“Ковид 19” цар тахалтай холбогдуулж хуулийн биелэлтийн талаар мэдээлэл сонслоо

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

“Ковид 19” цар тахалтай холбогдуулж хуулийн биелэлтийн талаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хуралд  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан.

Тус Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын хороодын дарга нар, мөн Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл буюу Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Бейсен, “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл С.Ганбаатар, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд, бие даагч Н.Алтанхуяг нар багтсан байна.

Түр хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаан 10.00 цагт ирц бүрдсэнээр эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, мөн Хууль зүй, дотоод хэрэг, Гадаад харилцаа, Эрүүл мэнд, Зам, тээврийн хөгжил, Уул уурхай, хүнд үйлдвэр, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар нар болон холбогдох бусад байгууллагын удирдлагууд оролцов.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Цар тахлын ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын хоёрдугаар давалгаа гарсныг анхааруулж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлов.

Тэрбээр мөн 2020.11.02-ны байдлаар цар тахал дэлхийн 216 улс, газар нутгийг хамарч нийт 46 сая 860 мянгаас дээш хүн халдвар авч, 1 сая 200 мянга гаруй хүн нас барж, 33 сая 700 мянга гаруй хүн эдгэрсэн. Цар тахлын улмаас 54 улс дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоосон, 95 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагааг хязгаарласан, 91 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан. Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь хамгийн үр дүнтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон.   Сүүлийн үед халдварын шинж тэмдэггүй хүн халдвар тараах тохиолдол нэмэгдэж, хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварлаж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэлээ.

Монгол Улс дахь халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ, улс орнуудаас зөөвөрлөгдөн батлагдсан 349 тохиолдлыг илрүүлэн оношилж, 313 /90 хувь/ хүн эдгэрсэн, 36 хүн эмчлүүлж буй талаар онцоллоо. Эмчлүүлж буй хүмүүсээс 8-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна гэв. Мөн гадаад орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авчрах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулснаар хүндэтгэн үзэх 5 шалгуурт /жирэмсэн, өндөр настай, хүүхэдтэй, өвчтэй/ тэнцэх болон нэн хүнд нөхцөлд байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад эрс буурсан хэмээв.

Түүнчлэн, халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас өгсөн хандив, тусламж, түүний зарцуулалтын талаар танилцууллаа.

Үргэлжлүүлэн Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.  Улсын Их Хурлын  гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэдий хэмжээний хөрөнгийг төсвийн захирагч нарын хооронд шилжүүлж, төсвийн зориулалтаас нь өөрөөр буюу халдвартай тэмцэхэд зориулж зарцуулсан талаар, мөн халдвартай тэмцэх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн шаардлага хангаагүй хүмүүсийг томилж буй талаар тодруулж, гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн мэдээлэл ил тод болсон нь төдийлөн ойлгомжтой харагдахгүй байгаа талаар хэллээ. Дээрх асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт халдвартай тэмцэхэд зориулж 12 төрлийн багц арга хэмжээг авч  хэрэгжүүлснээс төсөвт тусаж буй ачаалал нь 2.4 их наяд төгрөг байна гээд төсөв захирагч нарын хоорондын зохицуулалтаар хүүхдийн мөнгөнд шилжүүлэг хийх зайлшгүй шаардлага үүссэн талаар хариуллаа. Мөн Ажлын хэсгээс Засгийн газрын хийгдэж буй төрийн жинхэнэ албан тушаалын томилгоо хууль зөрчөөгүй гэсэн тайлбар өглөө.

