байна. Тиймээс иргэдийг хохироохгүй байх үүднээс хуульчилж өгөхгүй бол болохгүй байгаа юм.
Өнөөдрийн ТББ байгууллагын статусаар үйл ажиллагаа явуулж байгаа тэтгэврийн сангууд энэ хуулийн дагуу бүгд шинээр тусгай зөвшөөрөлтэй болох шаардлага үүснэ. Санхүүгийн зохицуулах хороо хяналтаа тавина. Ингэж эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна.
Өнөөдөр хуулийн төсөл дэмжигдээд, мөн Засгийн газар хуулийн төслөө өргөн баривал бид ажлын хэсгийн түвшинд гол гол заалтууд дээрээ тохиролцоод, цааш нь явуулна.
Олон жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж байгаад сүүлийн хэдэн жилд нь өндөр шимтгэл төлсөн хүн, насаараа өндөр, шударгаар төлсөн хүн хоёр адил хэмжээний тэтгэвэр аваад байна. Үүнд л иргэд бухимдаад байгаа юм. Эсвэл шимтгэл нөхөн төлүүлэх хууль гаргачихдаг. Насаараа шимтгэл төлөөд байсан нь хохироод, бага эсвэл бүр төлөхгүй байсанд нь илүү боломж олдоод байна. Хувийн тэтгэвэр буюу олон тулгуурт тогтолцоо руу шилжсэнээр бидэнд нэг том давуу тал бий болно. Юу гэхээр хүн болгон хуримтлалтай болно. Тэгэхгүй бол 20-30 жилийн дараа тэтгэвэрт гарах залуучууд өнөөдөр хохироод байна. 90-ээд оны их төрөлтийн үеийнхэн 60-аад оны бага төрөлтийн үеийнхний тэтгэврийг төлж байна. Өөрөөр хэлбэл, гурван залуу хүн нэг ахмад настны тэтгэвэр төлж байна. Энэ байдал 2040 онд 1:1 болох юм билээ.
Тиймээс олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо руу шилжихийн тулд эхлээд хувийн тэтгэврийн хуулиа баталж гаргаад, дараа нь хуримтлалд суурилсан төрийн тэтгэврийн сангаа байгуулъя.
Холбоотой мэдээ