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийд 21 хоногийн тусгаарлалттай улс орон алга байна гээд тусгаарлалтын 21 хоногийг яаж тооцож гаргасан талаар, мөн хандив, тусламжаас даргалах бүрэлдэхүүн бие биенээ урамшуулж буй учир хандив, тусламжийн зарцуулалтын талаар тодрууллаа. Түүнчлэн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийн биелэлтийн талаар тодруулж, иргэд амны хаалт хэрэглэх ёстой юу, үгүй юу гэдгийг нэгмөр болгох талаар санал хэлэв. Гишүүний асуултад хариулахдаа Шадар сайд Я.Содбаатар Улсын онцгой комисст цугласан хөрөнгийн зарцуулалт ил тод нээлттэй болсон талаар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дэлхийн улс орнуудад 14 хоногоос дээш хугацаанд халдвар илэрч буй учир тусгаарлалтын 21 хоногийг мөрдөж байгаа талаар тоо баримттай танилцуулав. Тэрбээр мөн 21 хоногийн тусгаарлалт нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин,  хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун халдварыг дотооддоо алдаагүй гэдэгт итгэдэггүй хүний нэг гэсэн байр сууриа илэрхийлээд өнгөрсөн өвөл манай улсад маш хүнд ханиадны дэгдэлт үүссэн. Ханиадны шинж тэмдэг коронавируст халдварын шинж тэмдэгтэй адилхан байсан. Халдвартай нь тогтоогдож, эмчлүүлсэн Франц иргэн манай улсад ирээд олон хүнтэй уулзсан, гэтэл халдвар тархаагүй. Монгол хүмүүст ханиадны дархлаа байгаа юм биш биз гээд танин мэдэхүйн талаас хариулт хүсэв. Х.Болорчулуун гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй гэдэг нь тогтоогдсон. Өнгөрсөн оны 12, 1 дүгээр сард дэгдсэн ханиадаар өвчилсөн хүмүүсийн дунд дараа нь эсрэг бие тодорхойлох шинжилгээ хийж тандалт явуулахад эсрэг бие үүсээгүй хариу гарсан. Коронавирусыг ямар нэгэн байдлаар ханиад гэж авч үзэж болохгүй, нас баралт өндөртэй, аюултай халдвар.  Франц иргэнээс  халдвар дамжаагүй нь халдвар хамгааллын дэглэм сайн сахисантай холбоотой гэж ойлгож байгаа хэмээн хариулав.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга  М.Оюунчимэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын орлогыг хамгаалах чиглэлээр ажлын байр хадгалах, жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогын арга хэмжээ болон хил, гаалийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Дээрх асуултад Шадар сайд Я.Содбаатар аль болох бизнес эрхлэгчдээ, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгөөд, зарим улстай залгаа хилээ хаасан талаар хариулав. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээврийн жолооч нараас өдөртөө 1-2 халдвар илэрч байгаа учир эрсдэл өндөр хил, гаалийг хаасан талаар танилцуулсан бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс татварын алданги, торгуулиас нэг удаа чөлөөлөх зэрэг бодлогын арга хэмжээг авч ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Бейсен ханиад томууны дэгдэлт ихсэх цаг үе ирж буй учир илүү сайн ажиллах шаардлагатай, хүн ам олноор цугларсан арга хэмжээн дээр зай барихгүй, халдвар хамгааллын дэглэм сахихгүй байгаад анхаарах ёстой гэж саналаа хэлэв. Тэрбээр мөн халдвар хамгааллын хувцас, ариутгалын бодисны хүрэлцээ хангамж, халдвартай хүмүүстэй шууд харьцаж байгаа төрийн албан хаагчдад олгох хүнд, хортой нөхцөлийн хөлс, урамшуулал, вакцин гарсан тохиолдолд худалдаж авах гэрээ хэлцэл хийж буй эсэхийг тодрууллаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан халдвар хамгааллын нэг удаагийн хувцас хэрэглэл, ариутгалын бодисын нөөц хангалттай байгаа гээд хил, гааль дээр ажиллаж буй нийт албан хаагчдад илүү цагийн хөлс, урамшууллыг олгох ёстой хэмжээгээр нь олгож байна, голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад 5 сая төгрөгийн урамшуулал олгосон,  өнөөдрийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авсан, үйлдвэрлэсэн вакцин байхгүй учир худалдан авах гэрээ хэлцэл хийгдээгүй гэж хариулсан бол Шадар сайд Я.Содбаатар хүнд, хортой нөхцөлд, голомтод ажиллаж, өвчтэй хүнтэй шууд харьцаж байгаа албан хаагчдад цалин нэмэгдүүлэх, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, орон сууцанд хамруулах зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар хариулав.

Улсын Их Хурлын гишүүн,  “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд халдварыг дотооддоо алдсан тохиолдолд ажиллах нөөц төлөвлөгөө байгаа эсэхийг болон вакцин гарчихвал худалдан авах эх үүсвэр, хөрөнгийн талаар тодруулав. Энэ асуултад Шадар сайд Я.Содбаатар нөөц төлөвлөгөө байгаа. Халдвартай тэмцэх стратеги төлөвлөгөөг ч баталсан. Манай улсыг нөхцөл байдлыг зөв үнэлж, төлөвлөж буй талаар олон улсын хурал цуглаануудад тэргүүн туршлага болгон ярьж байна. Халдварыг дотооддоо алдвал хэчнээн ор дэлгэх, хэчнээн эмч, ажилтан ажиллах, аль бүс нутагт гарвал хэрхэн ажиллах гээд бэлэн байдлыг хангасан. Хүн амын нэг хувьд тархвал хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө ч баталж, практик дээр шалгасан сан гэж хариулав. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан вакцин гарвал худалдан авахад зориулж 50 сая ам.долларын санхүүжилт Сангийн яаман дээр яригдаад, шийдэгдэж буй учир вакцин гарлаа гэхэд богино хугацаанд авч, иргэдээ хамруулах төлөвлөгөө гарсан талаар,   Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт вакцин худалдаж авах орнуудын дөрөвдүгээрт манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгсөн учир вакцин гарахад харьцангуй хурдан асуудлаа шийдээд явах боломжтой талаар хариулт өглөө.

Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт аван, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаан даргалагчийн зүгээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг Түр хороогоор тогтмол хэлэлцэж байх болно гэдгийг тодотгож хэлснээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж